Уг ярилцлага нь “Гэрэг” сэтгүүлийн Нью-Йорк Таймстай хамтарсан “Turning Points: Global Agenda” дугаарт 2025 оны арванхоёрдугаар сард нийтлэгдсэн болно.
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дэд дарга Батбаярын Жаргалантай ярилцлаа. Ардчилсан нам, түүний зарчмыг тод илэрхийлж, залуу, эмэгтэй гишүүдийн төлөөлөл, дуу хоолой болж байгаа түүний улс төрийн замнал, одоо төвлөрч буй ажлуудын талаар хөндлөө.
-Хэдхэн хоногийн өмнө Ардчилсан намын Онцлох улс төрчөөр шалгарсанд баяр хүргэе. Таныг эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, ардчилсан үнэт зүйлсийг бодитоор дэмжиж, байр суурь, хандлагадаа тууштай байсныг үнэллээ гэж тодорхойлон бичжээ. Та энэ тухай дэлгэрүүлээч.
-Манай Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос эмэгтэй төлөөлөгчдийн хамтын орон зайг бүрдүүлэх, өөр хоорондоо туршлага солилцох, цаашлаад хамтарсан байдлаар нөлөөллийн ажил хийх арга замыг бий болгох сургалт зохион байгуулж, энэ жил бүх орон нутгийн төлөөлөгчдөө хамруулаад дуусаж байна. Энэ хөтөлбөр “Ардчилал анхан шатнаасаа эхтэй” гэх уриатай юм. Учир нь, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд суманд байгаа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон сумын намын байгууллага маш чухал нөлөөтэй. Тиймээс тэр орчинд байгаа эмэгтэйчүүдээ чадавхжуулах, өөрийгөө хөгжүүлэх, улс төрийн туршлага хуримтлуулах боломж бий болгох шаардлагатай гэж үзсэн.
Өнгөрсөн сонгуулиар эмэгтэйчүүдийн квотыг албан ёсоор баталснаар парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл одоо 25 хувьтай байна. Харин аймаг, сумдын түвшинд энэ квот байгаагүй тул төлөөллийн хувьд өөрчлөгдсөн зүйлгүй. Энэ тал дээр мөн УИХ дахь эмэгтэй гишүүд санаачилга гаргаад ажиллаж байгаа.
Гэхдээ ер нь анхан, дунд шатанд эмэгтэйчүүдийг илүү олноор нь оролцуулах явдал органикаараа бий болох учиртай гэж би хараад байгаа. Квот бол түр зуурын арга хэмжээ шүү дээ. Тиймээс хүн амын тал хувийг эзэлдэг бөгөөд намын гишүүнчлэлийн хувьд ч тэр тал нь байдаг эмэгтэйчүүдийн оролцоог дэмждэг, хүлээн зөвшөөрдөг ойлголт, хандлагыг төлөвшүүлэх нь чухал байна. Ялангуяа, аймаг, сум, дүүргийн төлөөлөгч гэдэг бол иргэдийн амьдрах орчин, өдөр тутмын амьдралтай холбоотой шийдвэрүүд гаргадаг. Үүнд амьдралын туршлагын хувьд ч тэр санал, шийдэл арвинтай, сургууль, цэцэрлэг, зам харгуй гээд бүхий л зүйлд санаа тавьж байдаг эмэгтэйчүүд маань шийдвэр гаргахад оролцох боломжтой нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ажиллаж байна.
-Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа хэзээ мөдгүй талдаа хүрэх нь. Өнгөрсөн хугацаанд та ямар ажлууд дээр төвлөрч ажилласан бэ. Ямар үр дүнд хүрэв. Энэ тал дээр дүгнэлт хийх цаг хугацаа болж байгаа байх гэж бодож байна.
