Ирэх 2026 оны зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 19-нд АНУ, Мексик, Канад улсад зохиогдох 23 дахь удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг ФИФА-аас дөрвөн үе шаттайгаар борлуулж байгаа билээ.
Эхний хоёр шат нь дууссан, аз нь гийж, од нь гүйсэн манай гарагийн хөлбөмбөг сонирхогчид 2 сая гаруй тасалбарыг хэдийнээ авсан. Ер нь ФИФА-аас 2026 оны ДАШТ-ий 6 сая орчим тасалбар худалдаанд гаргах бөгөөд дахиад 4 сая гаруй тасалбар худалдаанд гараагүй байгаа гэсэн үг. Тэгэхээр спортын хамгийн том үйл явдлын нэг болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэх боломж Танд байгаа хэвээр.
ФИФА-аас ДАШТ-ий тасалбар борлуулах гурав дахь үе шатыг маргааш буюу 2025 оны арванхоёрдугаар сарын 11- ны өдөр АНУ-ын баруун бүсийн цагаар өглөөний 8:00 цагт нээнэ.
Random Selection draw буюу санамсаргүй сонголтын сугалааны үе 2026 оны нэгдүгээр 13-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Та ДАШТ-ий 104 тоглолтоос яг ямар багийн , аль шатны тоглолтыг үзэх, ямар зэрэглэлийн суудал авах зэргээ тодорхойлж, тасалбараа захиалах бөгөөд нэг тоглолтоос 4, нийтдээ дээд тал нь 40 тасалбар захиалах боломжтой юм.
Энэ шатны санамсаргүй сонголтод таарсан хүнд и-мэйл ирэх бөгөөд үүний дараа та ирэх оны хоёрдугаар сард худалдан авалтаа хийх учиртай.
Тэмцээний тасалбарыг зөвхөн FIFA.com/tickets -аар худалдан авах боломжтой бөгөөд Та FIFA.com/tickets юм уу FIFA ID-д бүртгүүлж, аккаунт үүсгэсэн байх ёстой.
Тасалбарын үнэ 60$-6370$ хүртэл үнэтэй байгаа бөгөөд энэ үнэ суудлын ангилал (1-4, тэргэнцэртэй хүмүүсийн суудал гээд таван ангилалтай), нээлтийн болон шигшээ тоглолт, хэсгийн, хасагдах шатны аль тоглолт гэдгээс хамаараад өөр өөр үнэтэй .
Хэдийгээр StubHub, Vivid seats, Game time, Seat Geek гэх мэт сайтаас худалдан авч болох ч үнэ нь ФИФА-ийн албан ёсны үнээс маш өндөр, мөн эрсдэлтэй шүү!!!
Мөн ДАШТ-ий тасалбар авсан хүнд АНУ-ын аялалын визны ярилцлагад дараалалгүй орох FIFA PASS (the FIFA Priority Appointment Scheduling System) систем нь ФИФА-аас авсан албан ёсны тасалбарт л хамаарах буй заа.
За тэгээд ирэх хавар хамгийн сүүлийн тасалбар авах боломж Last minute sales phase үе шат явагдана, энд харин онлайнаар "отож" суугаад борлуулалтад гарсан тасалбарыг хэн түрүүлж " дарсан нь" ( first come first serve) авах зарчмаар явагдана.
Мөн зочдын тусгай багц гэж бий. Тасалбар, угтах болон үдэх үйлчилгээ, бэлэг дурсгалын зүйл, оргилуун дарс, дарс, шар айраг, " хатуу рашаан", зууш, хоол, машины зогсоол гээд бүх зүйл багтсан дотроо хэд хэдэн төрлийн энэ багцыг fifa.com/hospitality -аар орж авч болно. Үнийн хувьд нилээд өндөр, нэг хүний 4500 $ (нэг тоглолт) орчимоос эхэлнэ.
Мөн тодорхой нэг цэнгэлдэх, эсвэл өөрийн дэмждэг багийн тоглолтуудыг гэх мэт багц ч бий.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

