Оросын авангард пост-панк хамтлаг болох Shortparis-ийн гоцлол дуучин, уран бүтээлийн гол хөдөлгөгч хүч болж ирсэн Николай Комягин 39 насандаа таалал төгссөн талаар хамтлагийн менежер Марина Косухина албан ёсоор мэдээллээ. Үхлийн шалтгааныг албан ёсоор зарлаагүй ч сэтгүүлч, улс төрийн зүтгэлтэн Ксения Собчакийн мэдээлснээр Комягин боксын бэлтгэлийн дараа зүрх нь муудсан байж болзошгүй аж.

Санкт-Петербург хотод 2012 онд байгуулагдсан Shortparis хамтлаг анхны цомог Docheri-г 2013 онд, дараагийн Paskha цомгоо 2017 онд гарсан.
2018 онд гаргасан Strashno дууны улс төрийн агуулгатай клип, хэмнэл нь тэднийг дэлхий даяар танигдах гол шалтгаануудын нэг болж байв. Тэдний тоглолтууд театрчилсан уур амьсгалаараа алдартай байсан бөгөөд 2015 онд The Kooks, 2017 онд alt-J хамтлагуудын өмнө тайзнаа гарч байжээ.
Комягин урлаг судлалын боловсролтой, багш мэргэжилтэй байв. Тэр лекц уншиж, ярилцлагаа хүртэл перформанс болгож чаддаг сонирхолтой зан чанартай нэгэн байлаа. Мөн найруулагч Кирилл Серебренников-ийн Leto, Limonov: The Ballad of Eddie кинонд дүр бүтээж, Karamora цувралд яруу найрагч Владимир Маяковскийн дүрийг бүтээсэн.
2023 онд тэд Монголын “Playtime“ фестивальд хүрэлцэн ирж байсан билээ.
