Өвлийн олимпын наадам эхлэхэд 10 хоног үлдлээ. 2026 оны Өвлийн Олимпын наадам хоёрдугаар сарын 6-нд Италийн Милан хотын “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд албан ёсоор нээгдэнэ. Хоёрдугаар сарын 22 хүртэл үргэлжлэх тус наадам нь түүхэнд хоёр хот албан ёсоор хамтран тэмцээн зохион байгуулах анхны тохиолдол болж байгаагаараа онцлог. Милан хотод нээлт, Кортина-д’Ампеццо хотод хаалтын ёслол болох юм.
Олимпын бэлгэдлүүд
Лого
Түүхэнд анх удаа олимпын наадмын логог цахимаар нээлттэй санал асуулгаар тодруулсан. 2021 оны гуравдугаар сарын 6-нд Сан-Ремо хөгжмийн наадмын үеэр олимпын аварга Федерика Пеллегрини, Альберто Томба нар Dado, Futura гэсэн хоёр төсөл танилцуулснаас Futura санал асуулгаар ялсан байна. Энэхүү лого нь цасан дээр тасралтгүй шугамаар 26 гэж бичсэн дүрстэй.
Бамбар
“Essential” нэртэй олимпын бамбар нь тун минималист бөгөөд цэвэр ариун, инновацийг бэлгэджээ. Дахин сэргээгдэх эрчим хүчээр цэнэглэгддэг, эко бамбар юм.

Уриа
Энэ удаагийн наадмын уриа нь ““IT's Your Vibe” бөгөөд эхний хоёр үсэг нь IT, мөн Итали улсыг (Italy) илэрхийлжээ.
Маскот

2026 оны өвлийн олимпын наадам, 2026 оны паралимпийн өвлийн наадмын бэлгэ тэмдгийг өөр өөр өнгөтэй булга гарам ах, дүү нараар төлөөлүүлжээ. Тэдний нэрс нь зохион байгуулагч хоёр хотын нэрсийг богиносгосон хэлбэр бөгөөд Кортинагийн хувьд Тина, Миланы хувьд Мило. Цагаан арьстай Тина урлаг, хөгжим, олимпын наадмын гоо үзэсгэлэнг илтгэж байгаа бол хүрэн арьстай Мило хөлгүй төрсөн ч сүүлээ ашиглан, цог золбоотой амьдарч байгаа нь паралимпийн наадмыг төлөөлжээ. Энэ хоёр булгыг Таверна хотын хүүхдүүдийн зургаас сонгосон гэнэ.
Олимпын гал

Олимпын галыг 2025 оны 11 дүгээр сарын 26-нд Грекийн Олимп ууланд асааж, бамбрын буухиа эхэлсэн. Буухиа 12 дугаар сарын 6-нд Ром хотод ирж, Италийн 110 муж, 60 хотоор аялан, эцэст нь Миланд мандах юм.
Олимпын медалиуд

”Хос утгатай медаль” — нэг тал нь тамирчны ялалт, нөгөө тал нь ялалтын ард байдаг баг хамт олныг илэрхийлнэ. Өвлийн Олимпын наадамд 245 алт, 245 мөнгө, 245 хүрэл медалийн эзэд тодрох юм. Медалийн загвар нь голдоо Олимп, Паралимпын бэлэг тэмдэг болон “Милан-Кортина 2026”-ийн логотой, диаметр нь 80 мм, зузаан нь 10 мм. Медалийг 1928 онд байгуулагдсан, Европын хэвлэл болон зоос үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Istituto Poligrafico e Zecca dello Stato” (IPZS) компани урлан бүтээжээ. Бүх медалийг сэргээгдэх эрчим хүч ашиглаж, байгалд ээлтэй, хоргүй, дахин боловсруулах боломжтой хамгаалалтын бүрхүүлтэйгээр хийжээ.
Төсөв

Нийт 1,7 тэрбум еврогийн төсвөөр хийгдэнэ. ОУОХ-ноос 925 сая ам.доллар гаргаж, зохион байгуулалтын зардлыг даана. Италийн засгийн газраас нийт төсвийн 6, хувийг гаргах ёстой. Хувийн сектороос 400 сая евро орж иржээ.
Спортын тэмцээний байгууламжууд
Милан хот

"Сан Сиро" цэнгэлдэх хүрээлэн – Олимпын нээлтийн ёслол, 77,000 хүний багтаамжтай.
"Милано Санта Жулиа" мөсний хоккейн талбай – Мөсөн дээрх хоккей, 14,000 хүний багтаамжтай.
"Милано Мөсөн гулгуурын талбай" – Уран гулгалт, богино зайн тэшүүр, 10,000 хүний багтаамжтай
"Милано Ро мөсний хоккейн талбай" – Мөсөн дээрх хоккей, 12,000 хүний багтаамжтай
"Милано Мөсний тэшүүрийн цэнгэлдэх хүрээлэн" – Тэшүүр, 6,000 үзэгчийн багтаамжтай
"Пиазза дель Дуомо" – Медаль гардуулах ёслолын газар

Кортина д'Ампеццо
“Антерселва” Биатлоны Арена – Биатлон, 19,000 үзэгчийн багтаамжтай;
“Кортина Олимпын Кёрлингийн цэнгэлдэх хүрээлэн” – Кёрлинг, 3,500 үзэгчийн багтаамжтай;
“Тофане” уулын Цанын Төв – Уулын цана, 1,000 үзэгчийн багтаамжтай;
“Кортина” гүйлтийн Төв – бобслей, лиг, скелетон.
Вальтеллина
"Ливиньо-Сноу-Парк" — Сноуборд, фристайл;
"Ливиньо-Эриалс-и-Могулс-Парк" — Цанын уралдаан, 3000 үзэгчтэй;
“Стельвио-Ски-Сентер” (Бормио) — Уулын цанын спорт, ски-альпинизм, 7000 багтаамжтай.
Верона
“Верона-Олимпик-Арена” — Олимпын наадмын хаалтын ёслолын ажиллагаа, 12000 үзэгчийн багтаамжтай.
Спортын төрлүүд

2021 онд ОУОХ-ноос Скимо буюу Ski mountaineering төрлийг анх удаа олимпын наадмын хөтөлбөрт багтаасан. Италийн олимпын наадмаар нийт 116 багц медалийн төлөө өрсөлдөх нь 2022 оны наадмаас долоогоор илүү байна. Өнгөрсөн олимптой харьцуулахад 8 багц медалийг нэмжээ. Олимпын төрлүүд: Биатлон, Бобслей, Скелетон, Кёрлинг, Гүйлтийн тэшүүр, Уран гулгалт, Шорт-трек, Уулын цана, Цанын 2 төрөлт, Гүйлтийн цана, Трамплин харайлт, Фристайл, Сноуборд, Чарга, Цана-альпинизм, Хоккей.
Оролцогчид

Олимпын наадамд 92 улсын 2900 тамирчин оролцоно. Бенин, Гвинея-Бисау, АНЭУ гэсэн гурван орон өвлийн олимпод анх удаагаа өрсөлдөнө. Венесуэл, Кени, Сингапур, Уругвай, ӨАБНУ-ын баг хэлсэг завсарласны дараа эргэн ирж байгаа юм. Дайны улмаас ОХУ, Беларусийн баг туг далбаа, сүлд дуулалгүй оролцох болно. Монгол Улсаас “Милан Кортина 2026” Өвлийн Олимпын наадамд гүйлтийн цанын төрөлд Б. Ачбадрах, Э. Ариунтунгалаг, уулын цанын төрөлд А. Ариунбат нар оролцох болзлоо хангаад байна.
