UBLife Logo
Newsfeed

Амралт гэж боддог ч үнэндээ хамаг хүч сордог “8 зүйл”

Амралт гэж боддог ч үнэндээ хамаг хүч сордог “8 зүйл”

Шинэ жилийн амралт дуусаад удаагүй байгаа ч удахгүй Цагаан сарын урт амралт ирнэ. Ийм их амраад байгаа мөртөө ядраад байна гэж гомдоллох хүн сүүлийн үед олон болжээ. Яагаад тэр билээ? Сэрүүлэг, ажлын хурал, даалгавар байхгүй долоо хоноход сайхан сэргээд ирмээр юм. Гэвч бидний сайхан амралт гэж боддог зүйлүүд үнэндээ хамаг хүчийг сордог, ажлаас илүү ядраадаг байна. Ингээд таны амарч байна гэж эндүүрэн хийдэг 8 амралтыг чинь танилцуулж байна.

Ухаалаг утас, олон нийтийн сүлжээ

Хүмүүс олон нийтийн сүлжээнд орой үдэш хагас цаг хэртэй ороод жаал хов жив харахыгаа амралт гэж боддог. Тиймээ, үнэхээр таны бие суларсан, амарсан байна. Буйдан дээрээ хэвтсэн, биеийн хүчний ажил хийж байгаа хэрэг биш, яарч тэвдэх шаардлагагүй. Харин нэг түгшүүр байгаа нь бие амарч байгаа ч тархи чинь үй зайгүй ажиллаж байна. Энэ хагас цагийн дотор тархи чинь жирийн үед шингээж чадах мэдээллээсээ хэт олон мэдээллийг хүлээн авч, задалж, дүгнэж, байдаг. Тархины хэмжээ хязгаартай тул хэт их мэдээллээр дүүрэхээр ядарч туйлддаг. Утсаа унтраасан хойно ч тархи ажилласаар л байна. Ямар нэг юмнаас хоцрохоос айдаг FOMO эмгэгтэй болж, байнга түгшүүртэй байдаг хуучтай болно.

Олон ангит кино дараалан үзэх

Хүмүүсийн бас нэгэн эндүүрэл бол цуврал кино үзээд хэдэн цагаар буйдан дээр хэвтэхээ амралт гэж боддог. Дээр дурдсан шиг бие хөдөлгөөнгүй байгаа ч тархи ажилласаар л. Олон нийтийн сүлжээнээс ялгаатай нь та маш удаан хугацаанд сэтгэлийн элдэв хөдөлгөөнд автсаар байх болно. Киноны өрнөл, гэнэтийн үйл явдал, гол баатруудад санаа зовох сэтгэл нь яг бодит амьдрал дээр тохиолдож буй мэт тархийг дарамтална. Бие нь бодит аюул, хийсвэр үзвэр гэдгийг ялгах чадваргүй тул аль ч тохиолдолд гормон ялгаруулсаар байх болно. Тиймээс хүн хэдэн цаг кино үзээд маш их туйлддаг. Нэг байрлалаар буйдан дээр хэвтэхэд цусны эргэлт удаан болж, хүчил төрөгчийн дутагдал үүссэнээр ядардаг байна.

Видео тоглоом

Хэрэв олон нийтийн сүлжээ, цуврал кино идэвхгүй үйлдэл байсан бол тоглоом бол эсрэгээр. Хагас бүтэн сайнд сайхан тоглоод авъя гэж боддог ч үнэндээ энэ нь амралт биш. Хоорондоо өрсөлдөж, уралдаж байгаа тул тархи ажил хийж байгаа мэт л ажиллана. Тоглоомын үеэр одоо яах вэ, хаашаа очих вэ, яаж дайрах вэ гээд үргэлж ямар нэг шийдвэр гаргах ёстой болдог. Ийм шийдвэр болгон тархийг хэт ачаалалтай ажлын өдөр шиг л цуцаадаг. Тоглоомд ялагдах, үеэ давж чадахгүй байх болгонд стрессын хормон (кортизол, адреналин) ялгардаг. Та ажил дээр алдаа гаргасан уу, тоглоомд ялагдсан уу гэдгийг бие ялгахгүй учир стрессын гормон ялгарна.

