Хайх зүйлээ бичнэ үү

34 мин

Хөхөөн дуун сарын хөг


Зуны тэргүүн сар хэдийн гарчээ. Нарны тооллоор бол Мэй (May), харин манайхаар хөхөөн дууны сар айлчлав. Тэд ургамал бүхнийг хамгаалагч охин тэнгэр Маяаг хүндэтгэн тийн хэлнэ. Бид хөхөө шувуу донгодож эхлэх сар тул ийн нэрийднэ. “Монгол хөхөө” төслийнхөн сансрын дамжуулагч зүүж нүүдлийг нь мөшгөсөн “Онон” нэрт хөхөө ноднин гуравдугаар сард зүүн Африкаас эх нутгаа зорьжээ. Энэтхэгийн далайг зогсолгүйгээр туулж, 16 улсын нутгаар дайрч нийт 16 мянга гаруй бээрийг туулсны эцэст Онон хоёр сарын дараа Хэнтий аймгийн Биндэр сум буюу нутагтаа ирлээ. Ийнхүү яг өдийд л тэд ирдэг нь үнэн агаад зун цагийг ингэж зарлан тунхаглах авай.

Монголын мэргэжлийн хөгжмийн салбарт дахин нэг хөхөөн дууны сар айлчилсан болов уу, урин цагийг зарлан донгодох “Онон” нь хэн хэн юм бэ? Болхи бааздуу сонсогч би сүүл үеэс Н.Жанцанноров, Б.Шарав, Х.Билэгжаргал нараас бусдыг мэдэхгүй шахам явсан агаад Б.Шарав гуайн тэнгэрийн орондоо буцсан тухай мэдээнд ихэд цочирдсон юм. Хувь хүнийх нь хувьд харуусахын ялдар бараг л Монгол Улс ингээд “мэргэжлийн” гэгдэх хөгжмийн зохиолчгүй болчихсон мэт санагдаж байлаа. Ийм гутранги эхлэлтэй хайгуул минь залуу зохиолчдод, энэ удаад Хишигтогтохын Алтангэрэлд  хөтлөв, тийн уужрав.


“АРГАМАГ ХҮЛГИЙН ХУРДААР” туулах харгуй

Ноднин мэргэжлийн хөгжмийн салбарынханд нэгэн мэдээ “бүүм” буюу тэсрэлт байлаа. Дэлхийн нэрт хөгжмийн зохиолч Ян Сибелиусын нэрэмжит олон улсын хөгжмийн зохиолчдын уралдаанд Монголын Х.Алтангэрэл хоёр бүтээлээрээ тэргүүн, дэд байрыг хүртсэн юм. Тэргүүн байр нь “Цастны мэргэд” хэмээх морин хуур, симфони найрал хөгжмийн концерт, дэд байр нь хуучир, симфони найрал хөгжмийн концерт юм. Гэхдээ “бүүм” мэдээ яг ч “бүүм” байсангүй. Жир сонсогч бид мэдсэнгүй өнгөрөв. Хаагуур нь зөрсөн, ер нь зөрдөг юм бол доо?

Мөнөөх “Цастны мэргэд” концертыг Х.Алтангэрэл 1999 онд бичиж, дэлхийн хөгжмийн салбар 2020 онд үнэлж, би энэ хавар л  анх сонсов. Энэ хүртэл 22 он улирч, харин Х.Алтангэрэл хөгжмийн зохиолчоор 25 жил ажилласан байх юм.  Түүний анхны буюу өөрийн он тооллоо эхлүүлж буй хөгжим нь “Аргамаг хүлгийн хурдаар” хэмээх морин хуур, ятгын хоршил юм.

“Хөгжмийн бүтээлийг ойлгож ухаардаг тийм сонсогчоо, урлаж чаддаг хөгжимчнөө бэлтгэх ёстой байлаа. Тийм ч учраас энэ номыг бичихээс өөр аргагүй байв.” хэмээн 1939 онд С.Гончигсумлаа “Нотонд суралцах бичиг” ном гаргасныг 1996 онд Н.Жанцанноров дүгнэсэн нь бий. Ганц миний жишээгээр ихэд хэтийдүүлэн дүгнэвээс “өөр аргагүй” шаардлага одоо ч бий нь дамжиггүй. Хувийн боловсроогүй, ширэн нүүрлэн өчихөд мунхаг харанхуйгаа биеэс бултуулж бүхэл бүтэн хөгжмийн салбарт тохож байна, тийм ээ? Гэхдээ л яагаад өдий хүртэл мэдсэнгүй вэ? гэж бодох даанч харамсам. Ширэн нүүрлэж зүрхэлсэн нь басхүү Н.Жанцанноровын “...наадмаа үзүүлэн тайзан дээр бүжгээр барилдаж, морь болж уралдана, трактор комбайн болж газар хагална, тариа хураана, хивс нэхнэ, тоосго өрнө, энэ бүхнийг хөгжим зөвхөн дүрслэх үүрэг хүлээнэ. Сонсогчдоо ингэж хөгжимдөө дасгана. Тэгээд сонгодог хөгжим, симфони, цөөхүүл хөгжмийн бүтээл сонсохгүй байна, дуурь үзэхгүй байна гэж гоморхоно. Манай ард түмэн болоогүй байна гэсэн үнэлэлт, дүгнэлт ч цухалзана. Ингэж бид сонсогчдоо хүмүүжүүлж байлаа…” хэмээх үгсээр бамбай хийж буйнх. Гэвч энэ дүгнэлт 1989 оных, одоо бол 2021 он, энэ зуурт улс төрийн дэглэм хүртэл солигдов, харин өөрчлөгдсөн зүйл байна уу?

Та анзаарсан аваас Х.Алтангэрэлийн байр эзэлсэн бүтээл нь морин хуур бас хуучрынх. Нэмээд түүнд ятга, лимбэ, ёочин, их хуур зэрэг есөн үндэсний хөгжмийн зэмсэгт зориулсан бүтээл бий. Ердөө сарын өмнө тэр "Үндэсний хөгжмийн зэмсэгт зориулсан бүтээлүүд” хэмээх хоёр боть ном ч гаргав. Зөвхөн үндэсний хөгжмийн зэмсэгт ч зориулсан бүтээл туурвиад байсангүй, өрнийн сонгодог хөгжмийн төрөл зүйлээр ч чамгүй их бүтээл бий. Түүнчлэн зэмсэг төдийгүй хэлбэрийн хувьд бүхий л төрлөөр бичиж буй нь хөгжим судлаач М.Мөнгөнсүхийн “Х.Алтангэрэлийн илүү дадаж заншсан зүйл бол–хэлбэр гэж болохоор. Түүний уламжлалт жанрт суурилан, орчин цагийн арга техникээр дуурь, оратори, симфони, чуулбар хөгжим, концерт, балет, симфони найраглал, дуулалт болон найрал дууны цуврал, дөрвөл, квинтет, секстет бичсэн гээд урт дарааллыг жагсааж болно. Үргэлж уламжлалыг баримталсан үзэлдээ тулгуурлаж өрнө дорныг синтезлэн, орчин үеийн арга техникийг ашиглан хөгжмөө бичиж байгаад түүний хүч оршихын зэрэгцээ бүхий л хэлбэр, агуулгаар уран бүтээл хийж болдгийг нийтэд нотлохыг зорьсон мэт санагдана.” дүгнэснээс харагдах буй за. Х.Алтангэрэл өөрөө ч ”миний оюун санаа үндэсний буюу уламжлалт, харин бичиж буй технологи нь европ” гэсэн юм.


