Монголын блокчэйн, крипто салбарын хамгийн том цугларалт “Ulaanbaatar Blockchain Week’’ энэ долоо хоногт зохион байгуулагдаж байгаа билээ. Энэхүү арга хэмжээ нь Монголд блокчейн болон web3 технологийн мэдлэгийг түгээх, оюутан, залуучууд, бизнес эрхлэгчдийг нэгтгэн туршлага солилцуулах, салбарын үндсэн экосистемийг бүрдүүлэх зорилготой юм.
Тус арга хэмжээний зохион байгуулагчдын нэг Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн багш, “ТэнГэр” телевизийн эдийн засгийн шинжээч Ц.Номин-Эрдэнэтэй блокчейн салбарын өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйн талаар сонирхолтой яриа өрнүүлснийг уншигчдадаа хүргэж байна.
-Сүүлийн үед дэлхий даяар блокчэйн болон криптогийн үнэ өсч, эрэлт нэмэгдэж буй нь ямар суурь хүчин зүйлстэй холбоотой вэ?
-Блокчэйн систем нь маш сонирхолтой технологи. Энгийнээр тайлбарлавал, дэлхийн өнцөг булан бүрд буй крипто олборлох компьютерүүд зэрэг олон төхөөрөмж нэг мэдээллийг нэг дор биш, харин хэсэгчлэн, өөр өөр газарт зэрэг кодчилж хадгалдаг. Өмнөх үеийн системд нэг л сервер бүх мэдээллийг дангаараа боловсруулдаг байсан бол блокчэйнд нэг өгөгдөл олон мянган цэг дээр зэрэг хадгалагддаг учраас хакердах, өөрчлөх боломж бараг үгүй болдог. Тиймээс мэдээллийн аюулгүй байдал, хараат бус байдал маш өндөр. Хэн ч нөлөөлөх боломжгүй, төвлөрсөн бус энэ системийг хүн төрөлхтөн янз бүрийн хэлбэрээр ашиглах сонирхолтой байна. Тэр дундаа төлбөрийн хэрэгсэл дээр нэвтрүүлэх боломжийг хамгийн их ярьж байгаа. Энэ чиглэлийн анхны том төсөл бол бидний сайн мэдэх биткойн. Блокчэйн болон крипто ерөөсөө л энэ төлбөрийн системийн шинэ хувилбар болж гарч ирснээрээ илүү хөгжиж байна.
Өнөөдөр бид хоёр хоорондоо мөнгө шилжүүлэхэд тухайн улсын фиат мөнгөний системийг /төв банкны баталгаатай төгрөг, доллар зэрэг албан ёсны мөнгө/ ашигладаг. Энэ системд заавал гуравдагч этгээд буюу банк, төрийн байгууллага оролцдог. Харин блокчэйн дээр гуравдагч этгээд шаардлагагүй. Хоёр тал хоорондоо шууд шилжүүлэг хийдэг учраас илүү хурдан, илүү хямд бөгөөд байршлаас үл хамаарах давуу талтай. Жишээ нь банкин дээр 50–200 төгрөгийн шимтгэлтэй хийгдэх шилжүүлэг блокчэйн дээр түүний 0.0001-тэй тэнцэх хэмжээний бага шимтгэлээр хийгддэг.

Монгол Улсын хувьд ч энэ чиглэлээр анхны алхмуудаа хийж эхэлж байгаад судлаач хүний хувьд их олзуурхаж байгаа. Төв банк саяхан өөрсдийн мөнгөний бодлого дээр “үнэ тогтвортой дижитал мөнгө” буюу стэйбл койны ойлголтыг нэвтрүүлсэн. Дэлхий даяар хоёр том ойлголт бий:
Төв банк өөрөө гаргадаг CBDC буюу төв банкны дижитал мөнгө,
Хувийн хэвшил гаргаж, төр хянадаг стэйбл койн.
Монгол улс хоёр дахь хувилбарт нь түлхүү чиглэж байгаа нь ажиглагддаг. Өөрөөр хэлбэл, төр өөрөө дижитал төгрөг гаргахгүй, харин хувийн хэвшлээс гаргасан үнэ тогтвортой дижитал мөнгийг зохицуулж хянах зарчмаар ажиллаж магадгүй. Ийм систем нэвтэрвэл төлбөр тооцоо хийх улам хялбар болно. Европ, Америк, Монгол гээд хаана ч байсан, секундийн дотор бага шимтгэлтэй, гуравдагч этгээдийн шаардлагагүй шилжүүлэг хийх боломж бүрдэнэ. Харин төвлөрсөн дижитал мөнгө буюу CBDC-гийн сул тал нь бүх гүйлгээ төв банканд харагдах боломжтой болдог. Энэ нь хүмүүсийг орлого, байршлаар нь ангилах, хэт хяналттай систем рүү оруулах эрсдэл бий. Тиймээс ардчилсан орнуудын ихэнх нь үүнд анхааралтай хандаж байгаа. Монгол ч гэсэн стэйбл койнтой илүү ойр хувилбарыг судалж байгаа нь зөв чиглэл болов уу.
