UBLife Logo
Нийгэм

Ухаалаг сонголтоос тогтвортой ирээдүй рүү

Ub.life
Ub.life
Ухаалаг сонголтоос тогтвортой ирээдүй рүү

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд байгаль орчинд хэр ээлтэй вэ, бидний гар дээр ирэх хүртлээ байгальд ямар ул мөр үлдээдэг вэ гэдгийг тэр бүр боддоггүй. Ихэнхдээ “дахин боловсруулсан савтай юм байна, тэгэхээр байгальд ээлтэй байж таарна” гэсэн ерөнхий ойлголтоор хязгаарлагддаг. Харин одоо хэрэглэгчид бодит мэдээлэлд тулгуурлан, хариуцлагатай сонголт хийх боломж бүрдээд байна.

Европын Холбооны СВИЧ-Эйшиа хөтөлбөрийн санхүүжилттэй “Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл нь Монгол Улсын хүнс, ус, ундааны салбарт тогтвортой үйлдвэрлэл, хариуцлагатай хэрэглээг нэвтрүүлэх зорилгоор хэрэгжиж буй үндэсний хэмжээний санаачилга юм. Төслийн хүрээнд улс орон даяар нийт 1,800 гаруй бичил, жижиг, дунд үйлдвэр (БЖДҮ) болон жижиглэн худалдаа эрхлэгчдийг сургалт, мэдээллээр хангаж, ногоон стандарт, тогтвортой үйлдвэрлэл, хариуцлагатай худалдан авалтын талаарх ойлголтыг нийтэд хүргэж, бодит өөрчлөлтийн эхлэлийг тавиад байна.

Эко тэмдэг, ногоон гэрчилгээ - хариуцлагатай сонголтын баталгаа

“Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн хүрээнд Монгол Улсын хүнс, ундааны салбарын БЖДҮ-үүдийг тогтвортой, ногоон үйлдвэрлэлд шилжихэд дэмжлэг үзүүлж, эко тэмдэг, ногоон гэрчилгээний тогтолцоог нэвтрүүлж эхлээд байна. Энэхүү тэмдэг, гэрчилгээ нь тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүх үе шатанд байгальд ээлтэй зарчим баримталсныг илтгэх бодит баталгаа юм.

Үүнд:

●          Ус, эрчим хүчний хэрэглээ

●          Хог хаягдлын хэмжээ, байгальд задрах хугацаа

●          Нүүрстөрөгчийн ул мөр

●          Нийгмийн хариуцлага, ил тод засаглал зэрэг олон шалгуураар үнэлгээ хийж, ногоон баталгаажуулалт олгодог.

Одоогоор Монгол Улсад анхны 22 үйлдвэрлэгч эко тэмдэг, ногоон гэрчилгээгээ гардан аваад байна. Тухайлбал Жүр Үр, Газар шим, Ногоодой, СансарГоо, Монфүүд Ланд, Үндсэн хүнс, Гүүд Фүүдс, Увс хүнс, Ранчо зэрэг үйлдвэрлэгчид багтаж байна. Эдгээр байгууллагын бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэснээр иргэд өөрийн өдөр тутмын энгийн сонголтоороо хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулж буй хэрэг юм.

Ногоон шилжилтийг олон нийтэд ойртуулсан нөлөөллийн арга хэмжээнүүд

Төслийн хүрээнд зөвхөн үйлдвэрлэгчдэд чиглэсэн ажлаар хязгаарлагдахгүй, тогтвортой хэрэглээг дэмжих зорилгоор дөрвөн өөр зорилтот бүлгийг хамарсан нийгмийн зан дадлыг өөрчлөх нөлөөллийн арга хэмжээнүүдийг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад зохион байгууллаа.

“Ногоон шилжилт - Залуучуудын оролцоо”

Энэхүү арга хэмжээгээр залуучууд өөрсдийн эко бүтээгдэхүүн, гарааны бизнес, инновацын шийдлүүдийг олон нийтэд танилцуулж, ногоон шилжилт нь зөвхөн байгаль орчны асуудал бус, бизнесийн хөгжлийн шинэ боломж гэдгийг харуулдаг юм. Тухайлбал Шидэт хүнс ХХК-ийн хүнсний технологич Д.Оюунчимэг зэрлэг жимсний дайвар бүтээгдэхүүнийг хаях бус, хүнсний нэмэлт түүхий эд болгон ашигласан нь тойрог эдийн засгийн сайн жишээ боллоо.

“Ногоон шилжилт - Гэр бүлийн оролцоо”

Улаанбаатар хотын Зайсан Хилл төвд зохион байгуулсан уг арга хэмжээ нь гэр бүл, хүүхэд, залуусыг хамруулж, ногоон хөгжил гэдэг нь хүн бүрийн өдөр тутмын жижиг, ухаалаг сонголтоос эхэлдгийг ойлгуулахад чиглэв. Оролцогчид гэр бүлээрээ цэцэг, ургамал тарих дадлага хийж, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг бодитоор мэдэрч байлаа.

“Ногоон шилжилт - Эрдэнэт хотын оролцоо”

Эрдэнэт хотын БЖДҮ эрхлэгчдэд ногоон стандартын үндсэн шаардлага, байгальд ээлтэй технологи, ногоон санхүүжилт, тогтвортой зах зээлийн талаар мэргэжлийн зөвлөгөө өгсөн юм. Мөн ногоон гэрчилгээ авсан анхны 22 үйлдвэрлэгчийн нэг “Ранчо” компанийн гүйцэтгэх захирал Б.Золбаяр энэхүү төслийг бизнес эрхлэгчид хоорондын туршлага солилцох, хамтын хөгжлийг дэмжсэн бодит боломж хэмээн онцоллоо.

“Ногоон шилжилт - Дархан хотын оролцоо”

Дархан хотод зохион байгуулсан арга хэмжээ нь иргэдэд ногоон гэрчилгээтэй бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, эко тэмдгийг таньж худалдан авахын ач холбогдлыг таниулахад чиглэсэн юм. Оролцогчид ногоон хэрэглээний үнэ цэнийг шинэ өнцгөөс ойлгосноо илэрхийлж, арга хэмжээг үр өгөөжтэй болсныг онцолсон.

Ногоон эдийн засаг руу чиглэсэн бодит алхам

Эдгээр цуврал үйл ажиллагааны үр дүнд “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн гол зорилго болох тогтвортой үйлдвэрлэл, тойрог эдийн засгийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, хэрэглээний зан дадалд эерэг өөрчлөлт авчрах суурь тавигдлаа. Өнөөдөр анхны 22 үйлдвэрлэгч эко тэмдэг, ногоон гэрчилгээтэй болсон бол маргааш энэ тоо улам нэмэгдэж, хариуцлагатай бизнес эрхлэгчид, мэдээлэлтэй хэрэглэгчдээс бүрдсэн ногоон эдийн засгийн суурь бодитоор бүрэлдэн тогтож байна.

Эдийн засгийн ногоон шилжилт төслийн тухай

Европын Холбооны СВИЧ-Эйшиа хөтөлбөрийн хүрээнд 2.2 сая еврогийн санхүүжилттэй, дөрвөн жилийн хугацаанд хэрэгжиж буй “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийг Пипл ин Нийд (ПИН), Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо, Хөгжлийн Шийдэл болон Каритас Чех Репаблик ТББ-ууд хамтран хэрэгжүүлж байна. Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 22.7%-иар бууруулах үндэсний стратегийг дэмжих энэхүү төсөл нь хүнс, ус ундааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бичил, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, жижиглэн худалдаа эрхлэгчдийг зах зээлд суурилсан эко тэмдэг, ногоон гэрчилгээний цогц систем, чадавхжуулалт, зан дадлын өөрчлөлт, ногоон санхүүжилтийн хүртээмжээр дамжуулан тойрог эдийн засгийн сайн туршлагыг нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн ажилласаар байна.

Үйл ажиллагааны үеийн зургуудаас:

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.