Хүрээлэн буй орчиндоо шингэхийн тулд хэдэн зуун жил зарцуулах хуванцар материал нь байгаль дэлхийн тулгараад буй томоохон асуудлуудын нэг. Өнөөгийн хүмүүс хуванцраас богинохон наслах хэрнээ хэрэглэсэн бүхнээ үлдээчхээд өөрөө алга болох нь ирээдүйн хүмүүст ч шударга бус. Тиймээс энэхүү асуудалтай тэмцэхийн тулд Европын холбоо дараа сарын гуравны өдрөөс эхлэн нийтлэг хэрэглэгддэг нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг зогсоохоор болжээ. Энэхүү санал нь 2018 онд гарч 2019 онд батлагдсан бөгөөд энэ жилээс хэрэгжиж эхлэх юм.
Дээрх хоригийн дагуу Европын далайн эргийн хэсэгт ихээр таардаг нэг удаагийн халбага сэрээ, шаар, тор уут гэх мэт 10 төрлийн хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг бүрэн зогсоох юм. Далайн усан доторх нэг удаагийн соруул 200 жил, хуванцар аяга 450 жилийн дараа устаж үгүй болдог гэнэ. Энэхүү хориг нь "Ямар ч хаягдалгүй Европ" гэсэн томоохон зорилтын нэгхэн хэсэг нь юм. Тус үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд олон нийтийн газарт сануулга тэмдгүүдийг байршуулах ба нэг удаагийн бүтээгдэхүүнийг дахин хэрэглэх боломжтой, байгальд бүрэн шингэдэг бүтээгдэхүүнээр солино гэжээ.
Хэрэв хэзээ нэгэн цагт хуванцар бүтээгдэхүүн нь өнгөрсөн үеийн олдвор болж хувирвал яах бол? Энэ асуултад хариулахаар дизайнер Кай Линке болон Питер Эккарт нар, куратор Томас А.Гейзлерийн хамтаар "Халбага" археологийн үзэсгэлэн нэртэй бүтээлээ дэлгэжээ. Энэхүү төсөл нь хүн төрөлхтний хэрэглээ бидний түүх соёлд хэрхэн нөлөөлөх талаар сонирхолтой өнцгийг харуулсан юм. Уран бүтээлчид маань янз бүрийн хэлбэр дүрс, өнгө материалаар бүтсэн зүйлсийг цуглуулан Үндэсний түүхийн музейд археологийн олдвор шиг дэлгэн тавьжээ. Хуванцар халбага нэг л өдөр музейд тавигдан үлэг гүрвэлийн орыг эзэлж магадгүй юм...