“Түүний уран бүтээл бол арвин их туршлага, судалгаа шинжилгээ болоод бясалгалынх нь илэрхийлэл юм. Бас эрч хүч, үл хувирах тууштай чанарын үр дүн. Ч.Сэндэмийн торгон дээрх зургууд гайхалтай өнгө будаг, сүнслэг оршихуйгаараа бусдаас илт ялгарч чаддаг”
хэмээн Италийн нэрт хувцас дизайнер Саверио Палателла загвар зохион бүтээгч, зураач Ч.Сэндэмийн уран бүтээлийг тодорхойлсон байдаг. Монголын торгон дээр зурах урлагийн чиглэлээр уран бүтээл туурвидаг уран бүтээлчдийн нэртэй төлөөлөл болсон Ч.Сэндэмийн бүтээлүүд зөөлөн өнгөөр илэрхийлсэн цэцэгс, шувуудаар баялаг. Москвагийн нэхмэлийн академийг хувцасны дизайнер мэргэжлээр төгссөн тэрбээр уран бүтээлийн өнгө аяс, илэрхийллээ өөрийн бага нас, гэр бүлийн урлагийн хүмүүжил, боловсрол эзэмшсэн сургууль болоод олон жилийн хичээнгүй хөдөлмөртэйгээ холбон тайлбарласан юм. “Урлагийн бүтээлийг ноолууран эдлэлтэй хослуулснаар бид урлагийг зүгээр хараад өнгөрөх биш, амьдралдаа хэрэглэх боломжтой болж байгаа юм” хэмээн дизайнер Ч.Сэндэм ярилаа.
Урлагийн энэхүү өвөрмөц, нарийн төрлөөр 20 гаруй жил уран бүтээл тууштай туурвисан зураач, дизайнер Ч.Сэндэм “Говь кашмир”-ийн энэ жилийн хавар зуны загварын шоунд тэргүүлэх дизайнераар оролцож 10 гаруй ороолт, 30 гаруй хувцасны загвараа танилцуулсан билээ. Шоуны үеэр “Говь кашмир” “Bohemian love”, “Simplicity”, “Color bomb”, “Sendem” хэмээх загварын цуглуулгуудаа олны хүртээл болгосон юм. Ингээд зураач, дизайнер, бясалгалын багш Ч.Сэндэмийн урлагийн бүтээлүүд ноолууран хувцасны деталь хэсгүүд, ороолт болон даашинз, хүрмүүдтэй хэрхэн гайхалтай зохицож байгааг харцгаая.
Гэрэл зургуудыг О.Төгсбилэг