UBLife Logo
Ярилцлага

Чулууны Чинбат: “Уран хас” бол хүний сэтгэлийн доторх утсыг хөнддөг хөгжим

Ub.life
Ub.life
Чулууны Чинбат: “Уран хас” бол хүний сэтгэлийн доторх утсыг хөнддөг хөгжим

“Гэрэг” сэтгүүл дэлхийн шилдэг хэвлэл Нью-Йорк Таймстай хамтран гаргадаг “Turning Points” шинэ дугаарт орсон ярилцлагыг хүргэж байна.


1981 оны дурсамж. ЗХУ-ын Большой театрын тайзнаа монгол бүтээл эгшиглэж байна. “Ардын хоёр дууны найруулга”, хөгжмийн зохиолч Жамъянгийн Чулуун. Ж.Чулуун өөрөө удирдах бол хийлийн гоцлооч нь Чулууны Чинбат байв. Энэ бол Большой театрын босгоор Монголын сонгодог хөгжмийн урлаг алхан орсон түүхэн мөч байлаа.

Нүүдэлчин ард түмний үр хойчис маш богино хугацаанд дэлхийн сонгодог хөгжмийн энд хүрч, өөрсдөө тэр стандартаар туурвих болсон их үсрэлтийн эхлэлд Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуун байсан юм. Эхлээд хийл гэдэг хөгжимд мэргэшнэ, дараа нь найрал хөгжмийг удирдана, басхүү монгол сонгодгийг зохионо гэж зорьсон түүхэн үйл хэргийн залгамж нь түүний хүү Ч.Чинбат болой.

Ж.Чулууны “Уран Хас” бүжгэн жүжиг олны хүртээл болсноос 52 жилийн дараа ч түүний вальсын аялгуу шинэ жилийн догдлолд хөг нэмсэн хэвээр. Энэ агуу бүтээлийн дүрсжүүлэлтийг Рио Тинто компанийн захиалгаар шинэчлэн бүтээж, орчин цагийн үзэгч сонсогчдод уламжлан үлдээх ажил өрнөж буй үед Ж.Чулуун гуайн хүү Чинбаттай ийн ярилцлаа. Монгол Улсын Консерваторын төгсөгч, нэгэн үе захирал нь, одоо харин хүндэт багш тэрээр хийлээ тоглож, удирдаач хийхээс гадна сонгодог хөгжмийн галыг манах залуу авьяастнуудыг бэлтгэсээр байна.

-Монголчуудын сэтгэлд хоногшсон “Уран хас” вальсын аялгууг шинээр бичүүлж, дүрсжүүлж байна гэж дууллаа. Та аавынхаа бүтээлийг контентын эрин үед дахин дохижээ. Үүний гол зорилго юунд оршив?

-“Уран хас”-ын адажио, вальс хэсгийг шинээр дүрсжүүлж, бичүүллээ. Клипэнд би өөрөө удирдаж оролцлоо. Мэдээж энэ бол ард түмэнд хоногшсон хэсгүүд учраас төслийн санаачлагчид сонгосон биз ээ. Соёлын өвийг дэмжигч Рио Тинто санаачлан, манай консерваторийн хийлийн төгсөгчид болон бусад олон хүн өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Сайхан бүтээл болж, үзэгчдэд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

-Хэрэв Ж.Чулуун таны аав биш сэн бол мэргэжлийн хүний хувьд “Уран хас”- ын тухай юу хэлэх вэ?

-Хүний сэтгэлийн доторх утсыг хөнддөг хөгжим яах аргагүй мөн. Хүн бол байгалийн амьтан бөгөөд бүхий л мэдрэмж нь төрөлхөөс өгөгдөн, нуугдаж байдаг. Түүнийг нь гагцхүү хөндөж байж ил болно. Харин гарцаагүй хөндөж, ил гаргаж чаддаг учир “Уран хас” онцгой. Ийм увдистай хөгжим манайд олон л доо. “Уран хас” бол сонгодог мэргэжлийн түвшинд бичигдэж, пентатоник буюу үндсэн таван хөг эгшгийг цогц бүрдүүлсэн онцлогтой. Вальс гэж юу юм, хэдийн хэдээр бичигддэг юм, энэ олж бичсэн л дээ. Өөрөө насаараа оркестртой ажилласан хүн учир найрал хөгжмийн дуугарах боломж бололцоог оновчтой таньж, ашигласан санагддаг юм.

