UBLife Logo
Нийгэм

"Inspiring Asia" бичил кино наадмын үндэсний шилдгүүд тодорлоо

Ub.life
Ub.life
"Inspiring Asia" бичил кино наадмын үндэсний шилдгүүд тодорлоо

Кино урлагаар дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт бий болгохыг уриалдаг "Inspiring Asia" бичил кино наадмын Монгол дахь үндэсний шалгаруулалт амжилттай зохион байгуулагдаж, олон улсад өрсөлдөх шилдэг бүтээлүүдээ тодрууллаа.

Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус наадам энэ жил “Community Empowerment” буюу “Нэгдье, Бэхэжье, Хөгжье” сэдвийн дор Азийн найман бүс нутагт зэрэг өрнөж байгаа бөгөөд Монгол Улс анх удаа үндэсний шалгаруулалтаа амжилттай зохион байгуулсан нь энэ юм.

Энэ жилийн наадмын гол зорилго нь хүмүүс өөрсдийн гэрэлт ирээдүйг хамтын хүчээр хэрхэн бүтээж буйг харуулах явдал байв. Оролцогчид хүүхэд хамгаалал, байгаль орчин, боловсрол, залуусын оролцоо, тэгш хүртээмж зэрэг сэдвээр нийгэмд эерэг өөрчлөлт бий болгохыг зорьж буй төсөл, хөтөлбөрүүдээ кино урлагаар дамжуулан харуулсан бөгөөд оюутан залуус, уран бүтээлчид, иргэний нийгэм, сошиал энтерпрайзын төлөөллүүд идэвхтэй оролцлоо.

Үндэсний шалгаруулалтад нийт 26 бүтээл ирснээс “Шилдэг бичил кино” болон “Шилдэг төсөл” ангилалд давхардсан тоогоор 9 бүтээл шалгарч, Монгол Улсаа төлөөлөн БНХАУ, Индонез, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам, Хонг Конгийн шилдэг бүтээлүүдтэй олон улсын шатанд өрсөлдөх эрхтэй боллоо.

"Inspiring Asia" наадмыг Монгол Улсад зохион байгуулахад Лоринэт сан бүс нутгийн албан ёсны хамтрагчаар ажиллаж, Голомт сан дэмжигч байгууллагаар оролцлоо. Лоринэт сан нь хүүхэд, залуучуудын сайн сайхан байдлыг сайжруулах шийдлүүдийг санхүүжүүлж, дэмжихийн зэрэгцээ тэдний эргэн тойрон дахь тогтолцоог бэхжүүлэхэд анхааран ажилладаг.

Inspiring Asia 2026 наадамд Монгол Улсын хэмжээнд шалгарсан шилдэг бүтээлүүд

 Шилдэг төсөл ангилалд:

Ялагч: “Ой өвийн өртөө” байгууллагын төсөл шилдгээр шалгарч, 40 сая төгрөгийн шагнал хүртэв.

Финалист: Илгээлтийн багш НҮТББ-ын хэрэгжүүлдэг “Teach for Mongolia” фелловшип хөтөлбөр болон Дэлхийн зөн Монгол ОУБ-ын “Гэрээр айлчлагч аргачлал” төслүүд шалгарч, тус бүр 5 сая төгрөгийн шагнал хүртэж, олон улсад өрсөлдөх эрхээ авлаа.

Шилдэг бичил кино ангилалд:

Ялагч: Кристина Ноблийн Хүүхдийн Сан, найруулагч Б.Түвшинзаяагийн бүтээл “Dandelion: It Takes a Village to Raise a Child” бичил кино тодорч, 20 сая төгрөгийн шагнал хүртлээ.

 Финалист:

      Монгол Экологи Төв, найруулагч О.Тэмүүжин – “An Ordinary Story of Batmunkh” бичил кино

      Teach For Mongolia, найруулагч Г.Ганцэцэг – “The Choice to Serve” бичил кино

      Гэр өргөө ТББ, найруулагч Ц.Билгүүн, Э.Мөнхжин – “Looking for Us” бичил кино

      Ойн өртөө, найруулагч Б.Цэрэнбат – “Flight Home” бичил кино

      Найруулагч Ч.Хулан, М.Мөнхгэрэл – “Өнөр бүл” бичил кино тус бүр 3 сая төгрөгийн шагнал, олон улсад өрсөлдөх эрхээ авлаа.

 Тусгай шагналын эзэд:

      Тус олон улсын уралдааныг Монгол Улсад зохион байгуулагч, бүс нутгийн хамтрагч Лоринэт сангийн нэрэмжит “Залуучуудын хэрэгжүүлж буй шилдэг санаачилга” тусгай шагналын эзнээр Нэгүдэлч зуслан НҮТББ-ын “Нүүдэлч зуслан” төсөл шалгарч, 10 сая төгрөгийн шагналыг хүртсэн юм.

      Кино наадмын дэмжигч Голомт сангийн нэрэмжит “Шилдэг төсөл” шагналыг “Nomad Ink” байгууллагын “Ink in Motion: The Story We Built Together” бүтээл хүртэж, 5 сая төгрөгийн шагналын эзэд боллоо.

Кино наадамд шилдгээр шалгарсан бүтээлүүдийг ЭНД дарж үзэх боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...