Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Дэлхийн алдартнууд VS Монголын одууд | Тэд хэрхэн уучлал гуйдаг вэ?


Алдар нэртэй, эрх мэдэлтэй, олон нийтэд нэр нөлөөтэй хүмүүс нийгмийн дургүйцэл бухимдлыг төрүүлсэн аливаа үйлдэл, үг хэллэг, яриа хөөрөөндөө уучлал гуйх соёл гэж юм бий. Хүний эрх, эрхэм чанар, нэр хүндэд халдах, түүний эсрэг гэмт үйлдэл хийх, нийгмийн шударга ёсны тогтолцоог сөргөх, аливаа нийгмийн бүлэг, үндэстэн ястан, хүйсийн төлөөллүүдэд хүндэтгэлгүй, хайнга хандах зэрэгтээ тэд уучлал гуйсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд сошиал хэрэгслийн нөлөөгөөр олон нийт ч тэднийг гэмээ хүлээж, уучлал гуйхыг шаардах нь хүчтэй болов. Зарим мэдээллийн хэрэгсэлд СОШИАЛ МЕДИА-д ямар нэг хэрэгтэй чанар бий бол тэр нь алдартнуудыг уучлал гуйлгах явдал юм гэж хүртэл бичжээ. Ямартай ч дэлхий ертөнцийн нэр хүндтэй хүмүүс буруу үг, үйлдэлдээ уучлал эрж, харамсаж буйгаа илэрхийлдэг энэ соёлыг Монголын нэр хүнд бүхий эрхмүүд хэрхэн гүйцэлдүүлснийг өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрсөн хэрэг явдлаар жишээ болгон харьцуулъя. 

Кевин Харт

2019 онд жүжигчин Кевин Харт Оскарын шагнал гардуулах ёслол хөтлөхөөр сонгогдоод байсан үед түүний аль 2010 оноос хойш твиттерт бичсэн ижил хүйстнүүдийг доромжилсон агуулгатай жиргээнүүд ил болж, тус наадмыг хөтлөх нь цуцлагдсан юм. Тэрээр нэгэн жиргээндээ “Би хүүгээ охидын тоглодог хүүхэлдэйн байшингаар тоглож байхыг харвал шууд тоглоомыг нь дэвсэж хаяад, наадах чинь ижил хүйстнүүдийн тоглоом гэж хэлээд болиулна” гэх утгатай жиргээ бичсэн байж. Үүнд олон нийт бухимдаж, түүнтэй гэрээт бизнесүүд болон арга хэмжээнүүд гэрээгээ цуцалж эхэлсэн юм. Үүний дараа Кевин Харт олон нийтэд хандаж ийн бичив. 

“Би хүмүүсийг гомдоож, жигшлийг нь төрүүлсэндээ уучлал гуйж байна. Би өөрчлөгдөж, илүү сайн хүн болохоор хичээж буйг минь мэдээсэй гэж хүсэж байна. Миний зорилго бол ард түмнээ нэгтгэж, хамтад нь хүчтэй байлгах болохоос биш хуваан бутаргаж, ялгаварлах явдал биш билээ. Академидаа талархаж, хүндэтгэж явдаг шүү. Эргээд уулзах өдөр ирэх биз ээ”

Фелисити Хаффмэн

2019 онд жүжигчин Фелисити Хаффмэн өөрийн охины коллежид элсэх SAT шалгалтын оноог 15 мянган долларын хахууль өгч засуулсан хэрэгт холбогдсон юм. Үүнийхээ хариуд тэрээр 14 хоног хоригдох ял, 250 цагийн олон нийтийн ажил хийх шийтгэл, мөн мөнгөн торгууль хүлээв. Тэрээр шүүхээс гэм буруутай нь тогтоогдсоны дараа олон нийтэд хандаж ийм захидал бичжээ.

“Би өөрийн буруугаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гүнээ харамсаж, маш их ичиж байна. Үүнээс үүдэх бүхий л үр дагаврыг би хариуцахаа мэдэгдэе. Охиноосоо, гэр бүлээсээ, найз нөхөд, хамт ажиллагсдаасаа, мөн боловсролын байгууллагат ажилладаг хэн бүхнээс өршөөл эрье. Энэ бүхнээс илүүтэй, коллежид элсэхээр өдөр бүр шаргуу хичээж буй сурагчдаас, тэдний төлөө үнэн шударгаар, бүхнээ золиослон ажиллаж, хөдөлмөрлөж буй эцэг эхчүүдээс уучлал гуйя. Миний ийм үйлдэл хийж буйг охин минь мэдээгүй учраас түүнийхээ нэр хүндийг гутааж, түүнээс урвасандаа ичихийн дээдээр ичиж байна. Охиндоо туслах ямар ч хүсэл эрмэлзэл хууль зөрчих, шударга бус үйлдэл хийх шалтгаан болох ёсгүй. Олон нийтэд учруулсан гэм буруугаа би насан туршдаа хүлээж, үүрч амьдрах болно ”

Жэйсон Момоа

“Хаан ширээний тоглоом” цувралын эхний бүлэгт тоглож, алдарт гарсан жүжигчин нэгэнтээ хэвлэлд тус цувралын тухай ярихдаа “Уран зөгнөлт кинонд би дуртай. Ийм кинонд тогловол хүний хэлийг тасдаж авах, эсвэл үзэсгэлэнтэй бүсгүйг хүчээр эхнэрээ болгож, хүчинд автуулах зэрэг зугаатай зүйлс хийх болно шүү дээ’ гэжээ. Түүний дүр болох Хал Дрого кинон дээрээ Даенерис Таргариенийг эхнэрээ болгоод, анхны шөнөө хүч хэрэглэж буй тухай гардгийг ийн өгүүлж. Олон нийт үүнд ихэд зэвүүцэн бухимдсан юм. Түүний дараа Момоа ийн уучлал гуйсан болно. 

