Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи албан тушаалдаа ороод 3 сарын дараа парламентаа албан ёсоор тарааж, хоёрдугаар сарын 8-нд ээлжит бус сонгууль явуулах болсноо зарласан билээ. Орон нутгийн мэдээллээс үзэхэд Такаичи энэ маягаар эрх баригч Либерал ардчилсан намын нөлөөг нэмэгдүүлж, өөрийн улс төрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой болохыг зорьжээ.
Ийнхүү өчигдөр ээлжит бус сонгууль боллоо. Сонгуулиар Ерөнхий сайд Санаэ Такаичигийн тэргүүлдэг эрх баригч Либерал Ардчилсан нам ялалт байгуулж, парламентын доод танхимын 465 суудлаас доод тал нь 243 суудал авах нь тодорхой болжээ. Эвслийн хамтрагч “Ниппон исин но кай” намтай нийлэхээр нийт 310 суудалтай болж, олонхыг бүрдүүлэх боллоо. Эцсийн дүн гараагүй байгаа ч NHK телевиз Либерал Ардчилсан намын эвслийг 328 суудалтай болно гэж таамаглажээ.
Өргөн хэрэглээний барааны үнэ өссөн, дэлхийн улс төрийн байдал тогтворгүй байгаа энэ үед сонгогчид их цас орж, байгалийн хүнд нөхцөлтэй байсан ч саналаа олноор өгсөн байна. Японд сүүлийн 36 жилд анх удаа сонгууль өвөл явагдсан нь энэ. Сонгуулийн өдрийн өглөө Нийгата зэрэг төвийн хэд хэдэн мужид их хэмжээний цас орж, төмөр замын 37 шугам хаагдаж, усан замын 58, нисэх 54 рейс цуцлагджээ.

Санаэ Такаичи бол Их Британийн Ерөнхий сайд Маргарет Тэтчерийг шүтдэг, Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн хамтран зүтгэгч. Японы “Төмөр хатагтай” болохыг зорьж байгаа. Дотоод бодлогодоо үндэсний үзэл, гадаад бодлогодоо хүчтэй Зэвсэгт хүчинтэй байх бодлого баримталдаг. Такаичиг 18-30 насны сонгогчид өргөн дэмжсэн дүн гарчээ. Учир нь тэрээр олон нийтийн сүлжээ идэвхтэй ашигладаг. Түүний Х хуудсыг 2,6 сая хүн дагаж, Сонгуулийн өмнөх сурталчилгааны бичлэгийг нь 10 өдрийн дотор 130 сая хүн үзсэн байлаа. Ерөнхий сайдын байнга барьж явдаг хар савхин цүнх тэр дороо зарагдан дуусаж, анхны хэвлэлийн бага хурал дээрээ хэрэглэсэн ягаан үзэг нь одоо эрж хайдаг бараа болжээ.
Настай, ахимаг эрчүүд засгийн эрх барьдаг байсан Япон орон өөрчлөгдөн эхэлж байна. Энэ удаа ээлжит бус сонгууль явуулах шийдвэр ч тун эрсдэлтэй алхам байсан ч эмэгтэй Ерөнхий сайд нэр хүндээрээ намаа аваад гарч чадлаа. Одоо түүний хэрэгжүүлэх бодлогод хориг тавих хүчин байхгүй. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн өмнө Такаичиг дэмжиж байгаагаа ил тод зарласан билээ.
