Сүүлийн жилүүдэд Монгол Улсад тусгай хэрэгцээт хүүхдийн боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах талаар олон талт хэлэлцүүлэг өрнөх болсон. Хүүхэд бүр өөрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн орчинд өсөж, хөгжих боломжоор хангагдах ёстой ч бодит байдал дээр сургалтын орчин, арга зүй, мэргэжилтний бэлтгэл зэрэг олон асуудал шийдлээ хүлээсээр байна. Тиймээс олон улсын сайн туршлага, бодит шийдэл, үр дүнтэй аргачлалыг Монголын боловсролын салбарт нутагшуулах шаардлага улам бүр нэмэгдэж байна. Энэ удаа бид Австралийн сайн туршлагын талаар Хүүхдийг Ивээх Санд Австралийн олон улсын сайн дурын хөтөлбөрийн шугамаар зөвлөх мэргэжилтэнээр ирж ажиллаж буй Шэрен Гортонтой ярилцлаа. Тэрбээр тусгай хэрэгцээт хүүхдэд зориулсан цэцэрлэгийн багш мэргэжилтэй бөгөөд 24 жилийн туршлагатай мэргэжилтэн аж. Австралийн олон улсын сайн дурын хөтөлбөрөөр Лаос улсын Аутизмын холбоонд 3 жил, дэлхийн зөнд 4 жил ажиллаж олон төрлийн туршлагыг хуримтлуулжээ. Шэрен Гортон Монгол Улсад туршлага хуваалцахаар энэ оны тавдугаар сард ирсэн байна.

-Та Монголд ирээд чамгүй хугацааг үджээ. Манай улсад хөгжлийн хоцрогдолтой хүүхэд суралцах боломж хэр байна вэ. Орчин нь бүрдэж чадсан байна уу?
-Би Хүүхдийг Ивээх Сангийн төслийн хүрээнд хэд хэдэн цэцэрлэгт очиж, нөхцөл байдалтай нь танилцсан. Орчны тохижилт, тоглоом, хэрэглэгдэхүүн хангалттай сайн байсан. Мөн багш нар тоглоомоор дамжуулж хүүхдийг хөгжүүлэхэд их анхаардаг юм билээ. Хүүхэд ямар тоглоом сонгож, хэрхэн тоглож байгаагаас хөгжлийн хоцрогдлыг ажиглах боломжтой. Жишээ нь, 6 настай хүүхэд эвлүүлдэг тоглоомоор тоглохдоо байшин барилга эвлүүлж байна уу? Аль эсвэл дээр дээрээс нь өрж, ар араас нь эгнүүлж хялбар энгийнээр тоглож байна уу зэргээс хөгжлийн хоцрогдлыг ажиглах боломжтой. Гэхдээ эцэг эхчүүд хүүхдийн насны онцлог, хөгжлийн шатнаас хамаарч өөр өөр тоглоомыг сонгож тоглуулах нь зүйтэй. Жишээлбэл, 2 настай хүүхдэд буддаг ном өгөөд хүрээнээс нь гаргахгүй будаарай гэвэл маш хүнд даалгавар болно. Учир нь 2 настай хүүхэд харандаа, цаастай анх удаа танилаж байгаа. Тиймээс хоосон цаас өгч, хүссэн зүйлийг нь зуруулах нь гар зүгшрүүлэх зөв дасгал болж чадна.
Харьяа цэцэрлэгийн удирдлагууд тусгай хэрэгцээт хүүхдүүдийг сургахаас төвөгшөөлгүй таатайгаар хүлээж авч байгаа нь сайшаалтай байлаа. Хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг нийгмээс тусгаарлалгүй тэгш хамруулах нь маш чухал. Эцэг эхэд ч гэсэн хүүхдийг нь сургах чин хүсэлтэй байгаа цэцэрлэг халуун дулаан санагдана шүү дээ. Бусад хүүхдүүд ч гэсэн багаасаа хүн бүр ялгаатай байдаг гэдгийг ойлгоно. Зарим зүйлсийг хийж чаддаггүй хүн байдаг нь хэвийн зүйл гэдгийг хүүхдэд багаас нь ойлгуулснаар бусдад санаа тавих, хэн нэгнийг ялгаварлалгүй харьцах, нөхөрлөх, бусдад туслах зэрэг зөв хүмүүжлийн суурь болно.
-Хүүхдийн хөгжлийн хоцрогдол гэж юу вэ. Та үүнийг уншигчдад энгийнээр тайлбарлаад өгөөч?
-Австралид 6 хүртэлх насны хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй гэж оношилдоггүй. Учир нь энэ насанд хүүхдийн бие махбод, тархины хөгжил эрчимтэй явагддаг. Хөгжлийн бэрхшээлийн эхэн үеийн шинж тэмдгүүд ажиглагдсан ч хөгжлийн бэрхшээлтэй биш хөгжлийн хоцрогдолтой гэж оношилдог гэсэн үг. Харин зургаан нас хүрсний дараа хүүхдэд бэрхшээлийн шинж тэмдэг ажиглагдсаар байвал нарийн оношилгоог хийдэг. Гэхдээ хөгжлийн хоцрогдлыг бэрхшээл гэж эндүүрч болохгүй. Ярианы чадвар муутай, удаан сэтгэдэг хүүхдүүдийг хөгжлийн хоцрогдолтой гэж оношлох тохиолдол их байдаг. Австралид хүүхдүүд 6 настайдаа сургуульд ордог. Нарийн шинжилгээ хийж, хөгжлийн бэрхшээлтэй гэж оношлогдвол сурах таатай орчныг бүрдүүлж өгдөг. Мэдээж хүүхдэд хоцрогдол байвал 6 нас хүртэл эмчилгээнд хамрагдана. Жишээлбэл, хэл яриа засалч, бие засалч зэрэг мэргэжилтнүүдээр эмчилгээ хийлгэдэг. Ингээд ч хөгжлийн хоцрогдол арилахгүй бол хүүхдийн эмчид хандаж нарийн оношилгоог хийлгэдэг.
-Манайд 9, 18, 36 сартайд хүүхдийг оношилгоонд оруулдаг шүү дээ. Австралид хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг илрүүлэх оношилгоо хэрхэн явагддаг вэ? Энэ нь ямар ач холбогдолтой байдаг вэ?
-Австралид хүүхэд төрүүлснээс хойш 2 долоо хоногийн хугацаанд харъяа төвийн эмч айл бүрд очиж 3 зүйлийг үнэлж, шалгадаг. Нэгдүгээрт, хүүхдийн биеийн байдлыг үзнэ, хоёрдугаарт, ээжийн бие болоод сэтгэл санааг шалгасан асуумжууд авдаг бол гуравдугаарт, орчин нөхцөлийг шалгаж, үнэлгээ хийдэг. Үүний дараагаар 3, 6, 12, 24, 36 сартайд хүүхдийг тогтмол оношилгоонд хамруулдаг. Мөн тус төвөөс эцэг эхчүүдэд зөвлөмж, мэдээлэл өгдөг. Австрали улсад 4 гэр бүл тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа байдаг. Тиймээс ч төвөөс ээж болон хүүхдээс тогтмол асуумж авдаг юм. Хэрвээ хүүхэд хүчирхийлэлд өртсөн аль эсвэл эцэг эх хүүхдээ буруу хүмүүжүүлж байгаа зэрэг нь тогтоогдвол хүүхдийг тусгаарлах арга хэмжээ авч, хэргийг өөр төв рүү шилжүүлдэг.

-Хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх, хоцрогдлыг арилгахын тулд эрүүл мэнд болон боловсролын салбар нь гэр бүл, эцэг эхтэй нь хэрхэн хамтарч ажилладаг вэ?