-УИХ-ын сонгуулиас хойш жил хагасын хугацаа буюу гурав дахь чуулган өндөрлөх гэж байна. Эхний хоёр чуулганы хугацаанд АН хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байсан. Тэр хүрээнд бид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт АН-ын мөрийн хөтөлбөрт багтсан тодорхой зорилтуудыг тусгахаар маш их хүчин чармайлт гаргаж ажилласан. Энэ хөтөлбөр одоо ч хүчин төгөлдөр үргэлжилж байна.
Яг их хуралд орж ирсэн мэдрэмжээ ний нуугүй хуваалцахад нэг нам найман жил үнэмлэхүй олонх болохоор УИХ, Засгийн газраа бүрэн “базаад”, сүүлдээ Ерөнхийлөгчийн институтээ ч авснаар маш богино хугацаанд хяналтын тогтолцоог алдагдуулдаг юм байна гэдгийг тод мэдэрсэн. Эрх баригч нам бол МАН, МАН бол төр гэсэн хандлага бүх шатанд суучихсан, одоо ч энэ ойлголт нь хэвээр л байна. Энэ нь хуулиасаа гадуур бүр соёл, хандлага болчихсон. Улс орны асуудал парламентад биш тэдний цагаан байшинд л яригддаг байдал даамжирсан.
Тэгэхээр парламентын хяналтын тогтолцоог сайжруулах зайлшгүй шаардлагатай юм байна гэдэгт бид төвлөрч ажиллалаа. Үүнийхээ хүрээнд маш богино хугацаанд УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хууль, Хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулж чадсан. Энэ дагуу хүмүүсийн хамгийн сайн мэдэж байгаа нь одоо УИХ-ын чуулганы хурлын үеэрх “Асуулгын цаг” байх. Урьд нь, Ерөнхий сайдын цаг гэдэг нэртэй Засгийн газрын тэргүүн орж ирээд өөрийнхөө цагийг эзлээд мэдэгдэл хийчхээд гардаг байсныг халж, асуулгын цаг болгосноор сөрөг хүчнээс яг нийгэмд болж буй, хүмүүсийн амьдралд санааг нь зовоож байгаа зүйлсийг асуух, хэлэлцэх боломж бүрдлээ.
Мөн Хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллалаа. УИХ-д явагддаг сонсгол, түр хороо зэрэг нь цөөнхийн санаачилгаар явагдах ёстой гэсэн санал гаргасан юм. Эс бөгөөс их хуралд байгаа төлөөллийн тооны харьцаагаар явагдана гэвэл олонхыг бүрдүүлж байгаа эрх баригч нам л өөрөө өөрийгөө “хянана” гэх учир дутагдалтай. Гэсэн ч бидний дэвшүүлсэн саналыг олонхын бүлэг хэлэлцүүлгийн шатанд унагасан. Гэхдээ сонсголыг санаачилсан гишүүд дотроосоо ахална гэсэн заалт орсноор манай сөрөг хүчний 42 гишүүн нийлж байгаад ямар нэг хяналт, шалгалт санаачилбал өөрсдөө ахлаад явах боломжтой боллоо. Энэ мэтчилэн жижиг алхмууд хийж байж хяналт, тэнцлийн зарчим, бүтэц маань голдирлоороо ажиллана шүү дээ.
Мөн энэ намар бидний ажилласан нэг чухал хууль нь Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль байлаа. Гэтэл одоо Засгийн газраас яг ижил нэртэй хуулийн төслийг өргөн барих гэж байна. Гэхдээ энэ хоёр төслийн үзэл баримтлал тэнгэр, газар шиг зөрүүтэй. Засгийн газраас боловсруулсан төсөл нь зөвшөөрлийн хуулийн шинжтэй буюу төрийн эрх мэдлийг тодорхойлсон хууль байна. Харин бидний төсөл бол эдийн засгийн тодорхой үйл ажиллагаанд төр огт оролцож болохгүй гэж төрийн оролцох ёсгүй хэм хэмжээг тунхагласан онцлогтой.
Цаашдаа бүрэн эрхийн үлдсэн хугацаанд урт хугацаанд хийх ажлууд, дараачийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулах тал дээр бодсон ажлууд бий. Одоо алдагдсан байгаа хяналтын тогтолцоо, улс төрийн эрх мэдэлд дэндүү удсан олонхын бий болгосон хандлагад өөрчлөлт оруулах ёстой. Үүний тулд АН дараачийн сонгуулиар олонх болох, эрх мэдлийн хуваарилалтыг өөрчлөх шаардлагатай. Тэгэхгүй бол нийгэмд дорвитой өөрчлөлт гарахгүй нь, МАН-аас ч тэр хүлээгээд байх зүйл бага байна шүү дээ.

-Сүүлийн жилүүдэд залуусын оролцооны тухай их хөндөгдөж, яригдаж байсан. Улмаар 2024 оны сонгуулиар цөөнгүй залуу гишүүн сонгогдлоо. Та ч бас тэдний нэгийн хувьд залуу гишүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоо, үйл ажиллагааны хувьд ямар бодолтой байна вэ?
-Энэ удаагийн 126 гишүүнтэй парламентад орж ирсэн залуу гишүүд ажлын арга барилын хувьд онцгой ялгарч байна. Жишээ нь, биднийг дөнгөж орж ирсний дараа төсвийн асуудал, түүнийг дагасан хориг, тодотгол гээд маш урт удаан хэлэлцүүлэг өрнөсөн. Энэ үеэр залуу гишүүд төсвийн бичиг баримтын бүх эрэг шурга руу орж, нарийвчлан шинжилж ажилласан. Сангийн яамтай ч тэр нягт уялдаатай ажиллаж, эксел файлыг нь авч байгаад л суусан. Сүүлдээ бараг тэдний кодоор ярьдаг болтлоо ажилласан нь залуу гишүүдийн хувьд ажлын гүн рүү, бичиг цаасныхаа үг, үсэг рүү орж ажилладаг шаргуу арга барилыг мэдрүүлсэн. Түүнчлэн сэтгэлгээний хувьд ч өөр. Асуудлыг харж байгаа, шийдвэрлэх гэж байгаа арга барил нь ч тэр нэгэнт л өөр үеийнхэн тул бусдаасаа ялгаатай тал бий. Гэхдээ энэ нь парламентад нэг их хөгшин, залуу гээд онцлон ялгаж авч үзээд, зааглаад байх асуудал биш болов уу.
Харин одоо их хурал дээр сөрөг хүчний дуу хоолой, ер нь өөр үзэл санаа, байр суурь илэрхийлсэн дуу хоолойг хүлээн зөвшөөрч, түүнийг шийдвэртээ тусгах соёл, хандлагын өөрчлөлт маш чухал байна. Тэгж байж бид нөгөө өмнөх үнэмлэхүй олонхын дарангуйллаас гарах гээд байна шүү дээ. Одоо жишээ нь, Засгийн газрыг ч юм уу шүүмжилмэгц сошиалаар шал өөр сэдвээр, хувь хүнтэй нь холбоод “балбаад” эхэлдэг. Түүндээ төсвийн мөнгө ашиглах ч явдал байна. Гэтэл тэр шүүмжүүд бол ажлыг сайжруулахын төлөөх л санаа, шүүмж байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийнх нь байр суурьтай нийлээгүй ч, түүнийг сонсож сурмаар байна, манай дарга нар. Тэгэх юм бол хурлын уур амьсгал арай сайжрах гээд байна даа.
-Та сая болж өнгөрсөн Оюу толгойн хянах шалгах түр хорооны гишүүнээр ажиллалаа. Энэ үеэр дурдагдаад өнгөрсөн нэг зүйл нь таны аав Н.Батбаярын нэр таны улс төрийн замналтай яалт ч үгүй салшгүй байх нь ээ. Нэг талаар магад таны гарааны нөхцөлд давуу байдал бий болгож ирсэн байх, нөгөө талаар түүний хийж, хэрэгжүүлсэн ажлын шүүмжлэлийг танд “наах” гэх нь ч бий. Та үүн дээр ямар бодолтой байдаг вэ?
