UBLife Logo
Спорт

Forbes: Монгол моод, Армани загвар буюу Олимпын тамирчдын гоёл

Forbes: Монгол моод, Армани загвар буюу Олимпын тамирчдын гоёл

Хэрэв Олимпын наадам дэлхийн спортын хамгийн том наадам юм бол “Милан Кортина 2026” дэлхийн хамгийн том загварын талбай байх болно. Энэ сарын 6-нд болох Олимпын нээлтийн ёслол алдарт Жоржио Арманид зориулагдах бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн ганган, загварлаг, чамин ёслол болно гэж зохион байгуулагчид мэдэгдээд байгаа. Нутгийн эзэн Италийн шигшээ баг Жоржио Арманигийн хамгийн сүүлийн загварыг өмсөөд гарч ирэх бол Монголын баг “Парис 2024” наадмын ялгуусан амжилтаа давтаж, загварын оргилд мандахаар бэлтгэж байна. “Forbes Sport” зарим шигшээ багийн олимпын гоёлын талаар хүүрнэхээр бэлтгэлээ.

ОХУ-ын шигшээ багийн хувьд “төвийг сахисан” улсын статустай оролцож байгаа тул нээлтийн ёслолд оролцох эрхгүй гэдгийг юуны түрүүнд дуулгая. Миланы олимпын наадамд алдар нэрээ дуурьсгахын төлөө олон нэртэй брэнд шигшээ багуудтай хамтын ажиллагаагаа сэргээсэн. “Moncler” Бразилын баг, “Li-Ning” брэнд 1992-2004 онд хамтарч байсан Хятад улсдаа эргэн иржээ.

Монголын шигшээ баг - Goyol Cashmere

Монголын шигшээ баг Парисын зуны олимпод ганган сайхан хувцсаараа олныг гайхуулсан, энэ удаад ч олон нийтийн сүлжээний гол баатар болоод байна. Ёслол, өдөр тутмын хувцсыг нь монгол брэнд Goyol Cashmere дахин хариуцсан. Тэд энэ удаад XIII–XV зууны ялгуусан үеийнхээ гоёлыг сонгожээ. Ёслолын хувцас нь хөдөлгөөнд саадгүй хормойн оноо, салхи хүйтнээс хамгаалах мөөрөлжин зах, элэг тэвэрсэн битүү энгэр зэрэг уламжлалт шийдлийг хадгалсан бөгөөд зөөлөн тансаг монгол ноолуурыг гоёмсог торгоор эмжин, уламжлалт эвэр угалз хээг хатган, ёслол хүндэтгэлийн хэв маяг шингээснээрээ онцлогтой. Олон нийтийн сүлжээнд “Хэдэн мянганы туршид төв Азийн өндөрлөгийн мөнх өвлийг туулж ирсэн Монголчууд бидний тэсвэр хатуужил, ур ухаан, дайчин чанарыг дэлхийн спортын тавцанд тодотгон харуулж, бахархалтайгаар тунхаглав” гэж зарлажээ. Монголчууд 1964 оноос хойш 1976 оны олимпоос бусдад нь оролцсон. Өвлийн олимпоос медаль авч үзээгүй. Энэ жил гүйлтийн цана, уулын цанын 3 тамирчинтай.

АНУ-ын шигшээ баг - Ralph Lauren

Арав дахь жилдээ дараалан “Ralph Lauren” компани Америкийн багийг “хувцаслаж” байгаа. Нээлтийн ёслолд зориулан, модон товчтой ноосон хүрэм бэлтгэсэн. Ханцуйн дээр нь АНУ-ын далбаа мандана. Улаан – цагаан - хөх өнгийн ноосон свитер, цагаан өмдний хослол. Дээр нь  малгай, улаан үдээстэй, уулын гутал нэмэгджээ. Дашрамд дурдахад, АНУ-ын баг ёслолын хувцсаа чөлөөтэй худалдаалж байгаа. Оймс нь 48 ам,доллар, пальто 1998 ам.долларын үнэтэй. Энэ мөнгө АНУ-ын олимпын багийн санхүүжилтэд зориулагдана.  “Ralph Lauren” брэнд “АНУ-ын олимпын шигшээ баг нь засгийн газраас ямар ч тусламж авдаггүй цөөхөн багуудын нэг. Ёслолын хувцасны орлогоор тамирчдаа тэмцээнд оруулна” гэж мэдэгджээ.