-Хүүхдийг хоцрогдолтойг ажиглавал хариуцсан сувилагч эцэг эхтэй нь ярилцаад мэргэжлийн эмч рүү холбож өгдөг. Хоцрогдолтой байгаа, эсэхийг хүүхдийн эмч оношилдог. Мөн Австралид хүүхдийг 3 нас хүрэхэд эцэг эх, ар гэрийнхнээс нь аутизмын 7 асуулт бүхий асуумжийг авдаг. Тухай асуумж дээр өндөр оноо авбал мэргэжлийн эмчээр оношилгоо хийлгэхийг зөвлөдөг юм. Хэрвээ хүүхэд хөгжлийн хоцрогдолтой гэж оношлогдвол улсаас 3 төрлийн дэмжлэгийг үзүүлнэ. Жил бүр 1000 ам.доллар өгдөг ба эмнэлгийн үйлчилгээнд хөнгөлөлт үзүүлэх, хоол хүнс, техникийн тусламж үзүүлдэг. Мөн цогц төлөвлөгөөг гаргах жишээний. Хүүхэд ямар хоцрогдолтойгоос хамаарч 6 нас хүртэл нь ийм хөтөлбөрт энэ үед, ийм хугацаатай хамруулаарай гэх мэтээр нарийн төлөвлөгөө гаргаж өгдөг. Хүүхэд 6 нас хүрч, сургуульд ороход дахин оношилно. Харьяаллын сургуулийн орчинд үнэлгээ хийж, хангалтгүй байвал стандартын дагуу шинээр тохижуулж өгдөг. Сургуульд ороход багш, эмч, эцэг эхийн хамтарсан ганцаарчилсан төлөвлөгөөг боловсруулна. Хүүхэд ямар бэрхшээлтэй вэ, хэрхэн дэмжиж үр дүнтэй сургах вэ гэдгийг зөвшилцдөг юм л даа. Жишээ нь, илүү удаан хугацаагаар шалгалт авах, хараанд нь тааруулж 45 градусаар уншлага хийлгэх зэрэг нарийн зүйлсийг тусгаж өгдөг. Түрүүн хэлсэнчлэн тэгш хамруулах нь маш чухал. Австралид Монголтой адил тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургууль байдаг. Энгийн сургуульд сургах уу, тусгай сургуульд сургах уу гэдэг нь эцэг эхийн сонголт. Гэхдээ энгийн сургуульд суралцдаг хүүхэд тусгай сургуульд суралцдаг хүүхдээс илүү дасан зохицох, суралцах чадвартай байдаг. Миний ажигласнаар Монголд хүүхдийг эрүүл буюу хэвийн болгох, бэрхшээлийг нь засах тал дээр илүү анхаардаг санагдсан. Тухайлбал, сонсголын бэрхшээлтэй байвал дунгийн суулгац хагалгаа хийлгэх гэдэг ч юм уу. Харин Австралид тухайн хүнийг хэвийн болгох биш тэр хүнийг нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд илүүтэйгээр анхаардаг.
-Орчин нөхцлийг бүрдүүлэх тал дээр Монголд бодитоор хэрэгжүүлж болохуйц Австралийн сайн туршлагаас хуваалцана уу?
-Хүүхдийн хамгийн анхдагч нийгмийн орчин бол гэр бүл шүү дээ. Эцэг эхийгээ харж хүүхэд суралцдаг. Тиймээс та хүүхдээ ном уншдаг болгохыг хүсвэл өөрөө тогтмол ном уншиж үлгэрлэх хэрэгтэй. Та хүүхдийнхээ хамгийн анхны багш. Хүүхэд төрснөөс хойшхи эхний 2 мянган хоног буюу 5 хүртэлх насанд тархины хамгийн чухал хөгжил явагддаг. Тиймээс шим тэжээлтэй хоол хүнсээр хооллож, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж, хүүхдээ хайрлах, хайхрах нь хамгийн чухал. Мөн хүүхэдтэйгээ тоглох нь хүүхдийн тархины өсөлтөд чухал нөлөөтэй. Бага насанд хүүхэд тоглоомоор дамжуулж тархи, бие махбодын хувьд хөгжиж байдаг. Гэхдээ заавал ч үгүй тусгай тоглоом гэж бодолгүйгээр хүүхэдтэй цуг дуулах, ном уншиж өгөх зэргээр цаг зав гаргахад л болох юм. Хүүхэдтэйгээ өдөр бүр ярилцах нь хүүхдийн үгийн баялгийг нэмэгдүүлэх, өөрийгөө илэрхийлэх чадварыг сайжруулах зэрэг давуу талтай. Тиймээс өдөр тутмын энгийн үйлдэл, цаг агаар зэрэг энгийн сэдвүүдээр тогтмол ярилцаж байгаарай. Аав, өвөө, ээж эмээ гээд өөр хүйсийн хүмүүстэй тоглоход хүүхдийн тархины өөр хэсгүүд хөгждөг. Монгол Улсыг би баялаг түүх, соёлтой ард түмэн гэж боддог. Тиймээс баялаг түүх, ахуй соёлоо таниулах зурагт ном, үлгэрийн ном уншиж өгч болно шүү дээ. Хамт тоглохдоо хүүхдэдээ чөлөөтэй сонголт хийх боломжийг олгоорой. Эцэг эхчүүд бага зэрэг бүтээлч байхад л болно. Түүнээс биш тусгай эмч, тусгай тоглоом ид шид гэж байхгүй шүү. Өдөр бүр хүүхдэдээ зориулсан тогтмол цаг гаргах нь хүүхдийн хөгжилд үр дүнгээ үзүүлнэ.
-Хүүхдийг бага сартайд хөгжлийн хоцрогдолтой, эсэхийг хэрхэн ажиглаж болох вэ? Ерөнхий шинж тэмдэг бий юү?