-Манай гэр бүлд улс төрийн яриа хүүхэд байхаас минь л өрнөдөг, сонсдог байлаа. Харин би насанд хүрээд өөрийн дур сонирхлоороо улс төрд татагдаж Ардчилсан намд элссэн. Мэдээж хэрэг аавын нэр зарим хаалгыг нээсэн нь үнэн. АН-д ороход хүмүүс манай Н.Батбаярын охин гэж хандана. Гэхдээ би юунд бардам байдаг вэ гэвэл намд элссэнээс хойших 20 жилд, тэр дундаа 10 жилд нь би яг намын үйл ажиллагааны бүх шатанд амьдралаа зориулж ажилласан. Тэр утгаараа нам дотроо бол ааваасаа ангид байдлаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх түвшинд хүрснийг манай намын гишүүд хэлэх байх.
Харин үндэсний тавцанд гараад ирэхэд бас өөр л дөө. Хүмүүс аав чинь зөвлөж байна уу, дэргэд чинь маш туршлагатай улс төрч байна шүү дээ гэдэг л юм. Мэдээж зөвлөх үе бий боловч бид чинь бас яах аргагүй хоёр өөр хүн. Насны хувьд аав маань бүүмэр үеийн төлөөлөл бол би чинь милленниал. Хүйсийн ялгаа ч бас нөлөөлнө. Жишээ нь, аав эмэгтэй улс төрчид тулгардаг асуудлуудыг ойлгохгүй шүү дээ. Цаашлаад мэргэжлийн үзэл хандлага гээд “наах” гэхээсээ ялгаатай талууд олон бий.
Ер нь миний хувьд өөрийн гэсэн баримталдаг, бодож явдаг зорилго бий. Түүнийхээ төлөө ажиллаж ирлээ. Үүнийгээ бие даасан байдлаар хүлээн зөвшөөрүүлэх том даалгавар бий гэдгийг мэднэ.
-Та ер нь бие хүний хувьд улс төрд оръё гэх шийдвэр яагаад гаргасан юм бэ. Юуг өөрчилье, юунд өөрийгөө зориулъя гэж шийдсэн бэ?
-Би 2000-аад оны дөнгөж эхэн үед гадагшаа сургуульд явж, нэр хүнд бүхий сургуульд суралцсан анхны үеийн төлөөлөл. Монгол Улс нээлттэй болсноос хойш ердөө 10 жилийн дараа Америкт очсон хэрэг шүү дээ. Тэр үед хиймэл оюун байхгүй, Google дөнгөж эхэлж байсан тул гаднаас мэдлэг, мэдээлэл олж ирэх үүрэг, хариуцлагатай гээд өөрийгөө бодчихож байгаа юм. Дөнгөж 18, 19-тэй хэр нь өөртөө том даалгавар өгчихсөн ёстой л хүний газраас эрдэм өвөрлөж ирэх учиртай гэж бодно. Хичээл дээр үзсэн бүх л зүйлээ Монголд маань тэгвэл ямар байдаг билээ гэж харьцуулна. Тухайн үед Монгол Улсын эдийн засагт юу дутагдаж байна, ямар орон зай байна, ямар салбарт юу хэрэгтэй байна гэхчлэн бас их анзаарч боддог байлаа.
