Технологийн хөгжлийн хэрээр хиймэл оюун хүмүүсийн амьдралын нэг хэсэг болоход ойртсоор байна. Бүхий л шинэ технологиуд хөгжил, шинэчлэл авчрахын зэрэгцээ сөрөг талуудыг ч дагуулж байдаг. Өнөөдөр дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд хиймэл оюуныг сэтгүүл зүйн өдөр тутмын үйл ажиллагаандаа өргөнөөр ашиглаж эхэлжээ. “The New York Times” сонины нийтлэлч Бенжамин Муллин болон Кэти Робертсон нарын сэтгүүл зүйн салбар дахь хиймэл оюуны нөлөөллийг шинжилсэн нийтлэлийг уншигчдадаа бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
***
Калифорни мужийн “CalMatters” сайтын сэтгүүлч Райан Сабалоу 2023 онд хууль тогтоогчдыг сурвалжилж байхдаа нэгэн сонирхолтой зүйл ажиглажээ. Улс төрчид зарим хуулийн төсөлд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж, уриа лоозон дэвшүүлдэг ч санал хураалтын үед дуугаа хурааж, санал өгөхөөс зайлсхийдэг байжээ. Тэрээр энэ “чимээгүй эсэргүүцэл” хэр түгээмэл үзэгдэл болохыг, бас энэ нь Калифорнийн хууль тогтоох үйл явцад хэрхэн нөлөөлдөгийг мэдэхийг хүсжээ. Өмнө нь ийм асуултын хариу, шийдлийг олохын тулд архивын баримт бичгүүдийг нэг бүрчлэн ухаж шинжлэх, эсвэл тоо статистик бүхий баримтуудыг хэд хоногийн турш судлах шаардлагатай байв. Харин одоо хиймэл оюунд л хандахад хангалттай болсон.

Сабалоу болон түүний хамт олон энэ ажилдаа “Digital Democracy” хэмээх хиймэл оюуныг ашиглажээ. Энэ хиймэл оюуны загвар нь Калифорнийн хууль тогтоох байгууллагын хурал, зөвлөгөөнүүдэд улс төрчдийн хэлсэн үг, өгсөн санал, хандив бүрийг бүртгэдэг. Хиймэл оюуны тусламжтай цуглуулсан баримтаараа нийтлэл, нэвтрүүлэг хийж, улмаар CBS телевизийн Эмми шагнал хүртсэн юм. Тэд уг контентоороо хууль тогтоогчид санал өгөхгүй хүлцэх аргаар олон нийтийн дэмжлэгтэй фентанилын хуулийг унагаасан баримтыг ил болгосон. “Энэ мэдээллийн сан бүхий хиймэл оюун байгаагүй бол би ийм нийтлэл бичиж чадахгүй байсан” хэмээн Сабалоу ярьжээ.
Сэтгүүл зүй дахь хиймэл оюуны эрин
Хиймэл оюун өнөөдөр дэлхий даяар буй редакцуудын ажиллах арга барилыг бүхэлд нь өөрчилж байна. Мэдээлэл шүүж боловсруулах, эх сурвалж олох, гарчиг санаачлах зэрэг сэтгүүлчдийн өдөр тутамдаа хийж дадсан ажлыг одоо хиймэл оюуны хэрэгслүүд хэдхэн секундын дотор гүйцэтгэх болжээ. “Fortune”, “Business Insider” зэрэг хэвлэлүүд нийтлэл бичихдээ хиймэл оюуныг туршиж эхэлсэн бөгөөд уншигчдадаа “ноорог бичвэрт хиймэл оюун ашигласан” хэмээн ил тод мэдээлдэг. Ихэнх редакцууд хиймэл оюунаар бичүүлсэн нийтлэл, контентийг заавал хэн нэгнээр шалгуулах, баримт эшлэлийг баталгаажуулах дүрэмтэй байдаг. Гэхдээ энэ туршилт алдаа мадаггүй байсангүй. Bloomberg, Wired, Business Insider зэрэг алдартай хэвлэлүүдийн хиймэл оюунаар бичүүлсэн нийтлэлүүдэд буруу эшлэл, алдаатай баримт агуулсан тохиолдлууд ч бий. Энэ бүхний эцэст олон сэтгүүлчийн бодолд “Хиймэл оюун биднийг орлох уу, хэрэв булаавал яг аль ажлыг маань булаах бол” гэсэн эргэлзээ үлдэж байна.