Шопинг

Бямба гараг, их дэлгүүр, ганц хоёр цаг хэсээд, ядрах зүйл огт үгүй мэт. Гэвч дэлгүүрээс гарч ирэхдээ ихэнх хүн маш их ядарсан байдаг. Шалтгаан нь алхсан хэдэн км зайд биш харин энэ хооронд таны гаргасан хэдэн арван жижиг шийдвэрүүдэд байгаа юм. Ямар өнгө дээр вэ, надад таарах уу, явах уу, болих уу гээд л. Тархи ажилласаар. Их дэлгүүрийн маркетологичид үүнийг эртнээс ашиглаж байгаа. Дэлгүүрээс гарах үед хүний зөв шийдвэр гаргах чадвар муудсан байдгийг ашиглан, тэд кассын дэргэд бохь мэт аар саар зүйл тавьж, борлуулдаг байна.

Наргиж, цэнгэх

Хүнд ажлын 7 хоногийн дараа хамт олонтойгоо амрах, цэнгэх, гэр бүлтэйгээ хоолонд орохыг бүгд сайхан амралт гэж боддог. Гэвч судалгаагаар олон хүнтэй зэрэг харилцаж, эелдэг байх гэж хичээсээр 2-3 цагийн дараа маш их ядардаг ажээ. Найзуудтайгаа уулзаад эерэг сэтгэгдэлтэй байсан ч тархины ачаалал адилхан.

Архи дарс

Хүнд ажлын дараа шар айраг ууж, алжаалаа тайлахыг хүн болгон хүсдэг. Үнэхээр булчин суларч, бодол санаа удаашран, түгшүүр багасна. Асуудал юунд байна гэхээр энэ нь жинхэнэ сэргэлт биш юм. Мэдрэлийн системээ та архины тусламжтайгаар хүчээр амрааж байгаа нь маргааш улам их ядарна гэсэн үг. Амраад байгаа мэт боловч тархи зүгээр хааж байгаа юм. Согтууруулах ундаа нойр муутгадаг тул бие сайн амарч чаддаггүй.

Үр бүтээлтэй амралт, цэвэрлэгээ

“Хичээл хийгээд ядарч байна уу? Өөр зүйл хийж толгойгоо амраа” гэдэг үгийг багадаа сонсож байсан биз дээ. Ажлаа солиод өөр зүйл хийх нь амралт болдоггүй. Яагаад гэвэл өөр ч гэсэн ажил бол ажил. Таны тархи эзнээ компани дээр ажиллаад байна уу, гэрээ цэвэрлэж байна уу ялгахгүй. Адилхан ч ачаалал авна.

Амралт, аялал

Гэрийн ажил хийгээд амарч болдоггүй юм бол алс хол аялаад үзье гэж бодно. Ялангуяа халуун дулаан оронд. Тэгвэл үнэн хэрэгтээ хэд хэдэн цагийн бүс алгассан хол оронд очих нь жинхэнэ амралт биш гэнэ. Цагийн зөрүү гаргаж амжилгүй явахаар биологийн цаг бодит цагтай зөрчилдөж, стресст ордог. Цагийн бүс болгонд дасахад нэг өдөр шаардлагатай. Богино хэмжээний аялалд боломжгүй зүйл. Онгоц нислэг, нисэх буудлын дуу чимээ гээд ядраах зүйл мундахгүй.

Жинхэнэ амралт бол юу ч хийхгүй байх

Юу ч хийхгүй байх амархан биш, суралцах хэрэгтэй. Олон нийтийн сүлжээ бухимдуулж, кино ядраагаад, тоглоом стресст оруулаад байвал өөр юу үлдэх вэ?

Жинхэнэ амралт гэдэг бол ямар нэг даалгавар биелүүлэх гэж оролдохгүй, хичээх шаардлагагүй байхыг хэлнэ. Цэцэрлэгт хүрээлэнд зугаалах, үүл, голын ус харж суух, аяга кофе бариад амгалан суухад хүн амардаг. Хүмүүс цаг дэмий үрээд гэдэг ч үнэндээ энэ бол биеэ амраах хамгийн зөв арга юм. Юу ч хийхгүй байхыг олон цаг хийх албагүй. 15 минут салхинд гарахад л амралт. Элдэв өрсөлдөөн байхгүй хобби, тоглоом тус болно. Ийм үед хүний тархи жижигхэн зүйлд төвлөрч, хичээн ажиллах шаардлагагүй болдог.

Юу ч хийхгүй амралтын жишээ:

● чимээгүй орчинд зугаалах;

● дуртай хобби;

●ханатлаа унтах;

● бясалгах;

 

● ухаалаг бүх төхөөрөмжөө унтраах

Өөрөөр хэлбэл ямар нэг зүйл хийх ёстой гэсэн бодолгүй байхад л жинхэнэ амралт.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна