Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Авторын булан: МАН-ын шинэ дарга Засгаа удирдах уу, одоогийн ЕС намаа авах уу


У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаар түүнээс МАН-ын даргын халааг авах улс төр өрнөж эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын даргын суудал онгойхоос бүр өмнө МАН 100 жилийн ойгоо тохиолдуулан МАХН-тай эргэн нэгдсэн нь тус намд эрх мэдлийн шинэ хуваарилалтыг хэдийн тулгасан. Н.Энхбаяр нар МАН-ын Бага хуралд хожимдож ирээд суудал эзэлсэн шигээ одоогийн Засгийн газрыг огцруулах замаар сайд нарын шинэ танхимаас ч мөн албан тушаал харах болжээ.

Эрх баригч намын шинэ дарга хэн болох тухай яриа хөөрөө хэдийн эхэлсэн агаад Засгийн газар огцрох, эсэх таамаг ч дэвшүүлж байна. Дараагийн даргын тааварт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ (41 настай), МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан (40 настай), УИХ-ын дарга Г.Занданшатар (51 настай), УИХ-ын гишүүн С.Бямбацогт (47 настай), Ч.Хүрэлбаатар (53 настай) гэсэн таван эрхэм яригдаж буй. Эрх мэдэл, алдар хүндийн төлөөх тулаанд хуваариалтыг хийж байсан У.Хүрэлсүх үүнээс хойш оролцохгүй гэсэн амлалттайгаар намаасаа явсан нь МАН-д тулгарсан энэ удаагийн “дайны” онцлог. Одоо МАН-ын удирдлагад шинэ нөхцөл үүсэж, шинэ цаг ирсэн тул улс төр сонирхогчдын анхаарал үүнд төвлөрөх нь гарцаагүй. Тэр хэн байх бол? 

МАН Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтыг дараагийн дарга тодруулахад эрхэм болгох гэвэл одоогийн генсек Д.Амарбаясгалангийн гавьяаг намын даргын албан тушаалаар шагнахыг үгүйсгэхгүй. Гэвч түүнд өөрт нь ингэж үнэлүүлэхээр зүтгэх идэвх бага байдаг нь ажиглагддаг. Генсекээр таван жил ажиллах хугацаандаа хоёр удаа улиран сонгогдсон. Удирдсан сонгуулиудын ялалтын дараа Нийслэлийн Засаг дарга, ЗГХЭГ-ын дарга, Шадар сайд гэх мэт улс төрийн өндөр албан тушаал хүртэх олон боломжийг хэрэгсээгүй. Үүнээс харахад тэр төрийн гэхээсээ улс төрийн, зохион байгуулагчийн ажилдаа дуртай, дур сонирхлоо дагаж ажилладаг насан дээрээ яваа залуу хүн юм шиг. Хэрвээ Д.Амарбаясгалан МАН-ын дарга болохыг хүсвэл түүнд нам доторх нэр нөлөө, дэмжлэг хамгийн их бий. Хэрвээ Д.Амарбаясгалан МАН-ын дарга болвол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс Засгийн газрын тэргүүний суудлыг булаахгүй байх гарцыг зөвшөөрөх магадлалтай. 

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрх баригч намын дарга Засгийн газраа тэргүүлдэг стандартыг мөрдөхөөр чармайн зүтгэж буй. Түүнд МАН-ын дарга болох боломж Д.Амарбаясгалангийнх шиг өндөр биш. Гэхдээ аймгуудын МАН-ын хороо, Засаг дарга нарын албан тушаалыг тэр атгаж байгаа нь мөн хүч болох биз. Засгийн газруудын насыг урт барих, тогтвортой ажиллуулахыг зорьж өөрчилсөн Үндсэн хуулийн үзэл санааг хамгийн их сурталчлан ухуулж яваа хүн бол 2020 оны сонгуулийн дүнгээр бүрдсэн хоёр дахь Засгийн газрыг тэр тэргүүлж байгаа Л.Оюун-Эрдэнэ. Түүний бодол Засгийн газраа унагахгүйгээр 2024 онтой золгох. Тиймээс МАН-ын дарга болох нь түүнд амин чухал юм.  

Дээрх хоёр өрсөлдөгчөөс гадна УИХ-ын дарга Г.Занданшатар МАН-ын дарга болохоор зориг шулуудсан гэлцэж байна. Түүний өмнөх спикер М.Энхболд ч бас МАН-ын даргыг хавсран гүйцэтгэж байсан билээ. Гэхдээ хамгийн бүтэл муутай амбийц байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл, М.Энхболд УИХ-ын дарга болохоосоо өмнө МАН-ын даргаар сонгогдчихсон байсан. Хэрэв Г.Занданшатар Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёртой тохиролцож чадсан тохиолдолд түүнд МАН-ын даргын суудалд очих хувилбар боломжтой. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ түүнд зай тавьж өгөх нь бүтэшгүй хэрэг болов уу.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар нар мөн  МАН-ын дараагийн даргын марафонд нэрээ өгчээ. С.Бямбацогтын хувьд өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа МАН-ын дарга болох хүслээ илэрхийлж байсан. Харин Ч.Хүрэлбаатар одоогоор ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа ч түүнийг зүгээр суухгүй гэдгийг МАН дахь эх сурвалж өгүүлсэн. С.Бямбацогтыг МАН-ын дарга болгоод, Ерөнхий сайд хүртэл нь дэмжих хүч Н.Энхбаярын зүгээс ирэх магадлалтай. Харин Ч.Хүрэлбаатарыг Сү.Батболд дэмжих болов уу.

МАН шинэ даргаа тодруулах асуудлаар одоогоор ямарваа хурлын зар тараагаагүй байна. Гурав хоногийн дараа тохиох У.Хүрэлсүхийн 53 насны төрсөн өдөр, Ерөнхийлөгчийн тангараг өргөх энэ сарын 25-ны баасан гэхчлэн тэмдэглэлт өдрүүдэд эв нэгдэлтэйгээр хундага тулгацгаасны маргаашаас МАН-д түүний халааг авах “цусгүй тулаан” өрнөх нь. МАН-ын шинэ дарга Засгаа удирдах уу, одоогийн ЕС намаа авах уу?

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
2024.03.12
Будапештын тэмдэглэл
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2024.02.02
Б.Тэмүүлэн: Харилцагч юу хүсэж байна вэ гэдгийг хамгийн түрүүнд бодох нь бидний гол зор...
санал болгох
1
18 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ
2
20 цагийн өмнө
АНУ-ын номын сангууд номын төлбөрийн оронд муурын зураг авахыг зөвшөөрчээ
3
4 өдрийн өмнө
Эрчүүдийн зүрх сэтгэлд хамгийн гүн тусах 22 романтик кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.06.15 66.181.178.122

Амарбаясгалан гишүүн сайдаар ч ажиллаж үзээгүй. Зангараг туршлага дутна. Юун Хүрэлбаатар хаха, хамгийн аймар шуналын тулам. Оюун-Эрдэнэ бол сэтгэлтэй, зүтгэлтэй, туршлагатай, зоригтой

0 Хариулах


МАН-ын гишүүн 2021.06.15 103.14.36.6

МАН-ын дүрэмд намын дарга нь Ерөнхий сайдын албыг хаших дүрэмтэй тул ДҮРМЭЭРЭЭ л явсан дээр. Өмнөх сонгуулиар ямархүү дүн үзүүлснийг МЭ даргын туршлага бэлээхэн бэлэн байгааг байнга санаж байх ёстой.Сонгуульд намынхаа амласан мөрийн хөтөлбөрийнхөө дүнг 2 жилийн дараа дүгнүүлэх энэ үед одоогийн Ерөнхий сайд МАН-ын дарга байх хамгийн зөв хувилбар.Ингэхгүй бол бас л энэ засаг хөдлөнө.Үүнийг сонгогчид намын гишүүд дэмжихгүй тул үүнд анхаарах л хэрэгтэй дээ

0 Хариулах