Эрсдэл дагуулсан хүчирхэг туслагч
“Ройтерс” агентлагийн ерөнхий редактор асан, Нью Йоркийн Их Сургуулийн “Сэтгүүл зүй ба ёс зүйн санаачилга” хөтөлбөрийн удирдагч Стивен Адлер “Хиймэл оюун бол сэтгүүлчдэд зориулсан ер бусын хэрэгсэл. Томоохон өгөгдөл, баримтыг эмхэтгэж, үг үсгийн болон логикийн алдааг илрүүлэх чадвартай. Гэхдээ шинэ технологи бүрийн адил эрсдэл дагуулдаг” гэжээ. Хэвлэл мэдээллийн салбарт бол эрсдэл өндөртэй салбар. Өнгөрсөн хэдэн арван жилд хэвлэл мэдээллийн байгууллагууд тенхнологийн шинэчлэлд бэлэн бус байснаасаа болж зар сурталчилгаа, мэдээллийн урсгалаа интернэтэд алдсан гашуун түүхтэй. Тиймээс одоо хиймэл оюуны хувьсгалд дахин “хожигдож”, өмнөх алдаагаа давтахгүйн тулд хэвлэлүүд эртнээс болгоомжилж байна. Тэд технологийн компаниудыг өөрсдийн нийтлэл, контентуудыг хиймэл оюуны загвараа сургах өгөгдөл болгон ашигласан нөхөн төлбөрөө төлөхийг шаардсаар байгаа. “The New York Times” компани OpenAI болон Microsoft-ийг зохиогчийн эрх зөрчсөн хэмээн шүүхэд өгч, харин Amazon-тай хиймэл оюуны лицензийн гэрээ байгуулсан нь ч үүний нэг илрэл.

Редакцууд дахь туршилтууд
Сэтгүүлчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд хиймэл оюун ашиглахыг дэмждэг хэсэг ч бас бий. Энэ технологи мэдээлэл баримт цуглуулахдаа гаргууд, найруулан засварлах, уншигчдын анхаарлыг татах сонирхолтой хэв загварт эх бичвэрийг хөрвүүлэх зэрэг олон чадвартай, хүчирхэг хэрэгсэлд тооцогдож байна. Тиймээс редакцууд хиймэл оюуны энэ чадваруудыг бүрэн дүүрэн ашиглахыг эрмэлзэх болжээ. Жишээ нь, АНУ-ын USA Today компанийн харъяа Их Британи дахь “Newsquest” сонины сүлжээ 30 гаруй сэтгүүлчийг хиймэл оюунд суурилсан арга, хэрэгслээр ажиллуулж, илүү судалгаатай мэдээ нийтлэл бичих дадалд суралцуулж байна. Харин Берлинд төвтэй “Business Insider”, “Politico” сайтуудын эзэмшигч “Axel Springer” компани саяхан хиймэл оюун ашиглан интерактив аяллын төлөвлөгч бүтээжээ. “Time” сэтгүүл 2024 оны онцлох хүнээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг онцлохдоо хиймэл оюунд суурилсан чатбот ашигласан бол “The New York Times” тусгайлан хиймэл оюунд туршилт хийж, сэтгүүл зүйн ажилд зориулагдсан хиймэл оюуны хэрэглүүр, загвар хөгжүүлэх багтай болсон байна.
Хиймэл оюун үнэхээр цаг хэмнэж байна
“Associated Press” (AP) 2024 онд хиймэл оюун ашиглан, Жон Кеннеди, Мартин Лютер Кинг, Роберт Кеннеди нарын аллагын хэргүүдтэй холбоотой арван мянга гаруй хуудас баримтад дүн шинжилгээ хийж, боловсруулжээ. Хиймэл оюуны тусламжтайгаар баримт, материалуудыг хайлт хийж болох хэлбэр загварт оруулж, цэгцэлсэн байна. Тус байгууллагын хиймэл оюуны хэлтэс хариуцсан захирал Трой Тибодо “Хиймэл оюун сэтгүүлчдийн олон өдрийн ажлыг хөнгөвчилж байна” хэмээн онцложээ.

