UBLife Logo
Дэлхий
Дональд Трамп Нью Йорк хотын шинэ удирдагчтай анхны уулзалтаа товлолоо

Дональд Трамп Нью Йорк хотын шинэ удирдагчтай анхны уулзалтаа товлолоо

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх баасан гарагт Нью Йорк хотын шинэ удирдагч Зохран Мамданитай уулзахаар товлолоо. Тэд Цагаан ордонд уулзах бөгөөд энэхүү уулзалтын үр дүн, талуудын харилцаа хэрхэх нь АНУ-ын хамгийн том хотын ирээдүйд өндөр нөлөөтэй байх магадлалтай гэж улс төр судлаачид үзэж байна. 

Дональд Трамп Нью Йорк хотын сонгуульд Зохран Мамданигийн гол өрсөлдөгч, хуучин амбан захирагч Эндрю Куомод ил тод дэмжлэг үзүүлсэн. Өнгөрсөн саруудад Дональд Трамп түүнийг “коммунист” хэмээн цоллож, хэрвээ удирдагчаар сонгогдвол Нью Йоркийн ирээдүйд халтай гэж тодорхойлж ирсэн билээ. Эл уулзалтыг Зохран Момдани санаачилсан.

Пүрэв гарагт Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт “Коммунист гэгддэг удирдагч Цагаан ордонд ирэх нь олон зүйлийг илтгэж байна. Дональд Трамп Америкийн сайн сайхны төлөө л гэж үзсэн бол аль ч муж, аль ч хотын, хэнтэй ч уулзахад бэлэн байдгийг энэ уулзалт харуулна” гэж мэдэгджээ. Харин Зохран Мамдани Манхэттэнд болсон хэвлэлийн хурлын үеэр удахгүй болох уулзалтыг “жирийн” хэмээн тодорхойлж, зөрчил хурцдахаас болгоомжилсон өнгө аястай мэдэгдэл хийсэн юм. Тэрээр энэ уулзалтаар дамжуулж түрээсийн үнийн өсөлт, нийтийн тээврийн үнэ, тог цахилгааны үйлчилгээ, хүүхэд өсгөх зардал зэрэг Нью Йорк хотын иргэдийн амьдралд бодитоор нөлөөлж буй асуудлуудыг хэлэлцэх зорилготой байгаа ажээ. Хэвлэлийн хурлын үеэр хийсэн мэдэгдэлдээ эдгээр асуудлууд олон жилийн турш хотын иргэдийн амьдралд дарамт, бэрхшээл үүсгэж ирснийг онцолсон юм. 

“Нью Йоркийн арван мянга орчим сонгогчийн хувьд энэ уулзалт үзэл бодлоороо эрс ялгаатай хоёр хүний уулзалт мэт харагдавч, тэднийг ижил шалтгаанаар л сонгосон. Ажилчин ангийнхныг хотод амьдрах боломжгүй болтол нь хүнд байдалд оруулж буй амьжиргааны өртгийн хямралыг шийдэхээр тэмцэж чадах удирдагчийг л сонгогчид хүссэн” 

-Зохран Мамдани

2016 онд Трамптай уулзаж байсан Нью Йоркийн удирдагч асан Билл де Блазио “Трамп нэг бол дэндүү элгэмсүү, эсвэл маш бүдүүлэг байж чадна. Эсвэл нэгэн зэрэг эелдэг бас бүдүүлэг ч байж болох. Трамптай уулзахдаа гол нь өөрийгөө барьж, зорилгоосоо хазайж л болохгүй” гэжээ. Трамп болон Мамдани нарыг хоёуланг нь мэддэг зарим хүмүүс Трамп Мамданигийн эелдэг, зөөлөн байдалд тодорхой хэмжээнд татагдан, зөөлөрч магадгүй гэж үзэж байна. Учир нь Мамдани улс төрийн эсрэг үзэл баримтлалтай, хүчирхэг улс төрчдийг ч хүлцэнгүй сонсож, ойлголцож чаддаг зөөлөн ааш аягаараа алдартай. 

Уулзалт болох Цагаан ордны Овал танхимд хэвлэлийнхнийг нэвтрүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Энэ уулзалт бодит шийдэлд хүрэх, бодлого тодорхойлох хэмжээний уулзалт болох уу, эсвэл улс төрийн байр сууриа харилцан илэрхийлээд зогсох уу гэдэг хүлээлттэй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.