Түүний бүтээлүүдэд үргэлжлүүлэн хөгжим судлаач С.Энхбулаг “Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Их хуур, симфони найрал хөгжимд зориулсан концерт” их хуур хөгжмийн урын санд үгүйлэгдээд байж болох тэр л уран бүтээл мөн. Сонсоход ойлгомжтой, ая аялгуу, хэм хэмнэл нь орчин цагийн их хуур хөгжимчдийг урагш нь чирэх зохиол болсон мэт санагдаж байна… Энэхүү концерт бол зохиогчийнхоо боловсролын түвшинг, уран бүтээлч сэтгэлгээг харуулсан бүтээл болжээ... ” гэх юм уу, соёл урлагийн сэтгүүлч Ё.Мөнхзаяа түүний үндэсний хөгжимд зориулан найруулсан И.Ф.Стравинскийн “Ариун хаврын тахилга” этно-балетад “...Стравинскийг үндэсний хөгжимд зориулан хөрвүүлэн найруулсан түүний ур чадварыг магтах хэрэгтэй. Үндэсний хөгжим дээр Стравинскийг яаж дуугаргах вэ, ямар бололцоо байж болох вэ гэдгийг тэр үнэхээр харуулсан. Үнэхээр хүнд, хэр баргийн хүний санаанд багтахгүй асуудал. Тэрээр залуу хүний зориг эрмэлзэл, өөрийн ур чадвараа үнэхээр харууллаа..." гэсэн юм. Мөн хөгжим судлаач Ч.Энхбат “...Монголын хөгжмийн зохиолчдын концертууд нь цуврал /цикл/ хэлбэрт бичигдсэн нэн ховор. Х.Алтангэрэлийн хуучрын концерт нь гурван ангит цуврал хэлбэрт бичигдсэн бөгөөд анги болгон нь каденцтай байгаа нь хөгжимчний ур чадварыг нь шавхсан бас нэг үзүүлэлт… Хөгжмийн сэтгэлгээний хувьд энэ гурван ангит концерт нь  өнөөгийн нийгмийн байдлыг харуулахыг зорьсон мэт… Энэ концерт нь хөгжимдөх өндөр ур чадвар шаардахаас гадна хөгжмийн агуулгыг сонсогчдод хүргэх сэтгэлгээний нарийн мэдрэмж хөгжимчнөөс нэхсэн концерт болжээ...” гэх зэргээр мэргэжлийн шүүмж олныг бичжээ.

Ийм л нэгэн хөгжмийн зохиолчтой ярилцсан юм.

-Хэлбэр, төрөл зүйлийн хувьд далайцтай ажиллаж байна. Зорилго тань юу юм. Хонгилын үзүүрт яг юу олж харчхаа вэ?

-Нэгдүгээрт, үүнийг мэргэжлийн хөгжмийн зохиолчдын нийтлэг зорилго, зорилт гэж ухаардаг. Манай салбар анхны мэргэжлийн хөгжмийн зохиолч бэлтгэж эхэлсэн үеэс тоолбол 70 жилийн түүхтэй. Судлаачдын нэрлэдгээр орчин үеийн мэргэжлийн хөгжмийн “Тулгын гурван чулуу” буюу С.Гончигсумлаа, Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн гуай нараас эхлэн дараачийн үе болох З.Хангал, Ц.Нацагдорж, Б.Шарав, Н.Жанцанноров гуай гэх зэргээр явсаар одоо 1970-аад онд төрсөн бид нарын үеийнхэн ид бичиж байна. Зохиолчийнхоо насны хувьд ч хоорондоо эцэг хүү байхаар буюу 20-25 жилийн зайтай, хөгжмийнх нь бичлэгийг авч үзэхэд ч үе солигдож буй нь эрс анзаарагдам мөчлөгөөр явж ирлээ. /Ч.Б: С.Гончигсумлаа 1915, Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нар 1919, Н.Жанцанноров, З.Хангал нар 1948, Ц.Нацагдорж 1951, Б.Шарав 1952, Х.Билэгжаргал 1954, Ш.Өлзийбаяр, Х.Алтангэрэл нар  1977 онд тус тус төрсөн./  Хүний амьдрал хугацаатай, хэн ч ирэх хугацаандаа ирээд амжих зүйлээ хийгээд буцна. Ногдсон хугацаандаа амжиж Монголын хөгжмийг олон улсад гаргах буюу Монгол бол ийм түүх, өв соёл, уламжлалтай ард түмэн юм шүү гэдгийг хөгжмөөрөө дамжуулж хүргэх нь үе үеийн хөгжмийн зохиолчдын эрхэм зорилгын нэг.

Хоёрдугаарт, ажлаа л хийж буй хэрэг.  Зохиолч хүн ном бичиж буй нь, барилгачин хүн барилга барьж буй нь ердөө ажлаа л хийж буй хэрэг. Харин би бол хөгжмийн зохиолч хүн, тиймээс л хөгжмөө бичиж буй хэрэг. Дөвийлгөж харахын алба үгүй.

-Олон улсад гарна гэж яг яахыг Монголын хөгжим гарчихлаа гэж ойлгох билээ?

-Оросын хөгжмөөр жишээлье л дээ. Дэлхий дахин XII сард “Шелкунчик”-ээр амьсгалдаг, угтаа П.И. Чайковскийгээр биш, Оросын хөгжмөөр л амьсгалж буй хэрэг. Оросын хөгжим зөвхөн Орост эгшиглээд буй биш байгаа биз? Герман, Австри, Япон гээд өөр улсын хөгжим ярьсан ч адилхан. Хөгжим бол хамгийн хялбар, амар аргаар тухайн үндэстэн, улсыг таниулж буй хэрэг. Тийм учраас Монголд яагаад Монголоо таниулах хөгжмийн төлөөлөгч байж болохгүй гэж?

-Тэр нь заавал яагаад Х.Алтангэрэл байх ёстой гэж?

-Заавал би байх тухай огтоос биш юм. Олон улсад Монголын хөгжим гарч байгаа нь чухал болохоос тэнд Б.Шарав, Н.Жанцанноров, Х.Алтангэрэлийн хөгжим үү гэдэг ер сонин биш. Монголын мэргэжлийн хөгжмийн салбар нь ийм хүчтэй юм байна шүү гэдгийг л гаргах ёстой.


-Та бүхний таниулах гэж зорьдог “Монголын” гэдэг зүйл нь?

-Миний уран бүтээлээр дамжиж гарах “монголын” бол манай түүх. Жишээ татъя л даа, Д.Д.Шостакович гэж хөгжмийн зохиолч бий. Түүний симфониуд өнөөдөр юугаараа ач холбогдолтой болчхоод байна вэ? Оросын түүхийг, тухайлбал 1905 оны Оросын ард түмний бослогууд, 1917 оны Октябрийн хувьсгал, 1945 оны Герман-Оросын дайныг бичсэнд буй юм. Тэр хөгжмүүд тухайн онуудад юу болсон юм бэ?, тэр үеийн амьдрал ямар байсан юм бэ? зэргийг өгүүлэх түүхийн хичээл болно. Монгол хүн мэдээж хэрэг Монголын түүхээ, цаанаа монгол үндэстэн ямар байсан юм, одоо ямар байгаа юм, цаашид яах юм гэдгийг л бичнэ. Монгол бол ардын хөгжмийн маш том ай савтай улс, ардын, уртын дуу, хөөмий, бие биелгээ гээд яривал асар баялаг, үүнийг түүхийн сэдвээр нь дамжуулж хүргэх гээд буй юм. Монголыг гаргаж үзүүлнэ гэдэг нь уран бүтээлч миний хувьд энэ л байх.

-Манай хөгжмийн зохиолчид том хэмжээний бүтээл туурвихаар сэдэв нь голчлон түүх байх юм. Яагаад одоо цагийг бичдэггүй юм?