Мөнгөний түүхийг санавал хүн төрөлхтөн төлбөрийн хэрэгслээ үе шаттай сайжруулж ирсэн. Хясаа, үр тариа, зоосон мөнгө, цаасан мөнгө, карт, одоо дижитал хэлбэр гээд байнга шинэчилсээр ирсэн. Тиймээс фиат системээс дараагийн шат руу шилжих нь цаг хугацааны асуудал гэж харж болно. Сүүлийн 10 жилд технологийн компаниуд энэ тал дээр эрчимтэй шилжилт хийж байна. Хонг Конг, Японд 2025 оноос стэйбл койны хуулиа баталж, амьдралд нэвтрүүлэх гэж байна. Манай улс ч 2026 оноос туршилтууд хийхээр төлөвлөсөн. Дүгнэж хэлэхэд дэлхий нийт блокчэйнд суурилсан төлбөрийн хэрэгсэл рүү аажмаар шилжиж байна. Улс орнууд гуравдагч этгээдийн оролцоог багасгаж, хурдан, хямд, илүү нээлттэй систем эрэлхийлж байгаа нь энэ өөрчлөлтийн гол шалтгаан гэж харж байгаа.
-Бид яагаад блокчэйн технологид анхаарлаа хандуулах хэрэгтэй вэ? Энэ технологийн өсөлт, эрэлтийг дагаад залуучуудад ямар боломж нээгдэж байгаа вэ?
-Энэ технологийн хүн төрөлхтөнд өгсөн амлалт нь ердөө “хуурахгүй байх” юм. Ер нь бол блокчэйн өөрөө үнэнээс өөр зүйл нэвтрэх боломжгүй бүтцээр ажилладаг учраас хүмүүс улам илүү итгэлтэй болж, илүү ил тод, үнэн орчин руу тэмүүлж байна. Технологи энэ амлалтаа ч биелүүлчихсэн. Гуравдагч этгээдийн оролцоо шаардлагагүйгээр асуудлыг шийдэх боломжтой болсон гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч эхэлсэн гэсэн үг. Нэг талаас технологи нь бэлэн болчихсон ч нөгөө талаас хүмүүс технологийг ойлгож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байгаа. Бидний ярьж хэвшсэн төлбөрийн хэрэгсэл гэдэг ойлголт бол блокчэйнийг ашиглаж хэвшүүлэх боломжтой олон салбарын зөвхөн нэг нь. Цаашлаад маш олон салбарт блокчэйн нэвтрэх боломжтой. Энгийн жишээгээр тайлбарлавал, хоёр хүн гэрээ хийхийн тулд нотариатаар батлуулдаг шүү дээ. Хоёр хүн дундын гэрээ хэлэлцээрийг гуравдагч этгээд баталгаажуулаад байна гэсэн үг. Харин блокчэйний хувьд хэн нэгэн гуравдагч этгээд заавал тамга дарахгүйгээр энэ гэрээ, амлалт үнэн гэдгийг батладаг систем гэдгээрээ онцлог. Иймэрхүү байдлаар маш олон зүйл дээр бид асар их цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэх боломжийг блокчэйн олгох юм. Ялангуяа баталгаажуулалт шаарддаг бүх систем олон шат дамжлагагүй, илүү шударга болно. Эстон улс сонгуулийн санал өгөх цахим системийг блокчэйнд суурилан хийх болсон шүү дээ. Улс орнууд блокчэйн рүү чиглэж эхэлсэн нь энэ технологи үнэхээр бодит шийдлийг бий болгож байгаатай холбоотой.

-Хиймэл оюун болон блокчэйний нийлмэл бүхий шинэ тренд крипто зах зээлд сүүлийн үед газар авч байна. Энэ нь үнэхээр технологийн өсөлтөд үндэслэн бий болж буй зүйл үү эсвэл зах зээлд үүсэж буй ээлжит “халуурал” уу?