Тэр үед яригдаж байсан зүйлсээр бол өдийд бид Швейцар лугаа хөгжчихсөн, үгүй ядаж бар улс болсон байх байлаа шүү дээ. Тэгэхээр маш олон зүйл дээр төрийн бодлого явахгүй байгаа нь харагдаж эхэлсэн. Тэгээд угийн нийгмийн идэвхтэй, байнга улс төр, нийгмийн амьдралд анхаарал хандуулдаг байсны хувьд өөрийн санаануудаас АН-ын мөрийн хөтөлбөрт суулгачих юм сан гэх бодлоор орж ажиллаж эхэлсэн. Ялангуяа, төрийн бодлогод нөлөөлөхийн тулд засгийн эрх барих намын мөрийн хөтөлбөрт санаа, шийдэл маань суусан байх ёстой шүү дээ. Ийнхүү намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлснээр нэг л мэдэхэд намын идэвхтэн болоод мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлье, түүний төлөө нэр дэвшье гээд дараачийн алхмууд гарч ирсэн. Ер нь хүний амьдралд маш жижигхэн мэт хийсэн сонголт нь үнэндээ том зүйлийн эхлэл болчихдог юм билээ. Маш том алхмын үүд хаалгыг нээчихдэг.
-Дэлхий дахинаа ардчилалд итгэх итгэл буурч, энэ тухай яриа гутранги түвшинд хүрчихлээ. Харин та Монголд Ардчилсан намын гишүүн, ардчилал, эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон намын төлөөллийн хувьд ямар итгэл үнэмшилтэйгээр алхаж байна вэ?
-Заримдаа хүмүүс манай улсад ардчилсан хувьсгал жамаараа, зөнгөөрөө болчихсон юм шиг ярих нь бий. ЗХУ задран унаж байсан тэр нөхцөлд бусад орнуудад болж байсныг дагаад л болсон үйл явц мэт, эрх баригчид ч тэр ил цагаан тэгж ярьдаг болчихсон. Гэтэл би бол ардчилсан хувьсгал хийхэд маш их иргэний зориг, маш олон хүний буюу дийлэнх монголчуудын итгэл үнэмшил, хүсэл зориг нөлөөтэй байсан гэж боддог. Энэ утгаараа ардчилсан хувьсгал, түүний үнэ цэн, ардчиллын үнэт зүйл монголчуудын хувьд маш өндөр санагддаг. Яагаад гэхээр энэ үйл хэрэгт тийм олон хүн оролцож, нийгмээрээ давлагаалж байлаа шүү дээ. Үүнээс улбаалаад ардчилал, эрх чөлөөний үнэт зүйл монгол хүний мөн чанарт бүрэлдэж, үндэсний нэгдмэл үнэт зүйлийн нэг хэсэг болчихсон.
Ардчилсан намын хувьд өнөөдөр ард түмнийхээ 30 гаруй хувийн саналыг авч парламентад 42 төлөөлөлтэй байна. Монгол ардын нам хоёр бүрэн эрхийн хугацаанд үнэмлэхүй олноор засагласны дараах нөхцөлд ийм хэмжээний санал авна гэдэг хялбар биш. Харин тэрхүү найман жилийн хугацаанд хүнд бэрхшээлийг давж, олон зөрчилтэй нүүр тулан байж тэмцэж, ардчиллын төлөө дэмжиж байсан хүмүүстээ баярладаг. Тэд маань одоо ч байна, хүрээгээ тэлсээр ч байна. Тэгэхээр дэлхий дахины чиг хандлага ямар ч байлаа гэсэн монголчуудын хувьд ардчилсан үзэл санаа хүчтэй байгаа нь мэдрэгддэг. Залуу, шинэ үеийнхэн маань нийгэмдээ идэвхтэй оролцоотой, зоригтой дуу хоолойгоо илэрхийлсээр байгаа нь үүний илрэл шүү дээ.
