Өнөөдөр буюу 18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.
Улаанбаатарт өнөөдөр үүлэрхэг. Салхи зүүн өмнөөс секундэд 2-7 метр. Өдөртөө 5-7 градус хүйтэн байна. Оройдоо хур тунадас орно.

Маргааш буюу 19-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд говь, тал, хээрийн нутгаар, 21-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.