-Аливаа үндэстний уран бүтээлчид их түүх рүүгээ ханддаг, аль ч улсыг харсан ижил. Нэг талаас, хөгжим гэдэг хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл. Тэр сэтгэл төлөвших, бие хүн болох, ертөнцийг үзэх үзэлтэй болох явцад улс үндэстний өв соёл, түүх нөлөөлнө. Нөгөө талаас, мэргэжлийн хөгжмийн хувьд дуурь, балет, симфони зэрэг том хэлбэрийн бүтээл туурвихын тулд түүнд тэнцэх том сэдэв хэрэгтэй. Монгол хүний хувьд том сэдэв бол манай түүх. Өнөөдөр л ядуу, буурай байгаагаас бус бид баялаг түүхтэй улс. Түүхэнд ядуу улс, баян улс гэж байдаггүй. Хүн төрөлхтний түүхэнд хүчтэй үндэстэн байсан уу, байх уу, үгүй юу гэдэг л асуудал байгаа болохоос баян үндэстэн байсан уу, ядуу үндэстэн байсан уу нь буюу үнэ цэн нь мөнгө төгрөгөөр хэмжигдэхгүй. Түүхийнх нь үйл түүхээр нь хэмжигдэнэ. Өнгөрсөн минь ийм том байхад түүнийг том хэлбэрийн хөгжмөөр л дамжуулж илэрхийлж гаргана. Симфонийн хэлээр түүхээ ярих гээд байгаа санаа.

Манай түүх бол ганц, хоёр уран бүтээлч бичээд барагдчих гүехэн эд биш. Би гэлтгүй л миний үеийн 40-50 насны хөгжмийн зохиолчид цөм л түүхийн сэдэв рүү хандаж байна. Бидэнд монгол хүн болохын хувьдаа түүхээ бичих хандлага байдаг, байх ч ёстой. Би цаашдаа ч түүхийн сэдвээр бичнэ. Монголын эзэнт гүрний түүх хөгжмийн хэлээр байж байгаасай гэж боддог учраас тэр. Хөгжмийн хэлээр байхын тулд бид яах вэ? Том хэмжээний дуурь, балет, симфонийн хэлээр л буулгах ёстой.

-Сэдэв тийм байж. Хэлбэрийн хувьд та нар том хэлбэрийн бүтээл эсхүл дууны бүтээл туурвиад байхаас жижиг хэлбэрийн бүтээл, уран зохиолоор бол шүлэг, найраг, өгүүллэг туурвих нь цөөрөөд байна уу даа? Байгааг нь би анзаарахгүй байна уу?

-Цөөрч байна гэж бодохгүй байна. Ер нь жижиг хэлбэрийн бүтээл өөрсдийнхөө инерцээр явдаг. Ойлгомжтой, энгийн, сонсогч шууд ойлгочих боломжтой. Таны хэлээд буйгаар одоо цагаа бичдэг түгээмэл онцлогтой. Тэгэхээр яаж ч бодсон бичигдэхгүй байна гэж үгүй.

Түрүүн яагаад та нар дандаа том сэдэвтэй бүтээл бичээд байгаа юм бэ? гэж асуулаа. Үүнийг дэлхийд гарах зорилго болоод том хэлбэрийн бүтээл гэдэгтэй уяж хариулъя. Мэргэжлийн хөгжмийн соёл өндөр төлөвшсөн улсуудад нэг цагийн симфони, хоёр цагийн дан хөгжмийн бүтээлийг яг таг сууж сонсож, философийг нь мэдэрч, сэтгэлийн таашаал хүртэж чадах сонсогчид байна. Дэлхийд гаръя гэвэл тийм анзааны сонсогчдод дүйцэх философи, хэлбэр, хийцтэй хөгжим бичих ёстой болно оо доо?. Монголын хөгжмийн зохиолчдын сэтгэлгээ болоод илэрхийлэл, техник, чадвар, ур чадвар тэр түвшнийх нь бүтээлээр илэрч таарна.


“ГАНЦ ЦАГААН ШУВУУ” буюу мөнөөх харгуйн өрнөл

Хөхөө шувууны талаарх баримтат кино үзэж байв. Хэзээнээсээ л хөхөө үрээ хаядаг харгис амьтны тод жишээ, гол нь учир юу билээ? Шувуу ажиглагчид хэд хэдэн таамаг дэвшүүлэх аж. Хөхөө цээжний онцлогоосоо шалтгаалж өндөг дарж чаддаггүй, гэтэл өндөг нь маш эмзэг, гэмтээж мэднэ, мөн эр хөхөөнд уураг хэрэгтэй тул өндгөө идчихдэг, энэ мэт шалтгаанаар эх хөхөө үрээ хаях биш хамгаалах үүднээс бусдын үүрэнд орхидог байж магад гэнэ. Эх хөхөө тийм байж, үр хөхөөний хувьд бусдын үүрэнд бойжих гэгч амаргүй. Ёстой чармайж чардайж хөл дөрөөнд, гар ганзаганд хүрнэ. Энэ чанараараа уран бүтээлч, тэр дундаа монгол уран бүтээлчидтэй тун төстэй. Уран бүтээлч бүр угаас ганцаар эрэлхийлэгч мөн чанартай. Ялангуяа Монголд бүтээгчийнхээ сэтгэл, сэтгэлгээнээс хальж ахуй, боломж бололцооны түвшинд тэд дан дангаар.  

Ирэх онд Х.Алтангэрэл долоон жилээ зарцуулсан “Ганц цагаан шувуу” хэмээх баритон хоолойд зориулсан моно-дууриа толилуулна.  Э.Амартүвшин,  Г.Ариунбаатар, Э.Анхбаяр, Ч.Бадрал гээд манай баритон хоолойтнуудын хэн нь ч дуулж болох монгол дуурь мэндлэх нь. Түүний төсөөллийн ганц цагаан шувуу яг ямар шувуу юм бол гэж сонирхол төрсөн ч асуусангүй. Гав ганцаар 16 мянган бээрийг туулан нутгаа зорьсон “Онон” нэрт хөхөө байх гэж гөрдөж итгэхийг хүссэндээ тэр.

Харин Х.Алтангэрэлийг өөрийг нь бол хөхөөтэй зүйрлэх, эс зүйрлэхийн хооронд. Учир нь тэр ярилцлагын турш багш нараа, хамт олноо, өмнөх болон нэгэн үеийн хөгжмийн зохиолчдоо олонтой цохож байв. Тиймд ганцаараа гэдгийг эсэргүүцэж мэднэ. Ямар шатаар өгсөж, уруудаж, юуг туулсан эсвэл ямар өгөгдөлтэй хүн мэргэжлийн хөгжмийн зохиолч болдог юм бол? Яг ямар чанар нь Б.Дамдинсүрэнгээр “Учиртай гурван толгой”, Ж.Чулуунаар “Уран хас”, Б.Шараваар “Хоёрдугаар симфони”, Ц.Нацагдоржоор "Үүлэн заяа", Н.Жанцанноровоор “Мандухай сэцэн хатан”, манай тохиолдолд Х.Алтангэрэлээр “1911”, “Их хаан” эсвэл “Ганц цагаан шувуу”-г бичихэд хүргэдэг вэ?

-Та морин хуурч, хөгжмийн судлаач, зохиолч хэмээх хос морьтой хүн. Морин хуурчаас хөгжим зохиох эхлэл тань?