-Технологийн хөгжлийн хэрээр зах зээлд “халуурал” үүсэж байгаа хэдий ч тэр чинээгээрээ технологи хүн төрөлхтөнд өгөх ёстой зүйлээ өгч байгаа нь үнэн. Өмнөх үеийн түүхийг сөхвөл, 2000-аад оны үед дэлхий нийт интернэттэй дөнгөж танилцаж байх үед “dot-com bubble” гэх зүйл үүссэн. Хүмүүс хаана “интернэт”, “IP”, “сүлжээ” гэсэн нэр орсон байна, тэнд л үнэ цэн бий гэж итгэж байсан. Учир нь интернэт гэдэг зүйл анх удаа хүний санаанд ч багтахааргүй байсан олон боломжийг нээсэн. Өмнө нь заавал номын санд хэдэн арван хуудас эргүүлж байж олдог мэдээллээ нэг хайлтаар олох, цаг хугацаа, орон зайд хязгаарлагдахгүйгээр хоорондоо холбогдох зэрэг тоочоод барамгүй олон боломжийг өгсөн. Үүнтэй зэрэгцээд үнэхээр технологи, интернэтийн нөөц юу ч байхгүй атлаа интернэт гэсэн нэршилтэй асар олон компаниуд нээгдэж, зах зээлийн үнэлгээ нь ч өссөн хэдий ч эцэстээ тэр хөөс хагарч олон компани дампуурсан. Гэхдээ үүний дараа Google, Microsoft, Amazon зэрэг технологийн суурь тоглогчид үлдсэн.
Өнөөгийн хиймэл оюуны өсөлтийн үе зарим талаар сая дурдсан интернэтийн өсөлттэй адил. Маш хурдтай явагдаж буй тенхологийн өөрчлөлтийн нөлөөгөөр зах зээлийн хүлээлт богино хугацаанд хэт өсөх тохиолдол бий. Харин хамгийн том ялгаа нь 20 жилийн өмнөх шиг зөвхөн нэршил, лоозон өндөр үнэлгээг тодорхойлох үе дууссан. Өдгөө хиймэл оюуныг үнэхээр хөгжүүлж, дэд бүтцийг нь барьж байгаа компаниуд л өсөлтийн гол түүчээ болж байна. Жишээлбэл, Nvidia бол хиймэл оюуны хөгжүүлэлтэд шаардлагатай график процессор, тооцооллын дэд бүтцийг хангаж байгаа учраас үнэлгээ нь өсөж байгаа. Microsoft, Google, Meta зэрэг компанийн хувьд өөр өөр чиглэлд ажиллаж байсан мөртлөө бүгд хиймэл оюун ухааны хөгжүүлэлт рүү төвлөрч, бүтээгдэхүүнээ сайжруулж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна. Урьд нь тус тусын салбартаа программ хангамж, хайлтын систем, онлайн худалдаа гээд салангид чиглэлтэй байсан бол одоо бүгд хэн сайн хиймэл оюун хөгжүүлэх вэ гэсэн уралдаанд нэгдсэн гэж хэлж болно. Тэд хиймэл оюуны цөм технологи, алгоритм, дата төвийн дэд бүтцийг бодитоор барьж байгуулж байгаа учраас энэ өсөлт илүү суурьтай харагддаг.

Тиймээс өнөөгийн нөхцөл байдалд технологийн өсөлт ба зах зээлийн “халуурал” хоёул зэрэгцэн оршиж байгаа ч 2000 оных шиг хоосон нэршилд тулгуурласан өсөлт биш. Илүү бодит дэд бүтэц, илүү тодорхой технологийн шийдлүүд дээр үндэслэсэн хөдөлгөөн явагдаж байна гэж хувьдаа үзэж байна.
-Монгол улс блокчейн, web3 зэрэг технологиудтай анхлан танилцаж эхэлж байна. Шинэ технологи олон боломжийг нээхийн сацуу тодорхой хэмжээний эрсдлийг ч дагуулдаг тул бид юуг анхаарах ёстой вэ?
-Манай нөхцөлд блокчэйн, крипто болон стэйбл койны ойлголтууд харьцангуй шинэлэг, дөнгөж танигдаж эхэлж байгаа. Эдгээр технологийг зөвхөн ойлгож мэдэх, хэрэглэж сурахаас гадна ямар асуудлыг шийдэх гэж байгаагаа тодорхойлох нь чухал. Үүний нэг гол давуу тал нь хөндлөнгийн оролцоогүйгээр зардал, цаг хугацааг хэмнэх боломж юм. Эхлээд блокчэйн технологийг сайн ойлгож, үндсэн зарчмуудыг мэдэж авах нь чухал. Дараа нь энэхүү систем дээр ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлж болох вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Урьд нь Монгол Улс дэлхийн чиг хандлага, шинэ технологиос дандаа хоцордог гэсэн ойлголт түгээмэл байсан бол блокчэйн технологи дээр бид зэрэгцээд явж байгаа нь сайшаалтай. Саяхан буюу энэ оны 7 дугаар сарын 18-нд АНУ-д батлагдсан GENIUS Act (Guiding and Establishing National Innovation for U.S. Stablecoins Act) нь төв банкны дижитал доллар гаргахгүй ч, компаниуд стэйбл койн гаргаад тэр койноороо улсын болон хувийн төслүүд рүү хөрөнгө оруулалт хийх боломжийг хуульчлан зохицуулсан. Энэ нь гадаадын зах зээлд өндөр зохицуулалттай, найдвартай хөрөнгө оруулалтын боломжийг бий болгож байгаа бөгөөд Монголд ижил төстэй зохицуулалт бий болгох боломжтойг ч харуулж байна. Жишээ нь, Монголд дотоодын бондын зах зээлийг дэмжиж, цахилгаан станц, дулааны эрчим хүч зэрэг дэд бүтцийн төслүүдэд дотоодын хөрөнгө оруулагчдаар дамжуулан санхүүжилт босгох боломжтой. Ингэснээр гаднаас валют оруулж ирэх шаардлагагүйгээр дотоодын эх үүсвэрээс дэд бүтцээ хөгжүүлж, ашигтай ажиллуулснаар хөрөнгө оруулагчдад өгөөжөө буцаан өгөх боломжтой. Харин олон улсын зах зээлээс бонд босгож, доллароор хөрөнгө татахад ханшийн зөрүү, өндөр хүү зэрэг эрсдэл үүсдэг. Тиймээс дотоодын эх үүсвэрийг ашиглах нь илүү тогтвортой шийдэл болж чадна.

