UBLife Logo
Кино
Marty Supreme: Ширээний теннисний домог

Marty Supreme: Ширээний теннисний домог

Сүүлийн саруудад Тимоте Шаламетийн нэр Marty Supreme кинотой сонин, хэвлэл бүрийн тэргүүн эгнээнд зэрэгцэн оршиж, түүний улаан хивсний ёслол бүрт үзэгдэх улбар шар өнгийн хувцаслалтууд, омголон яриа нь олны анхаарлыг татах болов. Гэхдээ энэ бүхний цаана зүгээр нэг зохиомол дүр бус, бодит амьдрал дээр үнэхээр домог болж үлдсэн нэгэн эрхэм бий. Түүнийг Марти Рэйсмэн гэнэ. Харин кинонд түүнийг Марти Супрем гэж нэрлэжээ. 

Марти Рэйсмэн бол Америкийн ширээний теннисний түүхэнд бичигдэхүйц амжилттай бөгөөд кино шиг амьдралтай гэдгээрээ алдаршсан тамирчин. Тэрээр 13 настайдаа хотын теннисний аварга болж, 1940-2000-аад оны хооронд 22 томоохон цом хүртсэн, спортын салбартаа гялалзсан амжилттай нэгэн. Гэхдээ түүнийг домог болгосон зүйл нь зөвхөн цом, медаль биш. Рэйсмэн ширээний теннисний ширээг спортын талбар бус гладиаторын арена гэж нэрлэдэг байв. Тэр хэнтэй ч, хаана ч, ямар ч бооцоотой тоглохоос ухардаггүй хэгжүүн нэгэн байжээ. Бооцоо нь заримдаа мөнгө, заримдаа нэр алдар хүртэх тэмүүлэл, заримдаа зүгээр л өөрийгөө батлах хүсэл байсан. Өсвөр насандаа өөр дээрээ бооцоо тавих гэж оролдоод цагдаад баригдаж явсан түүх нь түүний эрсдэлээс айдаггүй занг илтгэнэ. 

Түүний амьдрал ч үргэлж шулуун, дардан байсангүй. Ширээний теннисний клуб ажиллуулна, дампуурна, рестораны бизнест хөрөнгө оруулна, дахин мөнгөтэй болно, дахин алдана. Өөрийгөө “гурван удаагийн саятан, гурван удаагийн хуучин саятан” гэж тодорхойлдог байснаас нь түүний амьдрал ямар дэврүүл хэмнэлтэй байсныг харж болох. Марти Райсман бол Нью-Йорк хотын тод өнгө мөнөөс мөн байсан гэж Нью-Йорк Таймс тэмдэглэжээ. Upper West Side-д түүнийг мэдэхгүй хүн ховор. Тэр Дастин Хоффман, Курт Воннегут зэрэг уран бүтээлчид, алдартнуудтай нөхөрлөж, телевизийн шоуны эфирт санаа зовсон шинжгүй тамхи татаж, Европоор аялахдаа ч алдар цуугаа үзүүлж явсан аж. Түүнийг гурван үгээр илэрхийл гэвэл “спорт, заль, шоу”.

Marty Supreme кино нь Марти Рэйсмэний амьдралыг нэг бүрчлэн өгүүлэх намтар кино биш. Мөн зүгээр л ширээний теннисний тухай, зөвхөн тамирчны замналын тухай ч бус. Найруулагч Жош Сафди түүний амьдралаар юуг илэрхийлж болох вэ гэдгийг эргэцүүлсний үндсэн дээр амбиц, нэр төр, домог болох хүслийг илэрхийлжээ. Киноны Марти бол байнга өөдөө тэмүүлж, үргэлж илүүг хүсэж, өөрийгөө домог болгохын тулд ямар ч эргэлзээгүй бүх амьдралаа дэнчин тавьдаг хүн. Энэ нь ч Марти Рэйсмэний зан чанартай бүрэн нийцдэг. Тиймээс Marty Supreme нь зөвхөн тамирчны тухай кино гэхээсээ илүү Нью-Йорк хотын амсхийх чөлөөгүй хэмнэл, дайны дараах Америкчуудын амьдрал, эрсдэл, хүсэл мөрөөдлийн тухай хөрөг кино болжээ.

Тимоте Шаламет энэ дүрд сонгогдсон нь санамсаргүй хэрэг биш. Тэр бол орчин цагийнг Холливудад амбиц, өөртөө итгэлтэй байдал хийгээд багахан эмзэг зөөлөн аяг бүгдийг зэрэгцүүлэн өөртөө цогцлоосон цөөн жүжигчдийн нэг гэж ‘’The New Yorker Magazine’’ нийтлэлдээ тэмдэглэсэн нь бий. Марти Рэйсмэн ч яг ийм хүн байсан. Өөртөө итгэх итгэл нь ассан, амбиц дүүрэн хэр нь үргэлж шилдэг нь гэдгээ ахин дахин батлахаар тэмүүлдэг. Тимоте Шаламетийн биеийн хэлэмж, хурц үг яриа, дэлгэцийн цаадах дээрх өөртөө итгэлтэй атлаа хэзээ ч түүндээ бүрэн ханаж чаддаггүй төрх нь Марти Супремийн дүртэй гайхалтай нийцдэг. Тиймээс түүний бүтээсэн дүр “жүжиглэлт” гэхээсээ илүү бодит нэгнийг дахин төрүүлж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. 

Marty Supreme кино зүгээр ч нэг амжилт, ашиг орлого дагуулаад зогсохгүй, соёлын үзэгдэл мэт болж буй нь ч шалтгаантай. Тэр тусмаа Z үеийнхний дунд ёстой л “дуулиан шуугиан” болж байгаа гэдгийг хоёр долоо хоногийн турш бүхий л сошиал платформоор хөвөрч буй киноны талар пост, бичлэгүүдээс харж болно. “Marty Supreme” Z үеийнхэнд хүчтэй хүрч байгаа шалтгаан нь энэ кино амжилт, нэр хүндийг гял цал төгс байдлаар бус, эрсдэл, эмх замбараагүй байдал, өөрийгөө байнга батлах шаардлагатай орон зайгаар дамжуулан харуулж байгаад оршино.

Марти Супрем бол төгс дүр биш, харин домог болох замналаа өөрөө бүтээхийг оролдож буй, амжилтад хүрэхийн тулд бүхнээ бооцоонд тавьж байгаа нэгэн. Энэ нь ирээдүй, карьер, үнэлэмжийн тухай эргэлзээ дүүрэн ертөнцөд амьдарч буй Z үеийн залуусын дотоод зөрчилтэй шууд давхцдаг. Үүн дээр Тимоте Шаламетийн орчин үеийн поп соёлын бэлгэ тэмдэг болсон дүр төрх, Нью-Йоркийн гоо зүй зэрэг нэгдэн “Marty Supreme”-ийг зүгээр нэг кино бус, бүхэл бүтэн нэг үеийн залуусын сэтгэл зүйд хүртэл хүрэхүйц соёлын илэрхийлэл болгож байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.