-Улсын ардын дуу бүжгийн чуулгад морин хуурчаар ажиллах үед л дээ. Морин хуураар Ж.Бизегийн “Кармен” дуурийн антрактыг тоглоход  “морин хуураар сонгодог хөгжим тоглох ямар гоё юм бэ?” гэхийн сацуу “зөвхөн хөгжимчин бус хөгжим зохиодог хүн болох ёстой” гэж бодож байв. Анхны зохиол бол “Аргамаг хүлгийн хурдаар” гэх морин хуур, ятгын хоршил хөгжим, 1996 оных.

-Унаган хотын хүн байдаг, төгссөн сургууль, өссөн орчин тань ч хотынх. Миний таамгаар хотын хөгжим бичмээр атал таны хөгжим ихэд монголжуу?

-Тийм ээ, хотынх шүү. Аав маань зураач, ээж маань их эмч. Цагаан морин жилийн гэгдэх 1990 оны хувьсгалын жил Хөгжим бүжгийн сургуульд орж, морин хуурч, хөгжмийн онолоор мэргэшиж төгссөн. Хотын соёлоор хүмүүжсэн боловч үндэсний хөгжим рүү түлхүү уран бүтээл туурвиж байна. Нэг талаасаа хөгжмийн онолоор дамжуулж европын хөгжмийн онол, нөгөө талаасаа морин хуураар дамжуулж Монголынхоо уламжлалт соёл, ахуйд суралцлаа. Сургуульд 13 настай ороод 20 настайдаа төгссөн гэхээр яг хэн болохоо тодорхойлдог шилжилтийн насан дээрээ тийм орчинд төлөвшсөн учраас байж магад. Эсвэл далд ухамсраараа өөрийн эрхгүй үндэсний онцлогтой хөгжим бичсэн байж магад. Тэрнээс анхнаасаа заавал ийм л хөгжим бичье гэж бодож явсангүй. Таныг хэлэхээр л магадлал ярьж буйгаас биш энэ талаар бодсон удаагүй. Гэхдээ энэ бол уран бүтээлийн нэг л өнцөг, морин хуурч учраас зөвхөн морин хуурт зориулж хөгжим бичсэнгүй, олон төрлөөр бичихийг хичээдэг.

-Хэзээнээс том хэмжээний бүтээл бичих дайны бяр амтагдав?

-Бяр амтагдах биш л дээ, “Би бичиж чадах нь” гэж мэдрэгдсэн нь бол 1999 онд “Цастны мэргэд”-ийг бичих үе. Уртын дууг дан хөгжмийн бүтээлд ашигладаг уламжлалт аргаас арай өөрөөр бичихийг хүссэн. Хүссэндээ хүрчихсэн мэт мэдрэгдэж, урам орж, өөртөө итгэж эхэлсэн юм. Миний мэдрэмж, хөгжмийн мэргэжилтнүүдийн бодол хоорондоо таацсан мэт санагддаг, санагдах ч юу байх вэ. Ян Сибелиусын нэрэмжит хөгжмийн наадмаас шагнал авахаар л сая бодож буй юм. Ер нь миний анхны хөгжим дан хөгжмийн бүтээл байв. Хувь тавилан ч юм уу, яагаад ч юм миний бичих хөгжмийн төрөл бол дан хөгжим шиг л санагддаг. Үүний дараа 2006 онд морин хуур, төгөлдөр хуурын I сонатыг бичээд “ийм концертын бүтээл бичиж чадах нь” гэж өөрийгөө тоосон. Нийт есөн концерт, үүнээс гоцлол хөгжмийн төрөлд долоон концерт бичсэн. Концерт гэдэг нь хөгжим дэх гоцлол хөгжмийн хамгийн том төрөл.

-Та хөгжмийг авьяас буюу мэдрэмж, сэтгэлээр, мэдлэг буюу туршлага, сурсан зүйлээр хослуулж бичдэг гэж ярьдаг. Таны хөгжмүүдэд энэ хоёр хоёулаа эн тэнцүүхэн байж чадаж байна уу?

-Хувь хүнийхээ хувьд бол “чадаж байгаа” гэж бодож байна. Том хэлбэрийн хөгжмийн бүтээлийг дан авьяасаар бичихгүй. Би уншдаг хүний хажууд дульхан, огт уншдаггүй хүний хувьд дөнгүүртээ орж магад. Том том романыг зохиолчид нь үнэхээр янзтай гоё том зургаар харж, төлөвлөж бичсэн байдаг. Ганц авьяасаар биш боловсрол, ухаанаар л бичиж таарна. Хөгжимд бол жишээ нь П.И.Чайковскийг сонсоход боловсрол нь, форм нь, авьяас нь шууд харагдана. Хүнд төрмөл авьяас бий, түүнийг цааш нь хөгжүүлэх зүйл нь ухаан байж таарна. Зөвхөн авьяасаар бичнэ гэвэл монголчууд цөм авьяастай, түүнийгээ хөгжүүлээд, боловсруулсан нь л мэргэжлийн хөгжим бичнэ.

За, авьяас, мэдлэг ухаан байлаа, бас л хангалтгүй. Тэвчээр, тууштай байдал хэрэгтэй. Хөгжмийн салбарт хамгийн чухал шаардлага нь юу гээч? Чи авьяастай байна уу? Эсвэл ухаантай байна уу? Тэр чинь огт падгүй. Чамд хамгийн түрүүнд, нэг номерт тавигдах ёстой зүйл нь чи сууж чадах уу? гэдэг л бий. Чи яг үнэхээр хөгжмийн ард тасралтгүй таван цаг, арван цаг, өдөр бүр сууж чадах уу? Энэ бүгд нийлвэл мэргэжлийн, том хэлбэрийн бүтээл бичиж чадна. Б.Шарав багш хэлдэг, уран бүтээлч хүн өдөр бүр дасгалжих ёстой гэж. Хөгжимчид ярьдаг даа, нэг өдөр хөгжмөө давтахгүй өнжвөл өөрт, хоёр өдөр бол хажуудах хөгжимчинд, гурван өдөр бол сонсогчдод мэдрэгдэнэ гэж. Хөгжмийн зохиолч ч адил өдөр бүр ажиллаж байж мэдрэмж нь хөгжиж, нарийсна.

-Ажиллана гэдэг нь?

-Хөгжмөө зохионо, зохиол дээрээ ажиллана гэсэн үг.

-За?

-Дартс шидэж буй мэт гэж багш хэлдэг. Өдөр бүр шидээд байвал тойргийнхоо дотор, яваандаа шидсэн бүр байдаа ононо, бүр их сайжирвал 9-10 дээр л ононо. Захаасаа төв рүү шилжиж байна гэсэн үг. Тойргийн гадна онож буй хөгжим бол аль ч утгаараа амжилтгүй, төвд онож байвал амжилттай боллоо л гэж үзнэ.


-Та хэд дээр онож байна?

-Үүнийг би биш хөгжим судлаачид л дүгнэнэ. Ер нь би туршлагажиж байна.

-Уран бүтээлчид 9-10 дээр онож буйгаа яаж мэддэг юм? “Мэргэжлийн хөгжмийн зохиолч болчихжээ” гэдгээ зохиогч нь өөрөө яг хэзээ анзаарч эхэлдэг вэ?

-Хөгжимчид, дуучид, сонсогчид, судлаачдын хүлээн авч буйгаас мэдэрнэ. Миний хөгжмийг хүн сонсоосой, хөгжимчид хөгжимдөхдөө дуртай байгаасай гэж бодож хөгжим бичнэ, хэн чиг. Мөн чамаас хүн хөгжим захиалаад эхэлнэ. Бас ижил мэргэжлийн уран бүтээлчид бие биенийгээ хүндлэх хүндлэл, бие биедээ урам өгөх байдал байна. Эдгээр зүйлээс “За, би бол мэргэжлийн хөгжимдөө гайгүй яваа юм  байна” гэж мэдэрнэ.