-Ulaanbaatar Blockchain Week-ийн гол зорилго, санааг танилцуулаач. Монголд энэ салбарын арга хэмжээг зохион байгуулах болсон нь ямар хэрэгцээ шаардлагад тулгуурласан бэ?
-Сүүлийн тав хүрэхтэй үгүйтэй жилийн хугацаанд монголчууд крипто болон блокчэйн технологитой танилцаж эхэлсэн бөгөөд энэ үед олон тооны төслүүд гарч, хуулийн зохицуулалтгүй байсан учир хэрэгжүүлэх эрх мэдэл болон мэдээллийн хүртээмж харьцангуй сул байлаа. Үүнээс үүдэн хөрөнгө оруулагчдын дунд айдас үүсч, салбарын хөгжил тодорхой хэмжээнд саатсан. Ийм нөхцөлд Монголд блокчэйн болон web3 технологийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, шинэ боломжуудыг харуулах, туршлага солилцох шаардлага бий болсон нь Ulaanbaatar Blockchain Week арга хэмжээг зохион байгуулах гол сэдэл болсон юм. Бидний зорилго бол олон нийтийг энэ технологиудтай танилцуулах, бизнесийн салбарын амжилттай залуучуудыг холбож, тэдний бүтээж буй шинэ бүтээгдэхүүн, хөгжүүлж буй төслүүдийг олон нийтэд таниулахад чиглэдэг. Түүнчлэн оюутан, залуучууд, технологийг хөгжүүлэгчид болон шийдвэр гаргагчдыг нэгтгэн салбарын эко системийг бүрдүүлэх, технологийг зөв ойлгох, бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлд туршлага солилцох боломжийг олгодог.

ШУТИС, МУИС, СЭЗИС хамтран эрдэм шинжилгээний хурлууд, хакатон, интерактив тэмцээнүүдийг зохион байгуулж, залуучуудыг блокчэйн систем дээр шинээр бүтээгдэхүүн гаргах, асуудлыг шийдэх, урамших боломжийг олгож байна. Ингэснээр Монголд блокчэйн болон web3 салбарын үндсэн суурь системийг хөгжүүлж, олон нийтийг идэвхтэй оролцуулах, салбарын амжилттай туршлагыг танилцуулах боломж бүрдэж байна. Түүнчлэн зөвхөн залуучуудыг идэвхтэй оролцуулахад зогсохгүй, салбарын гол тоглогчид, төсөл хэрэгжүүлэгчид, технологийг хөгжүүлэгчид, шийдвэр гаргагчдыг нэгтгэн Монголд блокчэйн болон web3 салбарын экосистемийг бүрдүүлэхэд чиглэж байна. Энэ нь Азийн бусад орнуудын туршлагыг нутагшуулах, Монгол дахь боломжуудыг харуулах, амжилттай туршлагыг бусдад танилцуулах зорилготой бөгөөд салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах чухал алхам болж байна.

Монголын хувьд блокчейн салбарын хөгжлийг дэмжих хамгийн чухал алхам нь оюутнууд, бизнес эрхлэгчид, старт-апуудыг мэдээллээр хангах, хууль эрх зүйн орчны таатай нөхцлийг бүрдүүлэх, үндсэн ойлголтыг бататгах явдал юм. Энэ нь гуравдагч этгээдэд найдахгүйгээр, өөрийн боломжоо шууд ашиглах, ирээдүйд цаашид өөрийнхөө бизнес, төслүүдийг баталгаатай хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлдэг. Ингэж чадвал цаг хугацаа, санхүүгийн зардлыг хэмнэх боломжтой бөгөөд салбарын хурдтай хөгжлийг хангах гол зорилго биелнэ.

