Италид Өвлийн олимпын наадам эхлэхэд хоёрхон хоног үлдээд байна. Өвлийн олимпын хамгийн анхаарал татсан төрлийн нэг нь уран гулгалт. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд хэн түрүүлэхийг таахад маш хэцүү байгаа. Ижил ур чадвартай, авьяастай тамирчид олон байна. Ультра-си буюу хэт хэцүү үсрэлт хийвэл түрүүлэх үү? Ямар өнгийн даашинз өмсвөл дээр вэ? Сүүлийн дэлхийн аварга тамирчин олимпод түрүүлдэггүй гэдэг үнэн үү? Энэ бүх мэргэ, тааврыг аваад үзье.
Нэгдүгээрт, Сүүлийн гурван олимпын эмэгтэй ганцаарчилсан төрөлд орос тамирчид түрүүлсэн нь Аделина Сотникова, Алина Загитова, Анна Щербакова нар. Бүгдийнх нь нэр А үсгээр эхэлж байгааг анзаарч байна уу? Миланд өрсөлдөхөөр ирсэн уран гулгагчдаас А үсгээр эхэлсэн нэртэй нь Аделия Петросян, Алиса Лью, Ами Накаи, англи хэлээр А-гаас эхлэлтэй Эмбер Гленн нар байгаа.

Хоёрдугаарт, Сүүлийн гурван олимпын аварга нар бүгд улаан даашинз, өмсгөлтэй гарч байжээ. Сотникова олимпын улирлын богино хөтөлбөртөө улаан даашинз, Загитова алдарт “Дон Кихот” үзүүлбэр дээр улаан, Анна Щербакова богино, чөлөөт үзүүлбэрээ улаан хувцастай үзүүлж байжээ.

Аделия Петросян энэ олимпын чөлөөт үзүүлбэртээ танго үзүүлнэ, улаан даашинзтай шүү. Эмбер Гленн богино хөтөлбөрт улаан хүрээн өмсгөлтэй байгаа бол Каори Сакамото ягаан, Изабо Левито час улаан, Ами Наки улаан судалтай даашинз бэлтгэжээ.

Гуравдугаарт, олимпын улирлын Франц Гран При тэмцээнд түрүүлсэн тамирчин олимпын наадамд түрүүлээд байгааг шинжээчид ажиглажээ. 2010, 2018, 2022 онд яг л энэ журмаар болсон. Сануулахад энэ улирал Францын Гран Прид Ами Накаи түрүүлж, Каори Сакамото мөнгөн медаль хүртсэн билээ.

Дэлхийн аварга цолтой олимпод оролцсон тамирчин түрүүлж чаддаггүй гэсэн сүсэг байсан ч XXI зуунд таарсан эсэхийг аваад үзье. 2002 онд Солт-Лейк-Ситид дэлхийн аварга Мишель Кван дөнгөж гуравт орсон. 2006 онд Ирина Слуцкая дэлхийн аварга цолтой ирээд түрүүлж чадаагүй. Харин 2010 онд Ким Юү На ДАШТ, олимпын наадмын аль алинд нь түрүүлж байжээ. 2014 онд Ким Сочид ирээд Аделина Сотниковад ялагдсан, 2018 онд дэлхийн аварга Евгения Медведева Загитовад ялагдсан гээд үргэлжилж байсан ч 2022 онд Анна Щербакова дэлхий, олимпыг хамтад нь эзэгнэсэн билээ.

Уран гулгалтын багийн төрөлд түрүүлсэн тамирчин эмэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлж байгаагүй байна. Бас нэг сонирхолтой зүйл байгаа нь эмэгтэй тамирчид олимпод нэг бус удаа гурвалсан аксель гүйцэтгэж байгаа ч тэдний хэн нь ч олимпын аварга болж байгаагүй. Ер нь хэт хүнд элемент хийгээд олимпын аварга болсон эмэгтэй гулгагч байхгүй.
Ийнхүү хэдэн долоо хоногийн дараа бид эмэгтэй уран гулгалтын олимпын аваргын нэрийг мэдэх болно. Магадгүй дээрх тааврууд биелсэн байх ч юм билүү хэн мэдэх билээ.
