Сүүлийн үед цахим сүлжээгээр ОХУ-ын Петропавловск-Камчатскт есөн давхар байшинтай зэрэгцэх өндөр цасан хунгар тогтож, хүмүүс 9 давхраас чаргаар гулган бууж байгаа бичлэг тархсан. Харин энэ нь хиймэл оюун ухааны бүтээл байсныг зарим нь анзаараагүй.

Гэхдээ Камчатскт сүүлийн 60 жил болоогүй цасан шуурга болж, энгийн үеэс 316 хувь илүү хур тунадас орсон нь бодит зүйл гэнэ.

2026 оны нэгдүгээр сард энэ үзүүлэлт 150 хувь байснаар 5 метр өндөр хунгар үүссэн байна.

Петропавловск-Камчатск гэдэг нь Камчаткийн нийслэл. Энэ хагас арал дээр байнга газар хөдлөж, галт уул дэлбэрч байсан бол энэ жил цасан шуурга зочлон ирсэн нь энэ.

Хэдхэн өдрийн дотор цасан хунгар байр байшингийн хаалгыг дарж, сүүлдээ тагт, дээврт нь хүрч эхэлжээ. Цэргийн албан хаагч, оюутнуудыг аврах ажиллагаанд дайчилж байна.

Дээврээс унасан цасан хунгарт даруулан хоёр хүн амиа алдаад байна.

Хотын захиргаанаас эцэг эхчүүдэд хүүхдээ гадагш гаргахгүй байхыг анхааруулж байна. Байшингийн дэврээс цас мөс унаж, олон хүн гэмтжээ. Сургуулийн хичээл зайнаас болж өөрчлөгдлөө.

Камчаткийн ард түмнийг Орост баатарлаг, тэсвэр, хатуужилтай хэмээн магтдаг. Цахим сүлжээнд Камчаткийн түргэн тусламжийн эмч нар цасан дундуур хэрхэн явж, эмчилгээ хийж байгаа олон бичлэг гарчээ.

Хамгийн хүчирхэг жийп машин ч туулахын аргагүй газар олон байна. Амбан захирагч В.Солодов цас арилгаж, зам гаргах үүрэг өгөөд байна. Мужийн Онцгой байдлын газар 24 цагаар ажиллаж байгаа юм.

“Весна” супермаркет цасанд дарагдаад хэд хоносон. ОБЕГ-аас хаалгыг нь арай ядан нээлээ. Дэлгүүрт очих зам хүндрэлтэй болохоос хүнсний хомсдол үүсээгүй гэж захиргаанаас мэдээлжээ.

Зам цасанд дарагдаж, гэрлэн дохио мөсөөр хучигдсан тул ихэнх хүн цана углан, ажилдаа явж байна.

ОХУ-ын нийслэл Москва ч цасанд дарагдаад байгаа ч Камчатк шиг онц байдалд хүрээгүй байгаа.
