Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Луна өөрийгөө олох аялалд явсан нь


Өглөөний сэрүүлгээ унтраах зорилгоор утсаа барьж тэр чигээрээ таван минут нойроо сэргээх гэж фэйсбүүк, инстаграм юу эсийг эргүүлнэ. Өнгөрсөн жилүүдийн энэ өдрийг хэрхэн өнгөрүүлж байсныг сануулах мэдэгдэл ирсэн байхыг нь нээвэл Өвөрхангайн Орхоны хүрхрээн дээр “Нэр үгүй салхи” дууг утсан дээрээ тоглуулчихсан, бүрэн хайлж урсаж эхлээгүй хүрхрээг хэдэн талаас нь бичсэн бичлэг байв. Хуучин ажлаасаа гарч хэсэг завсарлах гэж тэмүүлээд нэг л өглөө найзтайгаа Өвөрхангайг зорин одсон өнгөрсөн жилийн өнөөдрийг ийнхүү инстаграм надад сануулж байна. Дураараа байж дээ. Хүссэн үедээ гарч давхиад эзгүй хээр хүрчихдэг. 

Тухайн үед их л гэнэтийн зүйл бодож олсон маань энэ юм л даа. Нэг өдөр найзтайгаа ойрд уулзсангүй ажил тараад хамт хоол идье гэж ярилаа. Хотын төв дэх нэгэн дүнзэн байшинд орж мах шарж идэнгээ би хэд хоног бодсон зүйлээ найздаа ярьсан нь ганцаараа аялалд явах байсан юм. Би тэр аяллаа “өөрийгөө олох” аялал гэж нэрлэсэн. Тэр үед хэсэг хугацаанд сэтгэл санаа тогтворгүй болж бидний хэлдгээр би зүгээр л “эморчихсон” байсан юм.

Би аяллаасаа хадан хавцлаас хашгирах, урсгал усанд дуу дуулж өгөх, хээрийн кофе чанаж уух, гав ганцаараа гэдгийг минь улам бүр сануулах шиг тийм л эзгүй хээр талыг, урсгал усны чимээнд бодлоо цэгцлэх, цэвэр агаар намайг "цэнэглэхийг" хүлээж байлаа. 

Маргааш нь оройн 10 цаг өнгөрч байна. Найз маань аялалд хамтдаа явахаар болж хөдөлснөөс хэдэн цагийн дараа бид Өвөрхангайн Есөнзүйл сумын нэгэн айлд буулаа. Буусан айлын эзэгтэй тийм орой болсон байхад бидэнд гурилтай шөл хийж өгөв. Хар шөнө айлд ирчихээд бас хоол хийлгэж идэж байгаадаа би дэмий л гэмшин халуун хоол, цайгаар "шахуулж" суулаа. Монгол ёс заншил, нөгөө зочломтгой зан энэ тэр гэдгийг бага ангийн сурах бичигтэй хамт л үлдсэн гэж бодож байтал одоо хүртэл түүхийн номон дээрх тэр янзаараа биднийг хүлээн авахад нь би жинхэнээсээ гайхаж билээ. Маргааш өглөө нь эртлэн босоод ойр орчмоо ажиглавал ойр хавьд энэ айлаас өөр айл харагдахгүй юм. Гэрийнх нь гадна мотоцикл зогсож байна. Тэгээд хонь, хурга, тугал хашсан хашаа. Жорлон хайгаад олсонгүй. Хаана бие засах уу? гэж асуувал тэгэсгээд л гэнэ. Урт цамцтай явж байсан тулдаа гэрээс нэлээн холдож нэг жалга уруудан бие засаж аваад шинэхэн өглөөг эхлүүллээ. Ойр орчмыг сонирхъё гэвэл хамгийн сонин байх нь мэдээж өвөлжөө шүү дээ. Хурга, ишиг майлалдах хоргол юүгээр дүүрэн өвөлжөө. Дөхөөд очвол хөөрхөн амьтад нэг нэг дээрээ гишгэлэн байж надруу шаваад ирэв. Загасны аквариуманд ойртохоор доторх загас, жараахай нь гар дагаад ирдэг дээ. Яг тэрэн шиг.

Тэр аж амьдрал тэр чигээрээ надад зүгээр л кинон дээрээс харж байсан зүйл учраас би тэнд яг л гадаадын мангар жуулчин шиг харагдаж байгаагаа мэдэрсэн. Саахалт айлынх бололтой аав, хүү хоёр бидний машиныг хараад хүрээд ирж. Зун л гэхээс өдийд танайд хэн ирэв гэж дотроо сонжин, зүгээр л хэрэгт дурлаж яваа нь духан дээрээ бичээтэй ах, хүү нэг их чухал биш зүйлс ярьсаар биднийг, намайг ажиглаад л суугаад байлаа. Гэрийн эзэд өглөөнөөс хойш хонь янзалж биднийг дайлсан. Идэж аваад бидний “жинхэнэ” аялал эхэлсэн юм.

