UBLife Logo
Спорт

Казахстаны тэрбумтнууд хөрөнгө оруулж, Нани, Халкийг худалдан авлаа

Казахстаны тэрбумтнууд хөрөнгө оруулж, Нани, Халкийг худалдан авлаа

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хөлбөмбөгийн ертөнцийг цочроосон мэдээлэл гарсан нь Нани, Пьянич, Халк зэрэг алдартнууд ээлж дараалан, Казахстаны багт нэгдсэн явдал байлаа. Миралем Пьянич 35 настайдаа талбайд эргэн ирж, Актобед тоглох болсон бол Нани ч мөн энэ багийг сонгожээ. Энэ хоёр тоглогч Казахстаны лигийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчид болж байгаа юм. Хэдий зодог тайлаад байсан ч дэлхийн хэмжээний одод яагаад Казахстанд гэнэт ирэх болов?

Энэ бүх үйл явдлын гол эзэн нь Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев. Тэрээр өнгөрсөн жил хөлбөмбөгийн багуудыг хувьчлах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дараа Forbes-д бичигддэг казах тэрбумтнууд хөлбөмбөгийн баг худалдан авч эхэлжээ. Магадгүй тэд Ерөнхийлөгчдөө таалагдах зорилготой байж мэднэ.

Казахстаны 5 удаагийн аварга “Актобе” багийг 364 сая тенгегээр барилгын “Qazaq Stroy Properties” компани худалдан авлаа. Энэ компанийн эзэн Нурлан Артыкбаев 228 сая ам.долларын хөрөнгөөр Казахстаны Forbes-ийн жагсаалтын 44-т бичигдэж байна.

Нийслэлийн “Женис” багийг 5,9 тэрбум ам.доллартой Михаил Ломтадзе худалдан авсан. Тэр бол дэлхийн баячуудын чансааны 597-д бичигддэг хүн. Ломтадзе 2024 онд Английн гуравдугаар дивизионы “Уиком” багийг авч байлаа.

“Шахтер” Караганда баг “Freedom Holding” санхүүгийн группын эзэн Тимур Турловын мэдэлд очсон. Тимур тэрбумтнуудын дэлхийн чансааны 605-д жагссан эрхэм.

Петропавловскийн “Кызылжар” багийг “Казахстаны нефть, байгалийн хийн хүрээлэн” компанийн эзэн Сергей Кан сонгосон бол “TAU Group LTD”-ийн тэргүүн Исламгали Козбаков “Кайсар” багийг худалдан авчээ.

Багийн шинэ эзэд бүгд дэд бүтцийг сайжруулж, хүүхдийн хөлбөмбөгт хөрөнгө оруулна гэж амлаад байгаа. Энэ бүх байдал хэдэн жилийн өмнөх Хятадыг санагдуулж байгаа юм. Хятадын дарга Ши Жиньпин хөлбөмбөг хөгжүүлэх шийдвэр гаргасны дараа том баячууд нь баг худалдан авч эхэлсэн. Гэвч “хөөс хагарч”, хөлбөмбөг нь буцаад даржин хэвэндээ орсон билээ.

Казахстаны хөлбөмбөгийн холбооны тэмцээн зохион байгуулах албаны захирал Бакытжан Пазылхайыр “Ирэх гуравдугаар сар гэхэд лигийн бүх багийг хувьд гаргана. Бүх мужууд хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж байна” гэж мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.