UB.LIFE сайт загвар, өдөр тутмын хувцаслалт, онцгой содон талаа бусадтай хуваалцах боломжтой "THE LOOKBOOK" булангаа хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт бид шинэ баярыг тохиолдуулан гоёлын хувцасны сонирхолтой дүр төрхүүдийг хуваалцаж байна. Чадварлаг модель Г.Мөнхцолмон, өвөрмөц хэв маягтай уран бүтээлч Choidog, шинэлэг контент бүтээгч Ж.Ариунсанаа нартай танилцана уу.
Г.Мөнхцолмон @koinemi
-Гоёлын хувцас ямар байвал танд илүү таалагдах вэ?
-Гоёлын хувцсыг ямар нэг үйл ажиллагаа, баяр ёслолд зориулан өмсдөг учраас тухайн арга хэмжээг хүндэтгэсэн дэгжин хэр нь цэмцгэр хувцас илүүтэй таалагддаг.
-Хувцаслалтдаа юуг хамгийн чухалчилж авч үздэг вэ?
-Өнөөдөр хэн баймаар байгаа, юу мэдэрч байгаа, тухтай баймаар байна уу гээд л ер нь тэр өдрийнхөө мэдрэмжээр хувцасладаг даа.
-Хувцасны шүүгээнд тань заавал байх ёстой зүйл юу вэ?
- Бариу цамц, олон төрлийн трико, тэлээ, хүрэм
-Яг одоо хамгийн таалагдаж буй хувцасны брэнд, чиг хандлагаасаа хуваалцвал?
- Minimalist, rocker, etheral, street хэв маягуудыг хослуулж хувцаслах дуртай. Нэг бол задгай, дураараа эсвэл биедээ тухтай, дулаахан, цэвэрхэн хувцаслах нь өвлийн тренд хувцаслалт байх. Ойрдоо гэвэл Nuit clothing atelier, Fanci.club брэндүүд таалагдаад байгаа.
-Хувцаслалтын хувьд үлгэр жишээ, сэдэл авдаг алдартан бий юу?
- @alina_kossan
@_ppprincesss
@tan__suan
-Таны зайлсхийхийг хичээдэг загварын чиг хандлага юу вэ?
-Бараг байхгүй ээ. Аль болох “ядаагүй” л хувцаслах нь зүгээр санагддаг.
-Таны хувцасны шүүгээнд байгаа хамгийн сонин түүхтэй хувцас юу вэ?
-Аавын минь “marlboro” шоотой энэ цамц надад их нандин санагддаг. Би ер нь аавынхаа, ахынхаа том хэмжээтэй хувцаснуудыг өмсөх их дуртай. Хайртай эрчүүддээ тэврүүлж байгаа юм шиг санагддаг болохоор л тэр байх.
-Хамгийн онцгүй хувцасладаг олны танил таны бодлоор?
-Тухайн хүн өөрийнхөө ертөнцийг хувцсаараа дамжуулж илэрхийлдэг шүү дээ. Тэгэхээр өнгөний мэдрэмжгүй байж болно, авцалдаагүй хувцаслаж болно, ер нь юу ч өмссөн болно. Гол нь цэвэрхэн л өмсөж байвал болно доо.
- Хувцаслалтдаа оруулах хамгийн дуртай өнгө тань юу вэ?
-Мөнгөлөг, металл өнгөнд дуртай. Тод өнгө биш хэр нь хувцаслалтыг тодруулж өгдөг юм шиг санагддаг. Хувцаслалтдаа биш юм аа гэхэд нүдээ металл өнгөөр будаж тодруулдаг.
-Таны гэрээсээ гарахдаа заавал зүүдэг аксессуар юу вэ?
-Өмссөн хувцаслалтдаа тааруулаад заавал бөгж зүүдэг.
-Юу өмссөн хүнд анхны харцаар дурлаж чадах вэ?
-Гоё малгайтай хүнд бол шууд дурлаж чадах байх. Ер нь хайнга хувцасладаг залуус таалагддаг.
-Худалдаж авсандаа хэзээ ч харамсдаггүй хувцас тань юу вэ?
-Энэ даашинзыг ээж минь нэг өдөр аваад тавьчихсан байсан. Тэгээд нэг их тоодоггүй байж байгаад хоёр гурван жилийн дараа олоод одоо юм л болбол өмсчихдөг болсон. Мөн энэ гутлыг авсандаа хэзээ ч харамсдаггүй.
Choidog @bilguunchoidog
-Гоёлын хувцас ямар байвал танд илүү таалагдах вэ?
-Би ер “хэтэрхий” юманд тийм дуртай биш. Тэгэхээр миний хувьд хэтэрхий биш яг хэмжээндээ таарсан онцлох чимэглэлтэй энгийн гоёлын хувцсыг илүүд үзнэ.
-Хувцаслалтдаа юуг хамгийн чухалчилж авч үздэг вэ?
-Миний хувцаслалтад тухтай байдал хамгийн чухал байр суурийг эзэлдэг. Өглөө гэрээсээ онцгүй хувцас өмсөөд гарахаар өдөржин нэг л тухгүй байдаг шиг ер нь өөртөө таалагдаж, тухтай хувцаслахыг л чухалчилдаг. Миний өмссөн хувцас намайг яг ямар хүн гэдгийг илэрхийлж байх хэрэгтэй гэж боддог доо.
-Хувцасны шүүгээнд тань заавал байх ёстой зүйл юу вэ?
- Оймс, дотуур хувцас бол мэдээж байх хэрэгтэй. Үүнээс гадна спортын хувцас байвал их зүгээр юм шиг санагддаг.
-Яг одоо хамгийн таалагдаж буй хувцасны брэнд, чиг хандлагаасаа хуваалцвал?
-Яг тийм гэж ямар нэг чиг хандлагад баригдалгүй эрх чөлөөтэй байхыг хичээдэг. Винтеж буюу хуучны хувцаснууд өмсөх дуртай. Сүүлийн үед Берлин хотоос гаралтай цүнх, аксессуар бүтээдэг “innerraum” гэх брэнд их таалагдаж байгаа.
-Хувцаслалтын хувьд үлгэр жишээ, сэдэл авдаг алдартан бий юу?
-James Dean
Asap Rocky
Virgil Abloh
Tyler Durden
Монголоос шинэ чиг хандлага үүсгэж чаддаг хэд хэдэн хүн бас бий. Тэднээс дээлний чиг хандлагийг эргүүлэн авчирсан Б.Бат-Эрдэнэ дархан аваргыг онцолж дурдмаар байна.
-Таны хувцасны шүүгээнд байгаа хамгийн сонин түүхтэй хувцас юу вэ?
-Саяхан ээжийнхээс үлдээсэн хувцаснуудаа очиж авсан юм. “Тааралдах байх” дууныхаа бичлэг дээр өмсөж байсан малгайтай цамцаа олсон. Санжаадорж найз маань өөрийнхөө мерч болгож гаргаж байсан олон жилийн түүхтэй цамц минь.
Одоо өмсөж байгаа хувцасны хувьд бүхэлдээ надад зориулж Очироо болон Хатнаа гэх найзууд минь хийж өгсөн. Тэгэхээр зөвхөн ганцхан хувь байгаа гэж бодохоор их онцгой санагддаг.
-Таны зайлсхийхийг хичээдэг загварын чиг хандлага юу вэ?
-Ер нь хэт том брэндийн логотой хувцас өмсдөггүй.
-Хамгийн онцгүй хувцасладаг олны танил таны бодлоор?
-Lil Pump
Tekashi 6ix9ine
- Хувцаслалтдаа оруулах хамгийн дуртай өнгө тань юу вэ?
-Монгол хүн болохоор ч тэр үү тэнгэрийг бэлгэддэг цэнхэр өнгөнд их дуртай. Бас хар өнгөтэй хувцас их бий.
-Таны гэрээсээ гарахдаа заавал зүүдэг аксессуар юу вэ?
-Биенээсээ салгадаггүй мөнгөн гинж байгаа.
-Юу өмссөн хүнд анхны харцаар дурлаж чадах вэ?