Жинхэнэ аялал 5 хоног үргэлжилсэн. Орхоны хүрхрээ, Төвхөн хийд, Эрдэнэзуу хийд, Элсэн тасархай үзэж явах нь гайхалтай сайхан байсан ч хамгийн эхний өдөр очсон тэр айл л надад хамгийн сонин дурсамж үлдээсэн байв. 

Тэр айлд өрх толгойлсон ээж, эрэгтэй дүү болон хүүгийнхээ хамт амьдардаг. Дүү нь гэх хижээл насны ах бараг л тэр гэрийн аав гэсэн үг. Гэрт болж байгаа бүх л зүйлд чухал оролцоотой харагдана. Хальт харахад эгч, дүү хоёр эхнэр, нөхөр шиг хэдий ч бэлэвсэрч үлдсэн эгчдээ хань болж амьдардаг дүүгийн хувийн амьдрал надад үнэхээр хачин санагдаж байлаа. Энэ дүүд нь хувийн амьдрал байдаггүй юм байхдаа, хайртай эмэгтэй байгаагүй юм болов уу, үр хүүхэдгүй л юм байж дээ, өөрөө гэр оронгүй юм байхдаа гэж бодогдож байсан ч ах ер тийм зүйл боддоггүй нь энэ ярианаас мэдрэгдэнэ. “Миний муу эгч ганц хүүтэй. Хүүгээ жоохон эрхлүүлээд өсгөчихсөн. Энэ маань ажилд муу. Гэхдээ яахав тэгээд өөрөө өрх тусгаарлаад гарахаараа сурах байлгүй дээ. Бид ч энэ муу хүүг хүчилдэггүй юм.”  

Аяллаас эргэж ирээд би найзууддаа “Найз нь өөрийгөө бүр алдчихаад ирлээ” гэхээс сонин хачин яриагүй. Би үнэхээр аяллаас өөрийгөө олж чадаагүй ирсэн. Харин ч өөрийгөө улам бүр алдчихаад ирэх шиг болов. Ажлаасаа гарчихсан хүн чинь завнаас их зүйлгүй болж бүрэн хийцгүйрдэг юм байгаа биз дээ. Миний төсөөлж, төлөвлөж байснаар бол аяллаас эргэж ирээд л шинэ ажилд орж, энэ амьдралд цоо шинээр амьдарч эхлэх байсан юм. Гэтэл юу гэж юм бүхэн тийм амархан санаснаар болох вэ дээ. Гэхдээ би хоосон ирээгүй юм билээ. Өөрийгөө олоогүй ч гэсэн нэг том сургамж аваад ирсэн байсан. Хүн ер нь өөрийгөө бий болгоно уу л гэхээс, хайгаад олчихдог зүйл биш байж л дээ. Тэгээд би тэр аяллаас хойш өөрийгөө бага багаар бий болгосоор л явна. Өөрийгөө хэрхэн бүтээж байгаа вэ гэвэл би ямар нэг зүйлээс зугтах биш өөрийн биеэр оролцож, даван туулдаг болсон. Ямар нэгэн зүйлээс өөртөө хэрэгтэй сонголтыг маш болгоомжтой сонгодог болсон. Би өөрийнхөө санал бодлыг чөлөөтэй илэрхийлж, урдаа тулгарсан бүх зүйлээс зугтах биш зүгээр л оролцдог болсон. Тэгээд би өөрийгөө олсон уу гэж үү? Үгүй дээ би өөрийгөө одоог хүртэл бүтээсээр л байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

luna-d 2021.05.19 124.110.112.245

uuruu nileen bie daasan hun sanagdlaa.uuriiguu olohiin tuhaid oroldlogo hiisen bn uuriiguu aldah ni ch yu yumbe 5 honogiin aylald uuriiiguu aldaj bn gej bhgui dee.bi bas jiliin umnu hyamraad amidralaa ergen haraad amidraldaa ezen ni l baih yostoi gedgiig oilgoson hun bn huduugiin ailiin tuhai tmerhuu amidral oron nutagt nileen bii shu gehdee ergeed bodohnee mglchuud bie ur huuheddee bas ah duudee het oron zai ugduggui usguud ene ni bidend ergeed nileen asuudaltai muuhaigaar helvel hel am ihtei amidruuldag sanagdsan

0 Хариулах