“Би ийм мэдрэмжгүй, хариуцлагагүй зүйл ярьж олон нийтийг бухимдуулсандаа чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Ийм зүйл хэлсэндээ өөртөө үнэхээр урам хугарч байна. Уучлал гуйснаараа тэдгээр үгсийг буцааж авч чадахгүй ч гэлээ туйлын харамсаж буйгаа та бүхэнд хэлье. Хүчирхийлэл болон бэлгийн халдлага хэнд ч тохиолдож болох ба зүгээр л энэ тухай ийм хүндэтгэлгүй ярьж, марзаганаснаараа би гэр бүл, найз нөхдийнхөө сэтгэлийг хүртэл зовоож дөнгөлөө. Энэ бол хүлээн зөвшөөршгүй зүйл бөгөөд өөрийн хэлсэн үгэндээ зүрх сэтгэл минь ичиж, хөндүүрлэж байна” 

Харин бямба гарагт Никитон хамтлагийн дуучин Батчулуун, дуучин Сэрчмаа нар Фэйсбүүк лайв хийх үедээ нэгэн эмэгтэйн биеэ хамгаалах чадваргүй байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай ярин инээлдэж, онигоо болгон тохуурхсан юм. Үүнийг үзсэн сошиал хэрэглэгчид дургүйцлээ илэрхийлэхэд дуучин Сэрчмаа ийн жиргэв. 

Дараа нь дуучин Батчулуун ийм пост оруулсан юм.

Тэр хүлцэл өчье гэсэн ч чухам юунд хүлцэл өчих шаардлагатайгаа ойлгоогүй байна.

Тэрээр "+18 онигоог хүн бүхэн л ярьдаг байх, гол нь олон нийтийн сүлжээгээр ярих ч юм байна ярихгүй ч юм байна гэдгийг хүмүүс анзаарч сургамж авсан биз ээ" гэжээ. Нэгт, бэлгийн хүчирхийлэл бол онигооны сэдэв биш бөгөөд үүнд инээх хөгжилтэй зүйл огт байхгүй. Энэ бол судалгаагаар 4 эмэгтэй тутмын нэгт тохиолддог, насан туршийн сэтгэл зүйн толбо үлдээдэг гэмт хэрэг. Хэрэв та хүчирхийллийн сэдвээр онигоо ярьж, хохирогчийг шоолж инээж буй бол санаа, зорилготойгоор тэдгээр хүмүүсийг доромжилж байна гэсэн үг. Та магадгүй хүчирхийлэгч нэгэн биш боловч амиа хичээсэн хүн юм. 

Хоёрт, ийм онигоог сошиал сүлжээгээр ярьж хэрэггүй юм байна гэжээ. Энэ бол хана руу харж суугаад хананд шивнэсэн ч гутамшигтайд тооцогдох үйлдэл. Учир нь энэ төрлийн яриа хөөрөө, шалиг завхай онигоо зэрэг нь rape culture буюу хүчирхийллийн соёлыг улам өөгшүүлж, нийгэмд хэвийн үзэгдэл мэт ойлголт төрүүлж байдаг юм. 

Хамгийн сүүлд олон нийтийн сүлжээнд садар самуун онигоо ярьсан би тэнэг гэжээ. Тэрээр энэхүү гэмт хэргийн шинжтэй, бодит хохирогч бүхий үйлдлийг онигоо гэж бодсон хэвээр л байна.

Дуучин Сэрчмаагийн пост мөн л адил утга бүхий бөгөөд тэрээр цахим орчинд хэлэх үг, хийх хөдөлгөөнөө хянаж явахгүй бол ямар алдаа гарах вэ гэдгийг ухамсарлаж авлаа хэмээжээ. Үүний оронд хүчирхийлэлд өртөж байсан, хохирогч эмэгтэйчүүдийг өвтгөсөн, шархыг нь сэдрээсэн ийм ярианд инээсэндээ хүлцэл өчсөн бол илүү ухаалаг байх байв. Гэтэл алдартнууд маань цахимаар л ийм зүйл ярьж болохгүй юм байна, цаанаа бол хамаагүй гэсэн утга агуулгатай уучлал гуйж өнгөрлөө.

Хамгийн их уншилттай
1
2021.05.02
"Ододтой бүжиглэе" шоу олныг хөгжөөсөн тухай 20 пост
2
2021.04.26
ЦАР ТАХАЛ | Энэтхэгийн нөхцөл байдлыг харуулсан зүрх шимшрэм 16 зураг
3
2021.04.26
Оскарын шагналт жүжигчин Юн Ё Жоны тухай 6 баримт
холбоотой мэдээ
1
2021.05.08
Дотор хүний үгс | Одонд шивнэсэн хүсэл
2
2021.04.22
Ц.Нямдоржийн еэвэн тал байхвий
3
2021.03.24
АН сул бол МАН ч сул
санал болгох
1
21 цагийн өмнө
"Booker Prize 2021"-ийн сүүлийн сунгаанд шалгарсан 6 зохиолч + ном
2
Өчигдөр
Амны хаалт байнга зүүж байгаа энэ үед арьсаа хэрхэн арчлах вэ?
3
Өчигдөр
АНУ вакцинд хамрагдсан иргэдээ маскгүй явахыг зөвшөөрлөө

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
158
6
3
1
24
33
1
64