Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Өөрчлөлтийн эхлэл нь чиний, миний, бидний санал бас оролцоо


Дараагийн сонгууль хүртэл 1095 хоног үлджээ. Нэг хэсэгтээ л бид сонгуулийн уур амьсгалаас холдох нь. Үүнээс урьтаж залуус бид сүүлийн гурван сонгуульд хэрхэн оролцов гэдгийг эргэн нэг харъя. 

Монголчууд 2020 онд УИХ болон Орон нутгийн төлөөлөгчөө, 2021 онд анх удаа зургаан жилээр ажиллах ерөнхийлөгчөө сонгов. УИХ-ын сонгуульд 73.64 хувийн ирцтэй оролцсон бол Ерөнхийлөгчийн сонгууль түүхэндээ хамгийн бага буюу 59.35 хувийн ирцтэй байлаа. 

Сонгогчдын дунд эзлэх хувиараа жин дарах том бүлэг болох залуучуудын оролцоо үе үеийн сонгуулиудад чамлалттай байсаар ирсэн. Тухайлбал, 2016 оны сонгуульд саналаа өгөх эрхтэй нийт сонгогчдын 21.2 хувийг бүрдүүлж байсан 18-25 насныхны 50.8 хувь нь саналаа өгч байв. Өөрөөр хэлбэл, энэ үеийнхний хоёр хүн тутмын нэг нь л саналаа өгчээ. 

Тэгвэл өнгөрсөн жил 18-25 насны залуучуудын 63 хувь нь санал өгч өмнөх жилүүдэд байгаагүй өндөр ирцтэй оролцсон бол аравдугаар сард болсон Орон нутгийн сонгуульд дээрх насны залуучуудын 37.4 хувь нь оролцож, өмнөх ирцтэй харьцуулахад тэдний оролцоо 4.8 хувиар өсчээ. 

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд залуучуудын сонгуулийн ирцийг 18-19, 20-24, 25-29, 30-34 гэсэн дөрвөн насны бүлгээр ангилан харуулсан тул 18-25 насныхны ирцийг тусад нь хэмжих боломжгүй байв. 

Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн үед зохион байгуулагдсан нь сонгогчдын оролцоонд нөлөөлөх том хүчин зүйл болов. Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын тоо 2,041,985 байснаас 18-34 насныхан 40,2 хувийг бүрдүүлж, сонгуульд 49,3 хувийн ирцтэй оролцжээ. Тоон үзүүлэлтийг хэмжихэд ийм байна. 

Нас насны ангиллаар залуучуудын ирцийг нарийвчлан харуулсан байдал

Ийнхүү залуучууд 50 орчим хувийн ирцтэй оролцсон нь чамлалттай ч үүнд түлхэц болсон олон хүчин зүйл байсныг дурдах нь зүйтэй. Тухайлбал, иргэний үнэмлэх дээр бүртгэлтэй хаягаасаа өөр газар амьдардаг буюу орон нутгаас Улаанбаатарт түр оршин суудаг, гадаадад амьдарч буй иргэдийн саналаа өгөх боломж хязгаарлагдмал (урьдчилан бүртгүүлэх, заавал Элчин сайдын яамд биечлэн очиж өгөх гэх мэт), коронавирусийн халдвар авсан иргэд болон халдвартай иргэдийг эмчилж буй эмч, эрүүл мэндийн байгууллагуудын ажилчдад явуулын хайрцгаар санал өгөх боломжийг хангаагүй зэрэг нь энэ удаагийн сонгуулийн ирцэд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй юм. 

Сонгуулийн бус үед ч оролцдог, хянадаг, үнэлдэг хариуцлагатай сонгогчид улам олон болоосой


UB.LIFE сайт залуучуудын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, сонгуульд мэдээлэлтэй, утга учиртай оролцох боломжийг дэмжих зорилгоор "Надад нэг санал байна" медиа аяныг дээрх гурван сонгуулийн үеэр амжилттай хэрэгжүүллээ. Энэхүү төслийг Азийн Сан, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн билээ.

"Надад нэг санал байна -1, 2" медиа аянаараа бид УИХ-ын ээлжит сонгууль болон орон нутгийн сонгуулиар уншигчдадаа тэнцвэртэй мэдээ мэдээлэл, сонирхолтой видео контент, салбар бүрийн, нас насны хүмүүсийн үзэл бодол, сонгуулийн хүлээлт болон Монгол Улсаа, нийслэлээ ямар байлгахыг хүсэж байгаа тухай контентуудыг Unread.today, YZ TV медиа болон Fat Cat Jazz Club-ийн бүтээлч залуустай хамтран бэлтгэж, тус тусын сувгаар хүргэсэн.

"Надад нэг санал байна-3" аянаа бид илүү нягт, чанартай, тулхтай мэдээ мэдээлэл, сонирхолтой нийтлэл, контентоор баяжуулахыг зорьсон юм. Уншигчдадаа үнэн, бодит, тэнцвэртэй мэдээллийг хүргэж,  үнэт зүйл, үзэл бодолтойгоор сонгуульдаа саналаа өгөхийг уриалсан билээ. 


Улс төр бол бохир, эндээс л хол байя, улс төр ярьсан хүн "муухай" гэх хандлага бидний ой тойнд хүчтэй хадгалагдсаар ирсэн ч сонгуулиас сонгуулийн хооронд ойлголтоо залруулж, оролцоогоо зөвхөн саналаа өгснөөр хэмжихээ больж буй нь олзуурхууштай. Залуус улс төрийн тогтолцоо, өрнөж буй үйл явдлын талаар мэдээлэлтэй байж, үйл ажиллагаанд биечлэн оролцон дуу хоолойгоо хүргэхийн сацуу хяналт тавьж ажилласан нь энэ удаагийн сонгуулиас гарсан том ололт байлаа. Нөгөө талаар, сонгуулийн бус үед ч оролцдог, хянадаг, үнэлдэг хариуцлагатай сонгогчид улам олон болох шаардлагатайг сануулсан сонгуулиуд байлаа. Иймд UB.LIFE сайт цаашид хариуцлагатай, хараат бус сонгогчдыг дэмжих сонирхолтой төсөл, контентоор та бүхэнтэйгээ эргэн уулзана гэдэгт итгэлтэй байна. 

Хамгийн их уншилттай
1
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
2
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
3
2021.10.15
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
холбоотой мэдээ
1
2021.06.12
Луна саналаа өгөхөөр алхсан нь
2
2021.06.12
Humans of UB | Цаг үе ба залуусын оролцоо
3
2021.06.07
Playlist: Сонгуулийн өдөр сонсох 9 дуу (+Өөдрөг, гэгээлэг, амар амгалан)
санал болгох
1
7 цагийн өмнө
Монголын Оюун Ухааны музей ГИННЕСИЙН НОМОНД бичигдлээ
2
8 цагийн өмнө
Зурхайтай холбоотой "хөх инээд" хүргэм 12 МИЙМ
3
13 цагийн өмнө
Эх дэлхийгээ хайрлаж, ухаалаг амьдрах 40 АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.