Ёс зүй VS Хиймэл оюун
Хиймэл оюун ажлыг нь хөнгөвчилж буйд олзуурхах сэтгүүлчид цөөнгүй ч үүнийг эсэргүүцэх тохиолдлууд ч бас гарсаар. Энэ онд “The Washingtom Post” сонины нэгэн инженер тус сонины хөгжүүлж байсан интернэт дэх нийтлэлүүдийг нэгтгэн хураангуйлах хиймэл оюуны загвар нь зохиогчийн эрх зөрчих эрсдэлтэй гэж үзэн, эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. “The Washington Post”-ын технологийн үйл ажиллагаа хариуцсан захирал Винит Косла дээрх эсэргүүцлийг няцаасан тул, тэр инженер хиймэл оюуныг ёс зүйгүй ашиглаж болзошгүй хэмээн ажлаасаа гарсан тохиолдол бий.

Харин “Bloomberg”-ийн хувьд хиймэл оюуны тусламжтайгаар мэдээний хураангуй том гаргах туршилт нь олон арван залруулга хийхэд хүргэжээ. Жишээлбэл, энэ оны наймдугаар сарын 1-нд нийтлэгдсэн “Швейцарийн ерөнхийлөгчийн Трампын тарифын бодлогод хандсан хариу” нийтлэлд “Хиймэл оюун мэдээг хураангуйлахдаа илүүдэл хэмжээг алдагдал гэж буруу тайлбарласан тул устгав” хэмээн тэмдэглэсэн байжээ. Мөн есдүгээр сарын 22-нд гарсан хувийн хөрөнгийн сангийн тухай нийтлэлд хуурамч эшлэл оруулсан тул хураангуйг бүрэн устгасан байна. Гэхдээ “Bloomberg” тус редакцийн хиймэл оюуны хэрэглээний 99 хувь нь сэтгүүл зүйн стандартад нийцсэн гэж мэдэгджээ.
Хиймэл оюун сэтгүүлчдийг орлох уу?
Хиймэл оюун сэтгүүл зүйн салбарт бүрэн нэвчээгүй ч ёс зүйн болон мэргэжлийн асуудлууд маргаантай хэвээр байна. Хиймэл оюунд хамгийн их санаа зовниж буй хүмүүс бол сэтгүүлчид өөрсдөө юм. Сэтгүүлчдийн нэгдсэн эвсэл, үйлдвэрчний эвлэлүүд ч байр сууриа илэрхийлж эхлэлээ. “The News Guild” сэтгүүлчдийн нэгдсэн байгууллага хиймэл оюуны хэрэглээтэй холбоотой 48 хамтын гэрээ байгуулсан бөгөөд “хууль эрх зүйн зохицуулалт байхгүй үед бид өөрсдийгөө, салбараа гэрээгээр хамгаалах ёстой” гэж мэдэгджээ.

Хиймэл оюун редакцуудад хүч түрэн орж ирлээ. Зарим нь үүнийг сэтгүүл зүйн шинэ хувьсгал гэж харж, сайшааж байгаа бол нөгөө хэсэг нь сэтгүүл зүйн мөн чанарт заналхийлж буй технологи хэмээн эмээж байна. Гэвч нэг л зүйл тодорхой. Энэ технологи сэтгүүлчдийн ажиллах арга барилыг аль хэдийн өөрчилж эхэлжээ.