Канадын шигшээ баг - Lululemon

2022 онд Канадын шигшээ багийн хувцсыг хариуцах болсноосоо хойш “Lululemon” компани бүх төрлийн тамирчидтай биечлэн уулзаж, ямар хувцас хэрэгтэй талаар судалгаа явуулсан. Ингээд 2026 онд 4 хос хувцас гаргасан юм. Нээлтийн ёслолд Канадын баг урдаа том улаан навчтай, урт өргөн пальто өмсөнө. Урд хэсгийг ороолт болгон ашиглахаас гадна бүс болгон хувиргах боломжтой. Канадын ҮОХ-ноос “Миланы цэнгэлдэх хүрээлэнд бахархалтайгаар орж ирэхэд хүн болгон навчаар нь Канадын баг гэж шууд таних болно” гэжээ. Пальтоноос гадна ус, салхи нэвтэрдэггүй материалаар хийсэн après-ski стилийн өмд, ус нэвтэрдэггүй өвлийн гуталтай. “Lululemon” компаниас мэдээлснээр ёслолын хувцас худалдаанд гарсан бөгөөд орлогын 10 хувийг шигшээ багт зориулна.

Францын шигшээ баг - Le Coq Sportif

2024 оны долоодугаар сард дампуурлын ирмэг дээр байсан “Le Coq Sportif” компанийг Дан Маманегийн тэргүүлсэн консорциум худалдан авсан. “Lacoste”-гийн захирал асан Александр Фове түүнтэй хамтарч байгаа. Шинэ эздийн хувьд хамгийн анхны шалгуур нь 2026 оны олимпын наадамд болно. “Le Coq Sportif” олимпын хувцсаа гурав ангилсан. “Тосгон” төрөлд юүдэнтэй цамц, maillot français футболка, хүрэм орсон бол “Ярилцлага” ангилалд хөх өнгөтэй ретро-шик стилийн хувцас, “Шагнал” төрөлд сафари стилийн өдөн хүрэм, гутал багтжээ. Энэ бүх хувцсан дээрх Францын далбааг огт өөр, орчин үеийн стилиэр урласан гэнэ.

Италийн шигшээ баг - EA7 Emporio Armani

2025 оны есдүгээр сарын 4-нд Миланд алдартай загвар бүтээгч Жоржио Армани нас барсан. Армани нас барахаасаа өмнө тавдугаар сард нь Италийн олимпын багийн хувцсаа бэлтгэсэн байлаа. Армани “Би зөвхөн цагаан өнгө сонгосон. Энэ өнгө л цасан оргилтой хосолж чадна. Спортын үнэт зүйлст харилцан хүндэтгэл ордог, би үнэнч шударга, эгэл жирийн байдлыг бас энэ өнгөөрөө харуулсан” гэж хэлж байлаа. “EA7 Emporio Armani”-гийн бүтээлд өдөн хүрэм, ус нэвтрэхгүй костюм, малгай, гутал, үүргэвч багтсан бөгөөд дээр нь “Italia” гэж бичжээ.

Их Британи- Ben Sherman

Их Британийн багийн тэмцээн, бэлтгэлийн хувцсыг Германы adidas гаргаж байгаа бол ёслолын хувцсыг Их Британийн брэнд Ben Sherman дааж авсан. Олимпын аварга Том Дейли гол модель нь. Тэрээр 2020 оны олимпод тэмцээний завсарлагаагаар юм нэхэж, алдарт гарсан тамирчин. Тэр цагаас хойш Том Дейли Instagram-даа байнга нэхмэл оруулсаар олон мянган дагагчтай болсон. Нээлтийн ёслолд Их Британийн далбааг өргөх хоёр тамирчин түүний нэхсэн GB бичигтэй ороолт, малгайтай байх юм. “Ben Sherman”-ий иж бүрдэлд ноосон пальто, төрийн далбааны хээтэй свитер, өмд, том ороолт, малгай орсон байна.

Германы шигшээ баг - adidas

Германы ҮОХ нутгийн брэнддээ үнэнч үлдсэн. АДИДАС компани “Team-D” нэртэй олимпын загвар гаргасан дотор нийт 70 эд зүйл багтаж байна. Нээлтийн ёслолд өмсөх алтан шар хээтэй хар өнгийн пончо дээр панам малгайтай. Спорт сонирхогчид панам малгайг нь загасчин шиг харагдаж байна гэж шүүмжилсэн.

Шведийн шигшээ баг – Uniqlo

Бразилын шигшээ баг – Moncler

Исланд - 66°North

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна