Венесуэлд болсон хэрэг явдлын дараа Гренландын асуудал дахин сөхөгдлөө. Венесуэлийн Ерөнхийлөгч Мадурог гэргийн хамт олзолсны дараа Трампын гол туслагчдын нэгний эхнэр нь олон нийтийн сүлжээнд АНУ-ын далбаагаар хучигдсан Гренландын газрын зургийг оруулаад “Удахгүй” гэж бичсэн байлаа. Удалгүй Ням гарагт Ерөнхийлөгч Дональд Трамп “Үндэсний аюулгүй байдлын талаасаа Гренланд Америкт маш хэрэгтэй” гэж сэтгүүлчдэд хэлээд хүч хэрэглэхгүй гэж амлахаас татгалзсан билээ.
Үүний хариуд Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен АНУ довтолбол НАТО дуусна гэсэн үг гэж анхааруулсан бол Их Британи, Франц, Герман, Итали, Польш, Испани, Данийн төрийн тэргүүд “Гренланд бол ард түмнийхээ өмч. Зөвхөн Дани, Гренланд хоёр л шийдвэр гаргах эрхтэй” гэсэн хамтарсан мэдэгдэл гаргасан юм.

1946 онд америкчууд Дани улсад Гренландыг 100 сая ам.доллароор авах санал хүргүүлсэн ч Дани татгалзсан. Энэ нь одоогийн ханшаар 1,3 тэрбум ам.доллар байлаа. Ингээд Трампын арааны шүлсийг асгаруулсан Гренланд арлын талаар өгүүлье.
Гренланд бол 2 166 086 км² талбайтай хамгийн том арал. 56,7 мянган хүнтэй. Хүн амын 90 хувь нь эскимос (калааллит), үлдсэн нь дани болон бусад европчууд эзэлдэг. Хүн ам цөөхөн нь эдийн засагт нь нөлөөлдөг. Айлууд өөрсдөө талхаа хийчих тул талхны үйлдвэр хэрэггүй, хадаас үйлдвэрлэлээ ч 10 мянган гэр бүлийг бараг ганц өдөр л хангаж орхино. Тиймээс аж үйлдвэр, технологийн хувьд тэд Данийн далбаа дор амьдардаг. Дани улс эдийн засагт нь хөрөнгө оруулж, хүн амын 40 хувийг нь ажлаар хангадаг. Ажлын байр байлаа ч цөөхөн тооны залуус нь Европ, АНУ явахыг хүсдэг. Өөрсдөө үйлдвэрлэдэггүй тул барааны үнэ өндөр гэнэ.
Харин экологийн хувьд ямар ч асуудалгүй. Эрчим хүчний 70 хувиа сэргээгдэх эрчим хүчээр хангана.

Гренландын ДНБ-ий хэмжээ жилд 3,5 тэрбум ам.доллар. Үүний тал нь Данийн санхүүжүүлдэг улсын сектороос орж ирнэ. Данийн тусламж байхгүй бол хөлөг онгоц, онгоц явахгүй, ихэнх дэлгүүр хаалгаа барих байлаа.
Гренландын газар нутгийн ганцхан хувь нь газар тариаланд тохиромжтой. Тэд Данийн тусламжтайгаар эндээ жимс, ногоо тарина. Хүн амынхаа хэрэгцээг хангаж чадахгүй тул гадаадаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн авдаг. Далайд гарч халим, загас, далайн хав агнана.
Бас нэгэн орлого нь жуулчид. Халуун орон шиг олноороо ирэхгүй ч их мөнгөтэй баячууд энд аялдаг. Тэд их мөнгөөр экстрим аялал хийнэ.

Анх харахад жирийн л нэг арал. Яагаад Трампын шүлс гоожсон юм бол гэж гайхахаар. Хариулт нь Гренландын нөөц боломж асар их гэдэгт байгаа юм. Энэ арал дээр алмаз, мөнгө, платин, уран, нефть, нүүрснээс эхлээд газрын ховор элемент бүгд бий. Одоо арлын 80 хувь нь мөсөөр бүрхэгдсэн ч хэрэв хайлбал иргэд нь Катар, АНЭУ-ын саятнуудаас илүү баян болох юм. Хэт хүйтэн, хатуу ширүүн уур амьсгалтай тул олборлоход боломжгүй байсан бол одоо орчин үеийн технологи ашиглан, олборлож эхлээд байна. Гренландад Нефть, ашигт малтмалын товчоо гэж байдаг.
АНУ-ын Геологийн албанаас 2001 онд гаргасан судалгаагаар Гренландын Зүүн хойд хэсэгт байх нефтийн орд газар 110 тэрбум баррелийн нөөцтэй ажээ. Гэхдээ ашиглах эрх нь Дани улсад байгаа. Гренландын мөсөн уулнууд дэлхийн цэнгэг усны 7 хувь гэж тооцогддог. Ирээдүйд нефть, байгалийн хийн үнэ ч хүрч мэдэх эрдэнэс.
Гренландын бас нэгэн чухал тал нь геополитик. Гренландад нөлөөтэй улс Арктикийг эзэгнэнэ гэсэн яриа ч бий. Энэ газрын зургийг харахад олон зүйл тодорхой болно.

“Дани улсад Гренландыг эзэмших албан ёсны эрх байгаа эсэхийг хэн ч мэдэхгүй. Хэрэв байлаа ч гэсэн Дани тэр эрхээсээ татгалзах ёстой. Учир нь Гренланд бидэнд үндэсний аюулгүй байдал, даян дэлхийн эрх чөлөөг хамгаалахад хэрэгтэй байна” Дональд Трамп
Арал дээр АНУ-ын цэргийн бааз байдгийг онцлох хэрэгтэй.
Гренландын Ерөнхий сайд Муте Эгеде “Бид даничууд, америкчууд байхыг хүсэхгүй байна. Бид гренландчууд. Тусгаар тогтнолоо хадгалан үлдэнэ” гэж мэдэгдсэн ч уул уурхайн талаар Дани, Америктай ярилцаж эхэлснээ дэлгэсэн.

ХХ зууны үеэр викингүүд анх арал дээр ирж, Ногоон арал хэмээн нэрийдсэн түүхтэй. Гренланд арал Данийн колони байсан ч 1979 оноос бүрэн автономит эрхтэй болсон. 1953 оноос Гренландын төлөөлөгч Данийн парламентад суух болсон. Албан ёсны хэл нь гренланд хэл. Төв нь болох Готхоб 17 мянган хүнтэй. Энд их сургууль байдаг. Нийт 4 нисэх буудалтай ч нэг нь л олон улсын нислэг хүлээн авдаг. Төмөр замгүй, ганц машин замтай.
Ер нь Гренландыг тойрсон адал явдал одоо л эхэлж байна. Цаашдаа юу болохыг харж сууя.