-Том хэмжээний бүтээл туурвихад зохиолын төлөвлөгөө гаргадаг байх. Та яаж бичдэг вэ?

-Тийм, төлөвлөнө. Симфони бичих бол танилцуулах хэсэг нь ийм байна, хөгжих эсэх нь ийм байна, тайлал хэсэг нь ийм байна гэж зураглана. Нөгөө том сэдэв, том агуулга, том формтой хөгжмийг гарцаагүй төлөвлөж л бичнэ. Гэхдээ цаасан дээр учиргүй план, деталь бүрээ бичиж, яг тэр дагуугаа явна гэдэггүй. Том агуулгаар нь толгойдоо зураглана. Б.Шарав багшийн хэлсэнчлэн толгойн дотор хөгжим дуугардаг юм, яг тэр үед хөгжмийнхөө ард суух маягаар ажилладаг.

-Та яг өөрөө юу сонсдог хүн бэ?

-Ухамсартайгаар, яг зорьж сонсдог хөгжим гэвэл дан мэргэжлийн хөгжим, тэр дотроо сонгодог хөгжим. Ухамсаргүйгээр бол зурагтаар, автобусаар гээд хаа сайгүй л хөгжим эгшиглэж байна. Сонсохгүй хаа холдох вэ дээ. Миний хамгийн дуртай хөгжмийн зохиолч бол П.И.Чайковский, Д.Д.Шостакович. Мэдээж сурч байхдаа, залуудаа цөмийг нь сонссон. Гэхдээ хорьтой сонсох, дөчтэй сонсох өөр хэрэг. Тухайн хөгжим өөрчлөгдөөгүй, яг хэвээрээ, сонсож буй би л өөрчлөгдөж байна. Тийм ч учраас ахин дахин сонсдог.

-Ингэхэд анхны хөгжим болох “Аргамаг хүлгийн хурдаар”-ыг бичсэн Х.Алтангэрэл, өнөөдрийн “Их хаан”, “Ганц цагаан шувуу”-г бичсэн Х.Алтангэрэл ямар ялгаатай байна вэ?

-Нэг их өөрчлөгдөөгүй байх аа, сэтгэлгээ, хувь хүн нь цоо шинэ болохгүй. Харин туршлага хуримтлуулснаараа л ялгаатай. Өөрийн бичлэгийн хэв маягаа туршлагаараа л баяжуулсан байж таарна. Мөн хорьтой байхдаа мэдрэмж давамгайлж хөгжим бичиж байсан байна. Мэдрэмж гэдгийг авьяастай холбож ярьж байна. Өнөөдрийн би илүү мэдлэг давамгайлж хөгжим бичдэг болсон байж магад. Мэдлэг гэдгийг боловсролтой холбож тайлбарлах гээд байгаа юм.

-25 жил хөгжмийн зохиолчоор ажиллажээ. Дунд нь хэд хэдэн удаа нэмж сурсан байх юм?

-Миний ухаарч буйгаар хүн оюун ухаан, мэргэжлийн хүрээнд ойлгож, бодож, мэдэрч буй зүйлээ үе үе шинэчлэх шаардлага бий. Дэлхий ертөнц асар хурдацтай хөгжиж байна, үүнээс хоцрох хэрэггүй. 2004 онд Москвагийн Соёл, урлагийн сургуулийг төгссөнөөс хойш 17 жил өнгөрчихлөө. Тархийг батерейгаар зүйрлэвэл сууж таарна, цэнэглэж байх ёстой. Ийм учраас төгссөнөөс таван жилийн дараа буюу 2009-2010 онд Санкт-Петербургийн консерваторид суралцсан, дэлхийн хөгжим яаж өөрчлөгдөж байна, би өөрөө бас яаж өөрчлөгдсөн байна?, шинээр юунд суралцах хэрэгтэй болсон бэ? гэдгээ мэдэхийн тулд сурсан. Нөгөө талаар таван жил багшилчхаад сурсан юм. Оюутан Х.Алтангэрэл, багш Х.Алтангэрэлд ялгаа бий, багшлах явцдаа анзаарсан буюу дутуу суралцсан зүйлээ нөхөхийг зорьсон юм. Түүний дараагаар 2017-2018 онд “Их хаан” дуурийг бичихийн тулд ахин нэг сурч, өөрийгөө цэнэглэсэн. Хэдэн жилийн дараа дахиад ч сурах санаа бий. Ер нь 25 жил хөгжим бичлээ, энэ хугацаанд би өөртөө хоёр удаа шинэчлэл хийсэн. Эхнийх нь “Төгсгөлгүй” танго-балетыг бичих үед, нөгөө нь “Их хаан” дуурийг бичихэд. Ер нь хөгжмийн зохиолч бичлэгийн хэв маягаа өөрчлөх асар хэцүү. Гэтэл бичих хөгжмийн төрлөөсөө шалтгаалж өөрчлөгдөх шаардлага гарчихлаа, Х.Алтангэрэл шиг бичиж болохгүй болчихлоо. Сурах, өөрийгөө хөгжүүлэхээс өөр арга байхгүй. Жишээ нь, “Их хаан” дуурийг бичихэд чи монгол байж болохгүй, Италийн дуурь шиг бич гэж захиалагч хүсэж байна шүү дээ.

-Өөрийгөө өөрчлөхгүй ээ гээд татгалзаж болно шүү дээ?

-Өө, “Их хаан”-ыг бичихдээ яг Италийнх шиг бичээгүй. Монголоо ч, өөрийгөө ч, Италийг ч хольж бичсэн. Би чинь монгол хүн шүү дээ, хүссэн хүсээгүй надаас монгол аялгуу урсана шүү дээ. Тиймээс “Их хаан” дуурийн дүрүүд болох Чингис хаан, Боорчийг би монгол хэв маягаараа, Аль-Фатима, Желаль-Ад Динийг тэр өнгө аясаар нь гэх мэтээр хольж бичсэн. Эцсийн дүндээ хоёр цаг 30 минутын дуурьд бүтнээрээ Италийн хөгжим урсахгүй.

-Та юунаас өөрийгөө сэлбэж байна. Шавхагдашгүй мэт байх юм?

-Алсаас хариулъя, нэрт дорно дахин судлаач Л.Н.Гумилёв хэлсэн байдаг даа. Ямарваа нэг үндэстэн цойлоход нарны эрчим, газрын эрчим, сансрын эрчим гэсэн гурван хүчин зүйл их нөлөөлдөг. Энэ гурван эрчим нэг дор цугласан цагт тэр улс гүрэн, ард түмэн дэлхийн түүхэнд маш хүчтэй цойлдог оо гэж. Мэдээж үүнийг монголчуудтай холбож хэлсэн байж таарна. Байгаль, цаг агаар, газар зүйн байршлын хувьд нар, газрын эрчим монголчуудыг ивээдгийг түвэггүй ойлгож буй байх. Харин сансрын эрчмийн тухайд бол бид эртнээсээ тэнгэртээ хөтлөгдөж, залбирч, сүү цайныхаа дээжийг өргөж, тэнгэрээ шүтэж ирсэн улс. Улс үндэстний хувьд ийм байна, харин хувь хүний талаас яривал би монгол хөгжмийн зохиолч. Байгальдаа буюу тэнгэр, газартаа ойрхон байхыг эрмэлзэнэ. Сансрын эрчим үлдлээ тийм ээ?, онгод гэж зүйл бий, түүнийг шинжлэх ухаанчаар тайлбарласан зүйл алга, би харин сансрын эрчмээр тайлбарлах гээд байна. Зураач ч, зохиолч ч, хөгжмийн зохиолч ч тэр оюун ухаанаа өнөөдөртэй, ахуйтай биш харин дээшээ тэнгэр, сансартай төсөөллөөрөө холбож  буй юм. Нөгөө нэг авьяас гээд буй зүйлийг ч ингэж тайлбарлаж болно. Гэхдээ П.И.Чайковский “Залхуу хүнд онгод заяадаггүй” гэж хэлсэн. Оюун ухааныг онгодтой холбох, онгодоо хөглөх процесс бол хөдөлмөрлөх. Онгодоосоо эсвэл сансрын эрчмээс холбоо тасрахгүйн тулд ердөө хөдөлмөрлө.

