UBLife Logo
Технологи

Малайзад 16-аас доош насны хүүхдүүдийн сошиал хэрэглээг хориглохоор шийдэв

Ub.life
Ub.life
Малайзад 16-аас доош насны хүүхдүүдийн сошиал хэрэглээг хориглохоор шийдэв

Малайз улс ирэх оноос эхлэн 16-аас доош насны хүүхдүүдийн олон нийтийн сүлжээний хэрэглээг хориглохоор болоод байна. Хүүхдийн аюулгүй байдалтай холбоотойгоор дэлхийн улс, орнуудад ийм шийдвэр гаргаж эхэлсэн бөгөөд үүний үр дүнг судлаач, бодлого тодорхойлогчид анхааралтай ажиглаж байгаа юм.

Малайзын Харилцаа холбооны сайдын мэдэгдсэнээр тэд Австралиас эхэлсэн эл шийдвэрийн үр нөлөөг харгалзсан бөгөөд цахим дээрэлхэл, санхүүгийн луйвар, хүүхдийн бэлгийн хүчирхийлэл зэрэг цахим хэрэглээг дагалдан гарч буй сөрөг үр дагавраас сэргийлэхэд анхаарч байгаа гэв.

Олон нийтийн сүлжээ платформуудын хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд үзүүлэх нөлөө нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Жишээ нь, TikTok, Snapchat, Facebook, Instagram зэрэг өргөн хэрэглээний апп хөгжүүлэгчид хэрэглэгчдийн сэтгэл зүйн хямралыг улам өдөөдөг эсэх талаар АНУ-д хууль, хяналтын байгууллагын шалгалттай нүүр тулаад байгаа. Мөн Австралид 16-аас доош насныхны хаяг, бүртгэлийг идэвхгүй болгоход бэлэн болоод байгаа аж.

Цаашлаад Франц, Испани, Итали, Дани, Грек улсад нас баталгаажуулах хатуу зохицуулалтыг мөрдөж эхлээд байна. Харин Индонезид олон нийтийн сүлжээ хэрэглэгчийн насны доод хязгаарыг тогтоохоор төлөвлөж байсан ч үүний оронд платформууд дээрх сөрөг контентыг шүүх, нас баталгаажуулах илүү хатуу арга хэмжээ авах журам гаргаад байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.