Энэ сарын 6-нд Өвлийн олимпын XXV наадмын нээлт Италийн Милан хотын Сан-Сиро цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Олимпын нээлтийн ёслол алдарт Жоржио Арманид зориулагдах бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн ганган, загварлаг, чамин ёслол болно гэж зохион байгуулагчид мэдэгдээд байсан билээ.

Ёслолоор Италийн алдарт хөгжмийн зохиолч Жакомо Пуччини, Жузеппе Верди, Жоаккино Антонио Россини нарын аялгуу эгшиглэж, өнгөрсөн онд нас барсан агуу модельер Жоржио Арманигийн бүтээсэн загварууд тайзыг чимлээ.

Нийт 1000 уран бүтээлч оролцсон дотор АНУ-ын дуучин Мэрайя Кэри, Италийн Лаура Паузини нар байлаа.

Олимпын наадам хоёрдугаар сарын 22 хүртэл үргэлжлэх бөгөөд манай улсаас гүйлтийн цана, уулын цанын төрөлд 3 тамирчин өрсөлдөж байна.




