Үүнийг дагаад одоо өөрчлөлт явагдах байх гэж би харж байна. Эрх баригч намын хувьд хүмүүс нь солигдоод байгаа хэр нь бодит өөрчлөлт гарахгүй байна. 2016 оноос хойш л гэхэд хэдэн Ерөнхий сайд солигдов, гэтэл нүүр царай нь л өөр болохоос суурь нь яг л хэвэндээ. Нөгөө талаас ийм үл өөрчлөгдөх, тогтонги байдалд нийгэм, улс төрийн гэхээс илүүтэй эдийн засгийн хүчин зүйл бас их нөлөөлдөг юм байна. Баялгийн төлөө, түүнийг засаглах эрх мэдлийн төлөө тэмцэлдэж мөнгөөр бүхнийг ялна гэх ойлголт суух нь. Тэгэхээр үүний эсрэг бид итгэл үнэмшлээ хадгалах, илүү хүчтэй байх ёстой. Ардчилсан нам тэр итгэл үнэмшлийг тээж чадах хүчин гэдэгт итгэдэг. Үүнийгээ иргэд, олон нийттэйгээ нэгтгэж, хамтын итгэл үнэмшлээ тодорхойлох ажил бидэнд үлдээд байна.
-Сүүлийн асуултыг хэдхэн хоногийн өмнө дууссан Оюу толгойн хянан шалгах сонсголтой холбож асуух нь зүйтэй байх. Та энэ хорооны гишүүнээр ажиллалаа, монгол хүн бүрийн анхаарал хандуулдаг уг асуудлын талаар ямар ойлголт, дүгнэлтэд хүрэв?
-Юун түрүүнд бодлого боловсруулах түвшинд зохион байгуул сан энэ сонсгол цаг хугацаа ны хувьд зөв таарлаа гэж бодож байна. Учир нь, 2009 онд гэрээ байгуулс наас хойш 16 жил өнгөрчээ. Энэ бол бага биш хугацаа, бид өнөөд рийн энэ цаг хугацаанаас асуудлыг эргэн харж, дүгнэлт хийх ёстой.
Энэ үеэр анзаарагдсан нэг зүйл нь тухайн үед гэрээ хийж байсан хүмүүс одоо ч хэвээр байна. Нэг ёсондоо 2009 онд шийдвэр гаргасан хүмүүс өнөөдөр өөрийн биеэр холбогдохгүй ч тэдний ашиг сонирхол амь бөхтэй оршсоор байна. Тийм учраас тухайн үеийн нөхцөл байдал, тулгарсан асуудлууд, алдаа, оноогоо үнэнээр өгүүлэх яриа өрнөсөнгүй. Өөрсдийгөө л зөвтгөхөд анхаараад байсан нь харамсалтай. Тэгэхээр цаг хугацааны хүлээснээс ангижирсан дүгнэлтүүд хүрч чадсан бол илүү өгөөжтэй байх байлаа.
Гэхдээ асуулгууд, шинжээчдийн гаргасан дүгнэлтүүд, одоо ажиллаж байгаа албан тушаалтан, мэргэжилтнүүдийн хэлсэн зүйлсээс харвал бид ямар ч гэсэн сонсгол хийснээрээ мэдээллийг харьцангуй ил тод болгож чадлаа. Эндээс нийгмээрээ нэгдсэн ойлголтод хүрэх учиртай суурь асуудлууд ч хөндөгдлөө. Бид Оюу толгойн өгөө жийг 50 хувиас дээш болгох ёстой юм байна, хувь нийлүүлэгчдийн зээл хэлбэрээр хуримтлагдаад байгаа зээл, зээлийн хүү хэрээс хэтэрчээ, Онтрегийн лиценз бол Оюу толгойн тогтворжуулалтын гэрээнд хамаарахгүй юм байна гэхчлэн олон асуудал бий. Эдгээр асуудлаар хэлэлцээр явах ёстой юм байна гэдгийг хаа хаанаа харсан, ойлгосон болов уу.
Оюу толгойн асуудлаар монголчууд бид нэгдсэн ойлголтод хүрч, алдаа дутагдлаа залруулаад явбал дараагийн олон төслийн үүд хаалгыг нээж чадна. Уг нь энэ цаг мөчид талцал хуваагдлаас илүү хөгжил дэвшил хэрэгтэй байна.
