UBLife Logo
Дэлхий

Соёлын дайн | Ким Жон Ун К-поп урлагийг "аймшигтай хар тахал" гэжээ

Соёлын дайн | Ким Жон Ун К-поп урлагийг "аймшигтай хар тахал" гэжээ

Дэлхий даяар залуусыг байлдан дагуулж буй Өмнөд Солонгосын поп соёл одоогоор хүрч болох хамгийн эцсийн цэгтээ хүрч, Хойд Солонгосын залууст нөлөөлж эхэлжээ. Хойд Солонгосоос Өмнөд рүү оргосон Жунг Гван Ил гэх залуу К-попыг Хойд нутгийн залууст хүргэх далд сүлжээ ажиллуулдаг бөгөөд "Хойд Солонгосын залуус Ким Жон Унд ямар ч өргүй, хэрвээ тэр гэр бүлийнхээ засаглалыг үргэлжлүүлэхийг хүсвэл үзэл суртлын хяналтаа дахин нэг бодож үзэх хэрэгтэй" гэжээ. 

Одоогийн байдлаар Өмнөд Солонгосын дуу хөгжим, кино драма нь флаш дискэн хэлбэрээр Хятадаар дамжин Хойд Солонгос руу нэвтэрдэг ба залуус хаалттай хаалга, буулгаатай хөшигний цаана хайртай хамтлаг дуучдаа үзэж сонсдог байна. Энэ нь залуусын хувцаслалт, үсний засалт, хэл яриа болон ааш занд нөлөөлж буй нь удирдагч Ким Жон Уны хувьд маш том асуудал үүсгээд байгаа юм. 

Тийм ч учраас өнгөрсөн жилийн 12-р сард Хойд Солонгост батлагдсан шинэ хуулийн дагуу Өмнөд Солонгосчуудын бэлтгэсэн ямар ч төрлийн энтертайнмэнт бүтээлийг үзсэн, биедээ авч явсан хүн 15 жил хөдөлмөрийн кемп рүү цөлөгдөх ялтай болжээ. Хуучин хуулиар бол ийм үйлдэл гаргасан хүн хамгийн ихдээ 5 жилийн хүнд хөдөлмөр эрхлэх ял авдаг байв. Харин тухайн материалыг Хойд Солонгосчуудад хүргэсэн хүнд цаазын ял оноохоор болсон байна. Түүнчлэн шинэ хуулийн дагуу Өмнөд Солонгосчууд шиг ярьж, бичиж эсвэл дуулсан хүнд хоёр жилийн турш хүнд хэлбэрийн хөдөлмөр эрхлэх ял онооно гэжээ. Энэхүү мэдээллийг Умард Солонгосоос нууцаар зөөвөрлөсөн өдөр тутмын сониноос авсан байна. 

"Asia International Press" гэх Умард Солонгост хяналт тавьдаг вебсайтын ерөнхий редактор Жиро Ишимаругийн мэдээлснээр, Ким Жон Ун нь Өмнөд Солонгосоос ирэх соёлын довтолгооноос эмээж буй бөгөөд нийт ард иргэдийнхээ компьютер, утасны шуудан, хөгжим тоглуулагч болон дэвтэр гээд бүхий л зүйлд нэгжлэг явуулж байгаа гэжээ. Жишээлбэл, Хойд Солонгос эмэгтэйчүүд болзож буй залуугаа "комрад" гэж дуудах ёстой байтал "оппа" эсвэл "хайраа" гэж дуудах болжээ. Ким Жон Ун энэ үзэгдлийг "бузар заваан" гэж үзэн "хар тахал" хэмээн нэрлээд байна. Сахилгын эргүүлүүд урт үстэй эрчүүд болон богино юбка, бариу өмд өмссөн эмэгтэйчүүдийг зогсоон сануулга өгөх бөгөөд Пхеньян дахь ОХУ-ын элчингийн мэдээлснээр хүмүүс зөвхөн хар өнгөөр л үсээ будаж болдог гэнэ. Хойд Солонгосын өдөр тутмын сониноос ард иргэдээ хууль бусаар Өмнөд нутгийн К-драма үзсэн хүмүүсийг матаж, мэдээлэл өгөхийг уриалж байгаа боловч ард иргэд нь эсрэгээрээ эргүүл цагдаа ирвэл хөрш айлдаа сануулан хэлж байгаа гэнэ. 

Эх сурвалж: The New York Times

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
2
1
0
3
0
0
4

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.