-Уран бүтээлчийн мухардалд орж байв уу?

-Нэг түүх ярья. Сүүлд хойно сурч байхад манай ангид нэг оюутан байлаа, яаж ч хичээгээд надаас юу ч гарахгүй, хөгжим зохиож чадахгүй байна гэж Б.И.Тищенко багшид хэлсэн. Багш хариулж байна. “Тогтмол ажиллахгүй байгаа үед л уран бүтээлч мухарддаг юм аа. Гэхдээ хэрвээ мухардалд орчихвол буюу чамаас юм гарахаа больчих эсвэл өөрийгөө давтаад эхэлбэл нэг арга бий. Өмнөх үеийнхээ хөгжмийн зохиолчдын бүтээлийг хуулж, тэдний хөгжмийг цааш нь хөгжүүлэх байдлаар, сэдэвлэж хөгжим зохио!. Бусдын хөгжмийг технологийн хувьд хөгжүүлээд бичиж байтал шинэ санаа төрнө. Тэр шинэ санааг шүүрээд авах хэрэгтэй. Хичнээн аугаа ч гацах үедээ И.С.Бах энэ аргыг их хэрэглэдэг байсан” гэж багш хэлж байв. Би харин аз, хувь тавилан, дандаа сайн багш нартай учирч явсных ч юм уу мухардаж, гацах үе тохиосонгүй. Хэрэв зээ гацдаг юм аа гэхэд багшийн үгэнд дөрөөлж бодоход ардын дуу, хөгжим рүүгээ л хандана. Ямар ч хамаагүй нэг ардын дууны ая бариад суухад насаараа мухардахгүй тийм баялаг хөгжмийн өвтэй үндэстний үр сад шүү дээ.

-Юу таны хөгжмийг Х.Алтангэрэлийнх болгоод байна?

-Бичлэгийн хэв маяг гэж зүйл бий. Уран бүтээлч хүн эхлээд “би”-гээ олох ёстой. Тэр их нарийн төвөгтэй зүйл. Шууд л олчихдог, нүдэнд харагдаж, гарт баригддаг зүйл биш шүү дээ. Гэхдээ дотор минь байж л байгаа, түүнийгээ оллоо гэхэд яаж баталгаажуулах вэ? Өөрийн арга барилаа олоод түүгээрээ бичиж байтал тогтоно. Би бол өөрийгөө хэв маягаа олсон гэж боддог. Тодорхой үе шатыг туулж олсон байж таарна. Суралцаж байх үед багшийн нөлөө их ордог, Б.Шарав багштай ижил бичиж байсан үе байгаа байгаа, үүний дараа яг Х.Алтангэрэлийг нээе гэж ухамсартайгаар ажилласан бүтээлүүд ч бий. Х.Алтангэрэлийн хөгжим гэвэл эгшгүүдийн дүрслэл, аялгууны онцлог, өрнөл буюу хөгжүүлэх арга барил зэргээрээ ялгагдах байх.

Хүний үзэл бодол, оюун ухаан өөрчлөгдөж хөгжиж байдаг зүйл. Танигдахуйц хэв маяг гэх зүйл нэг талаар сайн, нөгөө талаар муу гэж үздэг. Хөгжмийн зарим зохиолч “өөрийгөө давтах л юм бол хөгжил байхгүй болж байна аа“ гэж үзэх нь бий. Зохиол болгондоо өөр байдаг зохиолч гэвэл жишээ нь А.Шнитке, түүний симфонийг сонсоод “яг ийм хүн байна даа” гэж ойлготол дараагийн симфонидоо шал өөр болчихно. Өөрөө ч хэлсэн байдаг, “Би өөрийгөө давтахыг хүсдэггүй учир байнга шинэ зүйл хийнэ” гэж. Гэтэл сонсоод л хэнийх гэдэг нь танигдах зохиолч нь түүнээс ч олон. Аль аль нь дэлхийн хөгжмийн түүхэнд зэрэгцэн оршсоор ирсэн. Өөртөө автахаараа муу, сайн эсвэл бичих бүрийдээ өөрчлөгдөх нь муу, сайн гэх нь өрөөсгөл. Туйлын зүйл гэж байхгүй. Аль нь ч байлаа эцэстээ ганц цэгт л очно. Өөрийгөө давтсаар байгаад “шедевр” буюу оргил бүтээлээ хийх гээд байна уу, өөрчилж шинийг туршсаар байгаад хийх гээд байна уу гэсэн цэг. Зам нь л өөр болохоос зорих цэг адил. Л.Толстой гэхэд “Анна Каренина”-гаа таван жил, “Дайн ба энх”-ээ зургаан жил бичсэн. Тэр хугацаанд “Анна Каренина”-г гэхэд л 20 удаа хуулж бичингээ засаж сайжруулсан гэдэг. 20 өөр хувилбарын эцэст дуусгасан гэсэн үг.

-Та “шедевр” бүтээлээ бичсэн үү?

-Үгүй, гэхдээ нэлээн ойртож байна гэж бодож байгаа шүү.

-Хэзээ бичих юм?

-Арван жилийн зай бий болов уу.

“ТӨГСГӨЛГҮЙ” хийгээд Монголын заяа ихэд итгэн залбирнам

Аль 1964 онд болсон Монголын хөгжмийн зохиолчдын холбооны анхдугаар их хуралд тавьсан С.Гончигсумлаагийн илтгэл болоод 1989 онд мөн хурлын тавдугаар удаагийнхт тавьсан Н.Жанцанноровын илтгэлийг харж сууна. Мөн 1996, 2012 онуудын “Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлого” хэмээх баримт бичгийг, энэ сард Соёлын яамны түгээсэн “Монгол соёл-Монголын баялаг" нэвтрүүлгийг уншив, үзэв.  Агуулгад цаг үеийн өөрчлөлтөөс өөр онцын зөрөө байсангүй. Монголчуудын үндэсний соёлоо уламжлал, шинэчлэлийн заагт хөгжүүлэх, дэлхийн тавцанд гарах орь хүслэн ханхална. Гэвч хүссэн шигээ далайцтай үр дүнд хүрсэнгүй. Хажуугаар нь “Солонгосын давалгаа” буюу дотоодын соёлоо дэлхийд гаргах бодлогоор дэлхийг “эзэгнэн” буй тэр улсын Ерөнхийлөгчдийн соёлын талаарх илтгэлийг харьцуулсан судалгааны өгүүллийг ч харж амжлаа. Өмнөд Солонгосын 1998, 2003, 2008, 2013, 2017 онуудад сонгогдсон таван ч Ерөнхийлөгчийн илтгэлд соёлын буюу солонгосын давалгааны талаарх агуулга 0.8-аас 17 хувь хүртэл өссөн статистик хүртэл байна. Басхүү улс нь консерватив, либерал зэрэг улс төрийн өөр, өөр үзэлтэй үеийг туулсан ч соёлын бодлого дээрээ бол санал нэгдэж, нэг л зорилгоор ажилласан байх аж. Ярилцлагадаа эргэн оръё.

-Уран бүтээлд, түүнийг бүтээгчдэд өөрийн санаа, өнцөг гэж бий. “1911”, “Их хаан”, “Тусгаар Монгол Улс” гээд түүхэн сэдэвтэй зохиолыг улс төрийн өнцөггүйгээр бичнэ гэж үгүй байх?

-Хоёр янзаар хариулъя. Эхнийх нь, уран бүтээлч хүн улс төрийн намаас ангид байх ёстой, би ч адил, зөвхөн  уран бүтээлээ л хийдэг хүн. Удаах нь, би эх оронч үзэлтэй хүн, хөгжмийн хэлээрээ түүхээ бичиж үлдээхийг зорьдог эх оронч үзэл.  Марзан Б.Шарав гуайн “Монголын нэг өдөр” гэж сайхан бүтээл бий. Монголчуудын аж байдал, өдөр тутмын хийдэг зүйлсийг нэг хавтгайд багцалж харуулж, ойлгуулж, үлдээсэн бүтээл, үйл явдлууд нь хоорондоо холбогдохгүй. Тиймээс таны асуугаад буй шиг улс төрийн өнцөг олж харахгүй. Хөгжим талаасаа Монголын нэг өдрийг яг ингэж мөлжих хэрэгтэй гэж боддог. Монгол симфони гэж байдаг бол бүтэц, хийц, ерөнхий агуулга нь тийм л байна байх. Цаг хугацаа хэрэгтэй л дээ, гэхдээ тийм л зүйл боловсруулахыг зорьдог.  Түүхийг дүгнэж уран бүтээл хийх үү эсвэл дүрсэлж хийх үү гэдэг хоёр сонголтоос би дүрсэлж хийхийг нь сонгоно. Үүнийг харин дүгнэж ойлгох эсэх нь сонсогчийн асуудал. Таны жишээ татсан “1911”-ийг бичихийн тулд судалж таарна, нөгөөтээгүүр үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил тохиох цаг үед би амьдарч таарлаа, тэгээд л бичсэн хэрэг. С.Гончигсумлаа гуайд гэхэд энэ хувьсгалыг бичих цаг үе нь таарсангүй, таарсан бол бичиж л таарна, ердөө манай үеийнхэнд олдсон боломж энэ юм.

-Мэргэжлийн хөгжимд сонсогч бэлтгэх бодлого гэж байх ёстой юу?

-Сонсогчдоо бэлтгэх ёстой. Бүүр бодлогоор бэлтгэх ёстой. Хүн төрөлхөөсөө балет, дуурь үзэж, симфони сонсдог болчихдоггүй. Манайд хуучин цагт мэргэжлийн хөгжмийн зохиолчдыг бодлогоор бэлдлээ, тэд нь хөгжмөө бичлээ, одоо сонсогч хэрэгтэй биз дээ? Хүчээр ч болов үзүүлж бэлтгэж байлаа. Одоо харин хүчээр байтугай хүчгүй ч бодлого мэдрэгдэхгүй юм. Хөгжим бол хэдэн хөгжмийн зохиолчдод, мэргэжлийн хөгжим бол бүүр цөөн хүнд хамаатай мэт ойлгоцгоодог. Уг нь бид өөрсдөдөө зориулж бичээд буй биш. Хүүхдийг роман уншиж чаддаг болгохын тулд зурагт ном, үлгэр, өгүүллэг, тууж гээд урагш залаад явдаг биз дээ? Түүн шиг л хөгжмийг алхам, алхмаар сонсгож хөгжүүлсээр симфони сонсдог хүн бий болгоно. Ер нь хөгжим сонсгох гээд байгаагийн зорилго юу юм бэ? Хүнийг хүн болгодог, нийгмийг соён гэгээрүүлдэг гол зүйл бол хөгжим.

-Хөгжмийн зохиолч юун түрүүнд хүн байх зарчмын тухай та их ярьдаг. Үүнийг та ямар санаа агуулж хэлж байна вэ?

-Худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, хар санаа агуулахгүй, хүнд хор учруулахгүй байхыг хэлнэ. Уран бүтээлч нэн тэргүүнд зөв, сайн, жинхэнэ хүн байх ёстой. Тэрний дараа жинхэнэ, зөв, сайхны тухай дуулна, түүнээс нь нийгэм, ялангуяа хүүхдүүд жинхэнэ, зөвд татагдана. Энэ зарчим алдагдчихаар нийгэм буруудаад буй юм. Ийм монгол хүн бэлтгэхэд хөгжмийн бодлого маш чухал үүрэгтэй. Хэргээр би хөгжмийн бодлого гэж хэлж байгаа шүү. Монголын нийгэм ухамсар, ёс суртахууны хувьд ялзарсан байна. Аав, ээж, ах, дүү, төр засаг нь цөм худлаа хэлнэ, хулгай хийнэ. Монгол үндэстний эрх ашгийн төлөө ажиллах улс нь эзэн, ард түмэн нь зарц болж байр солигдлоо. Бид худлаа үндэстэн болж ялзарлаа. Ялзарсан нийгмийг юу дээш татаж гаргах юм бэ? Урлаг л гаргана. Би ч хэлээд байгаа юм биш, дэлхийн түүх харуулдаг. Та бод доо, П.И.Чайковский яагаад хүний дотоод сэтгэлийг хөндсөн хөгжим бичив?, түүхэн тохироо тэгж таарсан, тэр үед Оросын нийгэм, хаант засаг ялзралд орсон, ард түмэн нь туйлдаа хүртэл ядарч, завхарч хэн нэгний эд хөрөнгө мэт болсон байлаа. Энэ бүгдийг зөв голдрилд оруулахад хөгжмөөрөө нөлөөлсөн. Чи хэн юм бэ? Чи хүн мөн юм уу? Чамд зүрх сэтгэл гэж байна уу? Чиний дотор юу байна? Чамд гоё хөгжим сонсгоход уясч чадах юм уу? гэдэг асуулт хөгжмөөрөө тавьсан. Тийм хөгжмийг сонсоод аажимдаа нийгэм ялзралаас гарсан, П.И.Чайковский ч ийм нөлөө үзүүлснээ өөрөө мэдээгүй, үр дагавар нь л ийм байсан. Хөгжмийн бодлого гэж ийм энгийн зүйлээс эхэлнэ, хэн ч хийж чадахгүй, айхавтар зүйл ер биш.

-“Монгол хүн” байх гэдэг нь. Бид хэн юм? Таны хариултыг ойлгочихвол хөгжмүүдийг тань илүү ойлгох байх.

-Газар нутгийн талаасаа Төв Азийн тэгш өндөрлөгт энэ газар нутгийн эзэн болж, их түүхт төрт улсад амьдарч буй бид бол монгол хүн. Оюун сэтгэхүйн талаасаа монгол хүнийг монгол хүн болгодог гол хүчин зүйл нь түүх, өв соёл юм. Тиймээс түүхээ мэддэг, үндэсний онцлог, өв соёл, уламжлалаа мэддэг, судалдаг, хүндэлдэг, ирээдүйд Монгол гэж улсыг дэлхийд таниулна, бас авч үлдэнэ гэдэг эх оронч үзэлтэй хүнийг хэлнэ. Эдгээр зүйл байхгүй бол тэр хүн монгол цус, гентэй л хүн болохоос монгол хүн огт биш. Америкт төрж, өссөн, хэлээр нь ярьж, соёлоор нь амьдардаг хятад хүн өөрийгөө хятад гаралтай Америк хүн гэхээс биш хятад хүн гэж ярьдаггүй биз дээ? Түүн шиг монгол гаралтай америк, хятад, япон хүн болохоос бус монгол хүн биш.

-За аа, хөгжмийн бодлогоор таны хэлээд буй “хүн шиг хүн”  бэлдэх маш энгийн жишээ байна уу?

-Ядах нь аа, найрал дуу. Дунд ангийн дөрвөн жилд нь найрал дуу орох. Найрал дуунд би биш бид, би биш монголчууд байна. Ганцаараа гоцгойрох биш бусадтайгаа нийлж байж л найрсан дуулах учраас харилцааны маш том сургууль болно. Хамаагүй ээ, манайд найрал дууны бүтээл бага байж магад. Гэхдээ үүнийг дагаад бүтээл нь төрнө, тэр бүтээлийг хөгжмийн зохиолч л бичнэ. Мөн үндэсний театруудын урын санг баяжуулах, өчнөөн олон сайн бүтээл буй боловч өнөөгийн сонсогчдод шинэ зүйл хэрэгтэй байна. Түүнийг ч бас хөгжмийн зохиолч л бичнэ. Үүнийг бодлогоор л дэмжинэ. Монгол хүний, монгол үндэстний ирээдүйг бодсон хөгжмийн бодлого хэрэгтэй.

-Ингэхэд та Монголын заяа их гэдэгт итгэдэг үү?

-Итгэдэг, залбирдаг. Монголчуудыг тэнгэр заяат гэдэгт ч итгэдэг, хүн ирээд “худлаа шүү” гээд барим тавин нотолсон ч би итгэсээр байна. Өнөөдрийнхөө тамын амьдралд  автаад анзаарахгүй байж магад, гаднаас нь нэг харах хэрэгтэй. Ямар сайхан газар нутаг, байгаль дэлхий, өв уламжлал, түүхтэй үндэстэн билээ? Энэ тохиолдол биш тавилан.


“ХӨХӨӨН ДУУН САРЫН ХӨГ” минь байлаа, Хишигтогтохын Алтангэрэл

Түүнтэй хувь уран бүтээлчийнх нь талаар ярилцах зорилготой уулзалтууд эрхгүй манай улсын одоо хийгээд ирээдүй цагт зовних сэтгэл, хувийн амьдрал бус “хувьсгалын” хэрэгт шилжээд байв. Үнэнээ хүлээе. Уран бүтээлчээс комплекс буюу хувийн амьдрал дахь зөрчил, түүнээсээ сэдэвлэсэн бүтээл хүсдэг амьтан байжээ, би. Хэрвээ тийм зүйлийг нь ухаж төнхчиж чадвал яг зорьсондоо хүрэх мэт. Тэгвэл л бүтээлийг нь сайн мэдрэх мэт, чингэвэл л молхи надад ойртох мэт. Гэтэл түүнээс хувь хүний дотоод зөрчил бус үндэстний ухамсрын доройтолд шаналсан, хий шаналалгүй гарц хайсан эрэлхийлэл мэдрэгдэв. Ингэхэд байзаарай! Ер нь уран бүтээлчээс уншигч, сонсогч, үзэгчийг уйлуулах, уяраах тактикийг нь л хайх яг зөв үү? Жирийн, ердийн зөрчилгүй эсвэл ийм дайны “үндэстний” учир шалтгаацал байж болохгүй цаг юм уу?. Үнэндээ бидний “одоо цаг” гээч нь зөвхөн уран бүтээлчид бус хүн бүр үндэстнийхээ орших уу, эс орших уу? хэмээхийг эргэцүүлж, оршихын тулд ухамсартайгаар үйлдэх зорилго өөд хөтөлж байна. Ахиад монголын түүхэнд тусгаар тогтнол, үндэсний ухамсраа алдсан үе давтагдах учиргүй. Үүнийг түүний хөгжмөөс, ярианаас мэдэрсэндээ миний тавдугаар сар хөглөгдчхөв. Ийм зүгт намайг залуурдсан хөгжмийг би Монголын хөгжмийн салбарын урин цагийг дохиолсон хөхөөн дуун хэмээн хувьхандаа дүгнэнэ.
Ийн бичээд дуусах үед

“Цагийн сайхан зуны эхэнд
Газрын сайхан хангайн нуруунд
Хөхөө шувуу урьхнаа донгодох үес
Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай” хэмээх Д.Нацагдоржийн мөрт санагдаж, харин чихэвчээр Морин хуурын чуулгын тоглосон Х.Алтангэрэлийн хөгжим “Төгсгөлгүй” танго сюит эгшиглэж байлаа...


Гэрэл зургийг З.Энхмөнх

Хамгийн их уншилттай
1
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
2
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
3
2021.10.15
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
холбоотой мэдээ
1
2021.10.20
БЭРХ БИШ ЭЭЛТЭЙ | Хамтдаа хичээхэд болно доо
2
2021.10.07
Ж.Жамъянсүрэн: Би хорин хэдтэйдээ кино хийгээгүйдээ баярладаг
3
2021.10.04
ХОБО ЖИБЭ | Деми Ловато харь гарагийнхантай холбоо тогтоож, Шакирагийн оффшор данс илрэв
санал болгох
1
7 цагийн өмнө
Монголын Оюун Ухааны музей ГИННЕСИЙН НОМОНД бичигдлээ
2
9 цагийн өмнө
Зурхайтай холбоотой "хөх инээд" хүргэм 12 МИЙМ
3
14 цагийн өмнө
Эх дэлхийгээ хайрлаж, ухаалаг амьдрах 40 АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (7)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.09.22 176.219.154.25

Монголд сайхан залуучууд байна шүү. Хогийн амьдрал, новшийн мэдээлэл дунд гутарч байхад сэтгэл сэргээж, босоод алаад өгмөөр урам өгөх юмдаа. Ийм хөгжмийн зохиолч байдгийг мэдээгүй явж. Хөгжмийг нь сонслоо, уйлмаар байна. Харьмаар байна. Монголдоо очоод бардам сайхан амьдарнаа. Монголын заяа их шүү.

0 Хариулах


Зочин 2021.06.04 66.181.161.97

Уншаад дуусах үед “Цагийн сайхан зуны эхэнд Газрын сайхан хангайн нуруунд Хөхөө шувуу урьхнаа донгодох үес Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай” хэмээх Д.Нацагдоржийн мөрт санагдаж, харин чихэвчээр Морин хуурын чуулгын тоглосон Х.Алтангэрэлийн хөгжим “Төгсгөлгүй” танго сюит эгшиглэж байлаа...

0 Хариулах


Зочин 2021.05.30 202.21.124.132

Гарахад нь уншсан. Хөгжмүүдийг нь сонсож үзлээ. Өнөөдөр ахиад уншлаа. Ийм дотор хүч ихтэй зохиолч илүү хол явах байх, дэлхийн тавцанд гарах болтугай. Ийм сайн нийтлэлийг ядаж 100 хүн уншихгүй л байх даа. Харамсалтай юм даа.

0 Хариулах


Фэн 2021.05.25 202.21.124.131

Монголын заяа их шүү дээ. Итгүүлдэг цувралуудад нь дуртай, энэ сэтгүүлч залуусын.

0 Хариулах


Уншигч 2021.05.22 43.242.242.177

З.Энхмөнх, Ч.Бат-Уянга хоёрын дараагийн ярилцлагыг хүлээж хүлээж уншлаа. Үнэхээр бах ханалаа.

0 Хариулах


Зочин 2021.05.21 66.181.189.92

Сайхан ярилцлага байна. Сэтгүүлч нь уран, хөгжмийн зохиолч нь ухаантай бөгөөд мэдлэгтэй юм.

0 Хариулах


Зочин 2021.05.20 192.82.67.159

Woowww үнэхээр woowww л гэе. Урам ороод Монголын улс маань хөгжмөөр санагдаж байна. Залуучууд мундаг байна шүү. Сайхан ярилцлага байна. Залуучуудын цаг иржээ

0 Хариулах