-Хэдийгээр вальсын хэсэг нь нийтэд танил ч энэ бол бүжгэн жүжгийн цогц бүтээл. Ийм хэмжээний бүтээл бичих нь өнөөдөр цөөрчээ. Хэдий хэрийн хөдөлмөр вэ гэдгийг та хүүгийнх нь хувиар ч, мэргэжлийн хүний үүднээс ч сайн мэдэж байгаа даа.

-Асар том хөдөлмөр шүү дээ. 1973 онд бичигдсэн хөгжим юм. Түүнээс өмнө Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн нар туурвиж байлаа. Дараа үе нь З.Хангал, Х.Билэгжаргал, Ц.Нацагдорж, Б.Шарав, Н.Жанцанноров залгамжилж, Х.Алтангэрэл, Ш.Өлзийбаяр нар гарч ирлээ. Үе залуужих тусмаа дэлхийн стандартад нийцсэн том бүтээлүүд туурвисан. Харин тухайн 70-аад онд гэвэл нэг үзэгдэлт цомхон балет л бичигдсэн байж л дээ. Таван бүлэгтэй бүтэн бүжгэн жүжгийн хөгжмийг аав маань анх бичсэн хэрэг. Хожим судалж байх нь ээ, энэ бүтээлд зарцуулсан аавынхаа хөдөлмөрийг би гайхан биширсэн. Нот нэг бүрийг гараар бичсэн байдаг юм. Ховор авьяасаас гадна хөдөлмөр гээч нь аавд минь цогцолсон байжээ. Аав өөрөө “Хүн бүрд авьяас бий. Ганцхан хөдөлмөрөөр л илэрч гарах бололцоотой” гэж хэлдэг байлаа. Консерватори ч тэр, олон авьяастай хүүхдийг элсүүлж, төгсгөж байвч авьяасаа харуулж, баталж чадахгүй хоцрох хүүхдүүд байдаг. Энэ бол хөдөлмөрийн тухай яриа мөн. Авьяас, хөдөлмөр хоёрын нийлэмж “Уран хас” дээр онцгой илэрсэн гэж би боддог юм.

-Бичиж байх үед нь та дэргэд нь байсан уу?

-Би хойно оюутан байсан. Гэхдээ зуны амралтаараа ирнэ. Тэгэхэд аав “Красный октябрь” гэж оросын жижиг төгөлдөр хуурын ард, өөрийн тусгай өрөөнд суугаад “Уран хас”-ыг ид бичиж байлаа. Ээж хоол ундыг нь зунжин бэлдэж өгөөд л. Өвөл нь гэхэд зохиол бэлэн болсон. Эхнэр маань төгөлдөр хуурч. Тухайн үед аавын бичсэний заримыг гэртээ тоглож үзэн “Иймэрхүү хөгжим болох нь” мэтээр ярилцаж байлаа. Аав биднийг оюутан гэж голохгүй, ер хүнтэй үргэлж зөвлөж ярьдаг хүн байсан. Оркестрын хөгжимчидтэй ч зөвлөнө. Өөрөө бол хоёр удаа Чехийн хөгжмийн академид мэргэжил дээшлүүлснээс биш дөрөвдүгээр ангийн боловсролтой хүн шүү дээ. Авьяас гэдэг энд л гарч ирдэг. Монголын алтан үеийн авьяастнууд ерөөсөө бидэн шиг хоёр гурван дээд сургууль төгсөөгүй улс. Гэвч яаж Монголын сонгодог урлагт ганхашгүй бат бөх суурийг тавьж өгөв? Энэ бол тэр их авьяас ба амьдралын практик юм байна. Тэднийг би үнэхээр алтан үеийн алт шиг улс байж хэмээн алга хавсран залбирдаг юм.

-Бүрэн хэмжээний бүжгэн жүжиг бичье гэж зорих нь хүртэл өөрөө хүчирхэг сэдэлтэй үйлдэл байж таарах гээд байна.