-70 оны “Vogue” сэтгүүлийн нүүрэн дээрх шиг хувцасласан охидуудад.
-Худалдаж авсандаа хэзээ ч харамсдаггүй хувцас тань юу вэ?
- Хувцас худалдаж авахдаа маш сайн боддог болохоор бүх хувцсандаа сэтгэл хангалуун байдаг. Хэзээ ч харамсахар хувцас худалдаж авч байгаагүй.
Ж.Ариунсанаа @aariunaaaa
-Гоёлын хувцас ямар байвал танд илүү таалагдах вэ?
-Мэдээж гоёлын хувцас юм чинь шууд нүдэнд тусаж, хараа булаахаар байх хэрэгтэй. Гэхдээ гацуурны тоглоом шиг байж болохгүй, тэнцвэртэй байх нь л хамгийн чухал.
-Яг одоо хамгийн таалагдаж буй хувцасны брэнд, чиг хандлагаасаа хуваалцвал?
-“Gucci” брэндийн хэв маяг их таалагддаг. Чиг хандлагын хувьд edgy, eclectic хувцаслалтуудад дуртай.
-Хувцаслалтдаа юуг хамгийн чухалчилж авч үздэг вэ?
-Юунд зориулж хувцаслаж байгаагаа хамгийн эхэнд боддог. Нөхцөл байдалдаа тааруулж хувцаслана гэдэг хамгийн чухал шүү дээ.
-Хувцасны шүүгээнд тань заавал байх ёстой зүйл юу вэ?
-Товчтой задгай энгэртэй цамц болон майк миний шүүгээнд заавал байх ёстой.
-Хувцаслалтын хувьд үлгэр жишээ, сэдэл авдаг алдартан бий юу?
- Өмнө нь Maria Bernad, Alexa Chung нараас их үлгэр дуурайлал авдаг байлаа. Яг одоо бол өөрийнхөө олон жилийн туршлагаас л өөрийн гэсэн дүр төрхийг бүрдүүлдэг болсон доо.
-Таны хувцасны шүүгээнд байгаа хамгийн сонин түүхтэй хувцас юу вэ?
-Ээжтэйгээ дэлгүүр хэсэж байгаад санамсаргүй дотуур хувцас зардаг дэлгүүрт орчихсон. Тэгээд тэр дэлгүүрт хар лакан корсет байсныг ээж хараад “Энийг хэн авч, өмсдөг байна аа” гэж билээ. Одоо охин нь тэрийг өмсчихсөн явж байна даа.
-Таны зайлсхийхийг хичээдэг загварын чиг хандлага юу вэ?
-Хэт сул, том футболк, малгайтай цамц, пүүз өмсдөггүй.
-Хамгийн онцгүй хувцасладаг олны танил таны бодлоор?
-Яг олны танил хүн санаанд орж ирэхгүй байна. Харин хувцаслалт гэх юм бол Kylie Jenner-ийн 2023 оны Met Gala дээр өмсөж очсон улаан даашинз жаахан онцгүй санагдсан шүү.
- Хувцаслалтдаа оруулах хамгийн дуртай өнгө тань юу вэ?
- Улаан өнгө.
-Таны гэрээсээ гарахдаа заавал зүүдэг аксессуар юу вэ?
-Гэрээсээ чих хоосон ерөөсөө гардаггүй. Тэгэхээр ээмэг юм даа.
-Юу өмссөн хүнд анхны харцаар дурлаж чадах вэ?
-Эрэгтэй хүнд хүрэм хамгийн гоё харагддаг. Угаасаа ч эрэгтэй хүнд зориулж бүтээж байсан хувцас болохоор өргөн мөртэй, хүчирхэг түшигтэй, итгэж болмоор харагдуулдаг.
-Худалдаж авсандаа хэзээ ч харамсдаггүй хувцас тань юу вэ?
-YSL брэндийн өсгийтөө үнэтэй авч байсан ч хэзээ ч харамсдаггүй. Өсгийний өндөр 8см, логоны хэмжээ жижиг гээд бүх зүйл нь надад яг таарсан санагддаг.