Францын Шүүхээс Тэргүүн хатагтай Брижит Макроныг төрөхдөө эрэгтэй байсан хэмээн бичиж, цуурхал тараасан этгээдүүдийг гэм буруутайд тооцлоо. Ерөнхийлөгч Макрон болон Тэргүүн хатагтай нар Брижит бол эмэгтэй хүн гэдгийг баталсан шинжлэх ухааны болон гэрэл зургийн баталгааг гаргаж, тэднийг шүүхэд өгөөд байсан юм.
Парисын Шүүхээс нийт 41-65 насны арван хүнд хүний нэр төрийг гутаасан, олон нийтийн сүлжээнд санаатайгаар цуурхал тараасан хэрэгт нь ял оноосон. Ихэнх хэрэгтнийг 8 сар хүртэл хорих тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн байна. Шүүх хуралд ирээгүй нэг этгээдийг баривчилжээ. Шүүхээс тэднийг Брижит Макроныг гутаах, хорлох үйлдлийг санаатайгаар үйлдсэн, хосын насны зөрүүг цахим орчинд дооглон, тохуурхсан гэж үзсэн байна. Шүүгдэгчид дотор төрийн албан хаагч, уран зургийн галерейн эзэн, багш, зурхайч, олон нийтийн сүлжээний од, чөлөөт сэтгүүлч зэрэг олон мэргэжлийн хүмүүс байлаа.
Францын шүүхийн энэ шийдвэр энэ жил АНУ-д болох бас нэгэн шүүх хуралд эергээр нөлөөлөх болно. Дээрх хэрэгтнүүдийн балгаар АНУ-д ч Брижитийн эсрэг олон мэдээлэл гарсан. Америкийн хэт барууны үзэлт блогчин, хуйвалдааны онолд итгэгч, олон сая дагагчтай Кэндис Оуэнс гэгч Брижитийг төрөхдөө эрэгтэй байсан гэж мэдээлж, нийтэлж, нийтэд тараасан. Энэ хэргийн Шүүх хурал энэ онд АНУ-д болох юм.