-Анх удаа хүүхэдтэй болж байгаа эцэг эхчүүд туршлагагүй болохоор хожуу мэдэх тохиолдол их. Хамгийн энгийнээр анзааръя гэвэл үе тэнгийн хүүхдүүдтэй нь харьцуулж болно. Танай хүүхэдтэй адил насны хүүхдүүд алхаж байна уу, хэлд орж үг хэлж байна уу, танай хүүхэд эдгээрийг чадаж байна уу зэргийг анхааралтай ажиглаад үзэх хэрэгтэй. Хэрвээ хоцрогдолтойг нь анзаарвал ичиж, санаа зоволгүйгээр өрхийн эмнэлэг дээрээ очоод оношлуулаарай. Монгол улсад эх хүүхэдтэй харилцах ягаан дэвтэр байдгийг мэдсэн. Тэр дэвтэр дээр нас насны хүүхдүүдийн чадамжийн асуумжууд байдаг юм байна лээ. Түүнийг эцэг эхчүүд тогтмол хөтөлж явбал хөгжлийн хоцрогдлыг эрт анзаарах боломжтой.

-Та Лаос Улсын Аутизмын төвд 3 жил ажилласан туршлагатай шүү дээ. Хүүхдээ аутизмтай, эсэхийг хэрхэн эрт ажиглаж болох вэ?
-Аутизмтай хүүхдүүд ер нь ярьдаггүй. Мөн бусдаар үйлдүүлэх дуртай байдаг. Урдаа байгаа аягийг заавал хэн нэгнээр авхуулах гэх мэт. Мөн хамгийн түгээмэл ажиглагддаг шинж тэмдгийн нэг бол юмсыг дараалалд оруулах дуртай. Гутлаа, тоглоомоо эгнүүлж тавих зэрэг байж болно. Мөн аутизмтай хүүхэд ганцаараа тоглох дуртай байдаг. Дараагийн хамгийн түгээмэл шинж бол нэрээр нь дуудсан ч харахгүй байх тохиолдол юм. Сонссон ч сонсоогүй юм шиг байдаг. Эдгээр ерөнхий шинж тэмдэг ажиглагдвал цаг алдалгүй харьяа өрхийн эмнэлэгтээ оношлуулах хэрэгтэй. Эрт оношлогдож чадвал сайжрах боломжтой шүү дээ. Австралид аутизмыг хөгжлийн бэрхшээлд тооцдоггүй. Аутизмтай хүмүүсийн тархи бидэнтэй адилхан сэтгэж, ажиллаж байгаа. Гэхдээ арай өөр аргаар л ажиллаж байгаа хэрэг.
-Хэрэв хөгжлийн хоцрогдолтой гэж оношлогдвол эцэг эхийн зүгээс юуг хийж болох вэ?
-Эцэг эхчүүдийн хувьд адилхан л суралцаж байгаа. Тийм учраас юун түрүүнд хүүхэдтэйгээ харьцах харилцаандаа анхаарах нь зүйтэй болов уу. Хүүхдээ шууд эмчилж, засах гэхээсээ илүүтэйгээр өдөр бүр цаг гаргаарай. Тэгэхдээ бүжиглэж, дуулж, харилцаж тархины өөр өөр хэсгүүдийг ажиллуулж, хүүхдийнхээ хөгжлийг дэмжих нь зүйтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд илүү дарамттай, стресстэй амьдардаг. Тиймээс өөрсдийнхөө эрүүл мэнд, сэтгэл зүйд ч мөн анхаарах нь чухал. Ядарч, уурлаж, шантарсан үедээ бага зэрэг завсарлага аваад өөрийгөө ганцаараа биш гэдгийг мэдрэх хэрэгтэй. Ядарч байгаа үедээ гэр бүлийнхнээсээ заавал тусламж хүсээрэй.
-Танд Монголд ажиллах 6 сарын хугацаа үлдсэн байна. Нууц биш бол энэ хугацаанд болон нутагтаа очоод хийхээр төлөвлөж буй ажлаасаа хуваалцана уу?
-Нутагтаа очоод хамгийн түрүүнд далайн эрэг дээр очмоор байна. Дараагийн төлөвлөгөө бол Монгол Улсын нэгэн ТББ-д зөвлөхөөр ажиллах. Одоо би зөвлөгөө өгөх, ном товхимол бэлтгэх зэрэгт илүү төвлөрч ажиллаж байгаа. Санал тавьсан ТББ-т ажилласнаар тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй илүү тулж ажиллах боломж бүрдэх юм л даа. Би үүнд маш их баяртай байгаа.
