БНСУ-ын алдарт BTS хамтлаг эргэн нийлж, сүүлийн 4 жилд анх удаагаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолт хийхээ зарласан билээ. Нийслэл Сөүл хотын Кванхвамун талбайд ирэх сарын 21-нд болох тоглолтод Сөүл хотын захиргаа онцгой анхаарал тавин, түгшин бэлтгэж байна. Хүмүүсийг хэт олноор бөөгнөрүүлэхгүй байх, унаа тээвэр, тасалбар шаглагчдад ихэд анхаарах болно гэжээ.
BTS эргэн ирж, Сөүл бэлтгэсээр
Энэ сарын 4-нд Сөүл хотын дарга
BTS хамтлагийн гуравдугаар сард болох тоглолтын талаар хурал хийсэн. Өмнөд Солонгост урьд өмнө олон хүн бөөгнөрөн, цугларснаас хүний амь нас хохирсон хэрэг олон гарч байсан. Тиймээс гол анхаарлаа үзэгчдийн бөөгнөрөл, тоглолтыг аюул осолгүй зохион байгуулахад хандуулсан байна.

Хотын дарга Хун “Эзэн хаан эргэн ирэх дөхөж байна. Сөүл хотын хувьд энэ нь маш том, чухал үйл явдал. Гуравдугаар сарын 21-нд Кванхвамун талбай, төвийн дүүргүүдэд маш олон хүн цугларна. Бид хотын иргэд, ирсэн зочдын тав тухыг бүрдүүлэх, хамгаалах үүрэгтэй” гэж анхааруулсан байна.
Олон хүний аюулгүй байдлыг хангах нь
Тоглолт болох Кванхвамун талбай, Сөүлийн төвийн дүүргүүдэд маш олон хүн, тус хамтлагийн фэнүүд цугларах нь тодорхой. Тиймээс аюулгүй байдлыг хангахаар мэргэжилтнүүдийг урина. Арга хэмжээ болох үндсэн талбайг хэд хэдэн хэсэгт хувааж, тус тусад нь хянана. Тоглолт зохион байгуулагчдад хангалттай хэмжээний хамгаалагч, харуул ажиллуулахыг даалгана. Концертын талбай төдийгүй ойрх дүүргүүдэд хүртэл хамгаалалт гаргана.

Хотын Онцгой байдлын газар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, ажиглалтын камераар хянана. Хаана бөөгнөрөл их байгаа талаарх мэдээллээ зохион байгуулагчдад илгээж, хурдан шуурхай ажиллах гэнэ. Тоглолтын өдөр хотын захиргаанаас орох, гарах хаалгыг хянаж, гал түймэр, түргэн тусламжийн албыг бэлэн байлгахаар болжээ. Мөн болзошгүй осол, аюулын үед хүмүүсийг гаргах маршрутаа бэлтгэхийг үүрэг болголоо.

Тээвэр, дэд бүтэц
Тоглолтын өдөр нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт оруулна. Тоглолт болох талбайн ойрын буудлуудад метро зогсохгүй болгож, машины түгжрэл үүсэх магадлалтай тул автобусны чиглэлийг өөрчилнө. Үзэгчдийн тав тухыг хангахын тулд Нийтийн ариун цэврийн газрын тоог нэмж, хотын унадаг дугуй зээлэх үйлчилгээг түр зогсоож, хоол унд, бэлэг дурсгалын зүйлийн хууль бус наймааг хаах болно.
Шагчдын эсрэг
Хотын захиргаанаас тасалбар дамлан зарах явдалтай хатуу тэмцэнэ. Дүүргийн ажилтнуудтай хамтран, зочид буудал, хоолны газрууд үйлчилгээнийхээ үнийг нэмсэн эсэхэд хяналт тавих юм. Зах дэлгүүр, жуулчдын цуглардаг газруудад хууран мэхлэх, үнээ нэмэхийг илрүүлэх зорилгоор “нууц ажилтнууд” энгийн хувцастай ажиллана. Ийм гомдлыг хүлээн авах тусгай дугаар ажиллуулна.

Бусад арга хэмжээ
BTS хамтлагийн үндсэн тоглолтоос гадна Сөүл хотын захиргаанаас хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулна. “Dongdaemun Design Plaza”, Сөүлийн талбай, Ханган голын эрэг дагуу BTS хамтлагийн эргэн ирэлтэд зориулсан, бүжгийн баяр, гудамжны фестиваль, наадам хийх болно.
Сөүл хотын дарга О Се Хун “Энэ бүх арга хэмжээ нийлээд Сөүл хотыг “Дэлхийн соёлын нийслэл” гэдгийг харуулах болно. Аюулгүй байдалд онцгой анхаарч, Сөүл хотоо олон улсын аялал жуулчлалын төв гэдгийг батлан харуулцгаая” гэжээ.