-Нэрт балетмейстр, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамъяндагва гуай анх Монгол бүжгэн жүжиг туурвия хэмээн санаачилсан гэдэг. Б.Ширэндэв гуайн зохиолоос санаагаа олоод харчихсан, бүх өрнөлийг нь балет болоход тохирно гээд мэдчихсэн байж л дээ. Авьяастай улс чинь хөгжимгүй байвч дотроо бүгдийг төсөөлчихдөг байна. Ингээд Ж.Чулуун л олон балет дохисон, чадах байх гээд хандсан юм билээ. Б.Жамъяндагва гуай өөрт буусан төсөөлөл, хөдөлгөөнөө тайлбарлаад л, зураач Ч.Гунгаасүхийн хамт дүр дүрслэлийн зохиомжийг ярилцаад л их ажил ундарсан гэдэг. Ер нь ингэж бүтээл төрдөг юм байна. Зөвхөн цаасан дээрээс. Эхэндээ хөгжимгүйгээр бүгдийг ярилцаж гээд төсөөл дөө. Найруулагч нь хөгжмийн зохиолчийн дотор хөгжим нь өөрөө дуугарах хүртэл тэгж ажилласан учир энэ бүтээл ийм гайхалтай бичигджээ гэж бодох үндэс ч бий.

-Ж.Чулуун гуайн ба таны хөдөлмөрлөсөн он жилүүд маш том ялгаатай. Төрийн бодлого сонгодог урлагийг зөнд нь орхиж, зах зээлд шуурсан цаг үед та ид ажиллаж хөдөлмөрлөжээ. Үүн дээр харамсал төрдөг үү?

-Том харамсал төрдөг. Би арваад жил Арменид хийлээр суралцаж ирээд хэсэг багшилсан. Ингээд 1989 онд Болгарт удирдаачаар явлаа. Аавынхаа мэргэжлийг эзэмшиж, удирдаач болох гээд л тэр. Тэгэхэд Б.Бадрууган Соёлын сайд байсан бөгөөд надад “Радио, телевизийн дэргэд оркестр байгуулна. Чи төгсөөд ир. Ирэхэд чинь бид 30-40 хүнтэй багавтар оркестр бэлдсэн байна” гэж хэллээ. Харин төгсөөд ирэхэд бүх зүйл орвонгоороо эргэж, оркестр байгуулах бүү хэл нийтээрээ картын бараанд орчихсон, нийгэм хэцүүдэж байсан. Бүх үйлдвэр хаагдаж, ажилчид гудамжинд гарахын зэрэгцээ урлаг сүйрч байлаа. Б.Бадрууган “Улс төр ийм болж бидний ярьсан зүйл өнгөрлөө. Юутай ч харзная, энэ нөхцөл байдал удахгүй байлгүй дээ” гэж байв, хөөрхий. Удахгүй байх нь байтугай улам гүнзгийрч, нийгмийн шилжилтийн нөлөө, цуурай одоо ч хүртэл үргэлжилж байна. Тийм хэрийн дэмжлэг өнөөдөр сонгодог урлагт байхгүй. Энэ бол харамсал. Ардчиллын жилүүдэд ардын урлагийг хөгжүүлсэн нь зөв зүйтэй. Үндэсний, өөрсдийн үзүүлж харуулах юмтай байх ёстой. Гэвч нэг тийш хазайхдаа бүгдийг хаяж давхидаг бидний зан бий. Дундыг баримтлах бодлого эдийн засагт ч харагддаггүй. Арай гэж Монгол Улс хэдэн сайхан театр босгож авсан ч төсвийн таналт, орон тооны цомхотгол гэхэд тэдэн рүүгээ нохойд барьдаг мод шиг ханддаг. Гэтэл сонгодог хөгжим гэдэг чинь жишвэл том том роман гэсэн үг. Нийгмийн оюун санааг тэлж, хөгжүүлж байдаг. Ардын урлаг бол ардын юм бөгөөд хэзээ ч хаягддаггүй. Атал бид өөрсдийн оюуныг хөгжүүлэх ёстойгоо орхиод байна шүү дээ.

-Тэгсэн ч сонгодог урлагийн галыг таслахгүй авч явахын тулд та тасралтгүй хичээж ирлээ. Энэ үүрэг аавын тань үүрснээс илүү хүнд юм шиг санагдаж байсан уу?

-Би биш бүх уран бүтээлчид чадлынхаа хэрээр хичээсэн. Ардчилсан хувьсгалын дараа ихэнх нь хөгжмөө хаяж, наймаанд явсан нь үнэн. Тэгсэн ч үлдсэн хүмүүс нь сонгодог хөгжмийн амийг таслалгүй авч үлдсэн. Өнөө хэр сонгодог урлагаар бид Ази тивдээ тэргүүлсэн хэвээр шүү. Мөнгөгүй гэж гутарч суулгүй, чадлын хэрээр хийгээд л байна. Хэдэн зуун жилээр хөгжсөн Европын зиндаанаас ер дутахгүй явж байгаа нь цэвэр энэ бүх уран бүтээлчдийн хүсэл зорилго бөгөөд авьяас хөдөлмөрийн үр дүн юм. Тийм болохоор би ерөөсөө бүхий л цаг үед урлагийн төлөө байсан уран бүтээлчдэд хамгийн ихээр талархаж амьдардаг.

“Уран хас” бол сонгодог мэргэжлийн түвшинд бичигдэж, пентатоник буюу үндсэн таван хөг эгшгийг цогц бүрдүүлсэн онцлогтой.

-Хийл гэдэг хөгжимтэй та салшгүй холбогдсон хүн. Морин хуур юугаараа дутдаг юм гэж давхисан он жилүүдийн ард танаас хийлийн дархлагдсан үнэ цэнийн талаар асуумаар байна?

-Төгөлдөр хуур, хийл хоёр бол дэлхийн хөгжмийн хаан, хатан хоёр. Морин хуур хөрөөддөг, татдагаараа адилхан. Урд нь хуур татлага, уртын дуунаас хэтэрдэггүй байсан бол одоо хийлийн зохиолыг морин хуураар тоглодог болж хөгжжээ. Гэсэн ч хамгийн гол нь оркестрт хийл байж гэмээнэ сая том зохиолуудыг тоглоно шүү дээ. Иймд хийл хэзээ ч байр сууриа алдахгүй, алдах боломжгүй. Харин хийлийг дагаж морин хуур мундаг өссөн гэж боддог. Манайд хийлийн зохиолыг хуурдчихдаг сайн морин хуурчид төрөн гарлаа. Өмнөх үед сонгодог хөгжмийг хөгжүүлэх гэж ихээхэн анхаарч байсны хүчинд үндэсний балет, үндэсний дуурьтай болов. Ингэж ихээр сонгодогт автаагүй бол морин хуур ч тэгж хөгжихгүй л байсан болов уу. Бидний онцлог бол Азийн соёл нь байхаас гадна Европын соёлд нэвтэрсэн учир монголчууд энэ хавьдаа сонгодог урлагийн нэг төв, цөм болдог. Үүгээрээ бид бас бахархах ёстой юм шүү.

-Дэлхийн сонгодгийг Монголын тайзанд эгшиглүүлнэ гэдэг том үйл хэрэг. Танд ийм түүхэн гэмээр амжилт олон бий. Удирдаач Н.Бүтэнбаяр нэгэнтээ Л.Бетховений “Есдүгээр симфони”-ийг толилуулж байсан нь хүндэтгэлтэйгээр дурсагдсаар буй. Үүний адил зарим том бүтээл Монголд тоглогдсон шүү гэдгийг сануулж, таниулмаар оргидог.

-Манай Консерваторын симфони оркестр зургаан дуурь, дөрвөн балетыг бүтнээр тоглосон. Сүүлд бид В.Моцартын “Увдист лимбэ”, Ж.Россинигийн “Севилийн үсчин” дууриудыг УДБЭТ-т тавилаа. И.Штрауссын “Сарьсан багваахай”-г бүр Дорнодын театрт тавьсан. Энэ бол Консерваторын сургалт ямар хэмжээнд буйг илтгэх үзүүлэлт. Ганцхан удирдаач миний ажил биш багш нарын хийгээд авьяаслаг сурагчдын хөдөлмөр. Москвагийн консерватор гэхэд ч эдгээрийг байнга тавьж байдаг. Хэдийгээр сургалтын байгууллага хэдий ч давхар соён гэгээрлийн маш том бүтэц болох онцлогтой юм. Аймгуудаар тоглож байна гэдэг нь мөн нэг төрлийн бодлого.

-Тэдгээрээс таны өөрийн бахархал гэвэл?

-Зохиол цохож нэрлэнэ гэвэл хэцүү. Харин бахархлын талаар ярих ёстой. Хөгжим бүжгийн коллежийг тусгаар улсын консерватори болгож хөгжүүлсэн энэ бүх он жил бол миний бахархал. 2027 онд энэ сургууль 90 жилийн ойгоо хийх гэж байна. МУИС аас ч өмнө байгуулагдсан гэж үзнэ. Хөгжмөөр тогтохгүй, Монгол Улсын анхны зураач, циркчидийг бэлтгэж байсан түүхтэй. 90 жилийн хугацаанд хэчнээн уран бүтээлчийг бэлдэж вэ? Одоо хэр Консерваторит багшилж байгаагийн хувьд энэ л миний бахархал. Уран бүтээлч хүнд хөгширнө гэсэн ойлголт байдаггүй. Улам л чанаржиж байдаг онцлогтой, урлаг ийм юм.

-Сонгодог хөгжмийн тухай гэвэл удирдаачийн талаар ярихгүй өнгөрөх ямар ч боломжгүй. Заримдаа удирдаач тэнд зогсоод ямар үүрэгтэй юм гэдгийг гайхах хүмүүс ч бий. Төдийгөөс өдий хүртэл энэ мэргэжлийн өмнө удам залган багана болж ирсэн таны хувьд удирдаач гэсэн мэргэжлийн үнэ цэн юу вэ?

-Найрал хөгжмийг хэн нэгэн удирдахгүй бол хачин юм болно л доо. Тухайн зохиолыг нэг түвшинд тогтоон барихаас гадна амьдруулах ёстой нь удирдаач. Хаана, хэзээ ямар хөгжим орох вэ гэдгээс эхэлж дохино. Ийшээ өгч байтал, эд нар орж ирэх жишээтэй (ноот үзүүлэв, Сурв.). Үлээвэр хөгжмийнхөн 20-30 тактын дараа дуугарна гэдгээ хуруу даран тоолох аргагүй. Удирдаач өгөхөд л тэд “орж” байх ёстой. Үүнээс гадна чангахан тоглох уу, зөөлнөөр мэдэрч дуугаргах уу гэдгийг удирдаач өөрөөрөө үлгэрлэн илэрхийлж байдаг.

-Удирдаач, маэстрогийн хувиар бус хөгжмийн зохиолчийн хувиар танд гүйцэлдүүлээгүй хүсэл бий юу?

-Хийлч, удирдаач, багш гээд олон жил завгүй ажиллалаа. 2000-аад онд оркестр бүтэхгүй юм байна гэж бодоод орхичихсон байсан бол өнөөдөр хөгжим зохиож явахыг үгүйсгэхгүй ээ. Одоо ганц нэг дуу хийчих юм сан гэж бодож байна. Одоо л жаахан чөлөө завтай болж байгааг хэлэх үү. Гэтэл аавын хийсэн бүтээснийг хадгалах, цэгцлэх, түгээх ажил цаг авч байна. Гар бичмэлийг нь шивүүлэх, пянз, CD болгох гээд ундарч өгдөг. Ерөөсөө аавын бүтээлийг цэгцэлж эмхэлсээр миний амьдрал дуусаж магадгүй нь. Хийсэн бүтээснийг нь мартуулахгүй, үргэлжлүүлэх, түгээх бол гарцаагүй миний чухал үүрэг. Уг нь би ганц нэг дуу хийж үзсэн. Болбол болмоор юм билээ, гэхдээ тэгж суух зав болохгүй юм даа.

Хөгжим бүжгийн коллежийг тусгаар улсын консерватори болгож хөгжүүлсэн энэ бүх он жил бол миний бахархал.

-Нэг мэргэжлийн эцэг, хүүгийн харилцаа сэтгэл судлалын үүднээс маш олон янзаар тайлбарлагддаг. Танд ааваасаа илүү болно гэсэн мэргэжлийн амбиц нөлөөлж байсан уу?

-Би хэзээ ч тэгж бодож байгаагүй. Эсрэгээрээ, ядаж аавынхаа хэмжээнд очих сон л гэж бодно. Гэхдээ бид нарын үе өөр юм байна. Тэдний үеийнхэн ямар ч хий зайгүйгээр урлагт хүчин зүтгэж байж. Тэгж чадаж байсан. Бид нарын үед ирвэл сатаарах юм маш их байна. Өөрсдийн боломжийг 100 хувь зориулж үл чадах тийм үе ирчихэж. Энэ болон өөр шалтгаануудаар аавын хэмжээнд хүрнэ гэдэг асар хүнд л дээ. Нөгөө талаас ааваас илүүг зохиож байж, зохиолч гэсэн нэрийг зүүнэ.

-Гэхдээ зөвхөн та хоёроор тогтохгүй хөгжмийн хүмүүс энэ гэр бүлд нэг дор төрсөн. Ер нь Ж.Чулуун гуайгаас дээш хөгжмийн хүн байсан уу?

-Манай өвөө хуучир, том хуур барьдаг хүн байлаа. Өөрөө урлагт маш их дуртай учир аавыг, авга эгч нарыг ч урлагт дуртай болгосон. Аавын яг дээд эгч гэхэд Монголын анхны гитарист, анхны саксофонич байсан. Түүний эгч Монголын хамгийн анхны хуруун дээрээ гарсан балетчин, Ж.Алимаахүү. Аавын том ахынх нь хүү гэхэд түрүүнд дурдсан Ч.Жамсранжав удирдаач. Энэ хүмүүсийн үр хүүхэд, ач гуч нь өнөөдөр хөгжимд ч, бүжигт ч байна. Ер нь урлагийн гэр бүлээс улбаатай юм болохоор аль нэг үе дээр онцгой авьяас илэрч гардаг юм.

-Та нэгэн үеийг өвлөн авч тууллаа, дараагийн үеийг хүлээлгэн өгөхдөө юуг захиж хэлэх вэ?

-Одоо бол юм өөр болчихлоо. Хүүхдүүд аав ээж, эмээ өвөөгийн байр байдлыг үзэж харж, дагалдаж явсаар нэг зүйлд татагдан дурладаг цаг өнгөрсөн байна. Манай хүүхдүүдээс гэхэд өөр салбарын хүн гарч ирж л байна. Магадгүй аль нэг үед том авьяастан, хэн нэгэн төрнө гэж боддог. Спираль мэт холбоо, давтамж байх шиг санагддаг юм. Нийт урлагийнханд хандвал, айхтар хүнд мэргэжлээр суралцсан хойно улс орны бахархал гэдгээ л санах учиртай гэдгийг хэлмээр оргидог. Гадаадын аль сонгодог, аль том бүтээл байна тэдгээрийг барьж авах улс нь бид юм. Хойч үе маань нэгэнтээ тавигдсан энэ бат бэх суурийг л битгий ганхуулаасай. Юмыг нураах шиг амархан зүйл үгүй биз дээ. Дахин бүтээж босгох харин хүнд хэцүү. Ямар ч нийгэм яаж ч бужигнасан, урлагаа, салбараа, алтан үеийнхнээс үлдсэн үндэс сууриа хамгаалж үлдэх ухаантай бай. Үндэсний болон сонгодог урлагийг аль ч төр хэрхэн ганхаж бай заавал барьж үлдэх ёстой. Гэхдээ би шавь нартаа үргэлж сэтгэл хангалуун явдаг. Өөрөөсөө илүү нэгнийг бэлдсэнээ мэдэх л багш хүний бахархал шүү дээ.

Ярилцсан: Сэтгүүлч М.Тэнгис

Гэрэл зургийг: Г.Ананд

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ц.Номин-Эрдэнэ: Блокчэйн бол хөндлөнгийн оролцогчгүйгээр асуудлаа шийдэж, цаг хугацаа, зардлаа хэмнэх бодит шийдэл

Ц.Номин-Эрдэнэ: Блокчэйн бол хөндлөнгийн оролцогчгүйгээр асуудлаа шийдэж, цаг хугацаа, зардлаа хэмнэх бодит шийдэл

Монголын хувьд блокчейн салбарын хөгжлийг дэмжих хамгийн чухал алхам нь оюутнууд, бизнес эрхлэгчид, старт-апуудыг мэдээллээр хангах, хууль эрх зүйн орчны таатай нөхцлийг бүрдүүлэх, үндсэн ойлголтыг бататгах явдал юм.