UBLife Logo
Спорт

Өвлийн олимпын базаа #15

Өвлийн олимпын базаа #15

"Милан Кортина 2026" Өвлийн олимпын наадам өндөрлөхөд ганцхан хоног үлдлээ.

Өнөөдөр (2.21) Өвлийн олимпын түүхэнд тодоос тодоор бичигдэх үйл явдал болсон. Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн бөөн гараатай (сонгодог тэшилт) 50 км-ын "цанын марафон"-д Норвегийн гурван цаначин бусдаасаа замын дундаас эхлээд л тасарч, гурвуул толгой хэсэгт явсаар барианд орлоо. Йоханнес Хөсфлот Клэбо сүүлчийн тойргийн өгсүүр дээр шийдвэрлэх дайралтаа хийж, ганцаараа барианд тасарч орлоо. Тэрбээр 50 км-ыг замыг "зандан хүлгийнхээ" ачаар 2:06:44.8 хугацаанд туулж, энэ олимпоос зургаа дахь алтан медалиа зүүж хосгүй нэгэн амжилт тогтоолоо.

Клэбо "Пёнчан -2018" олимпоос гурав, "Бээжин-2022" олимпоос хоёр алтан медаль хүртэж байсан бол "Милан Кортина 2026" олимпод уралдсан зургаан зайдаа түрүүлж, Өвлийн олимпийн түүхэнд нэг олимпоос хамгийн олон алтан медаль зүүсэн тамирчин боллоо.

Харин ганцаарчилсан (Клэбогийн хоёр алт нь багийн төрөлд) төрөлд нэг Өвлийн олимпоос хамгийн олон алтан медаль хүртсэн тамирчин нь "Лэйк Плэсид 1980" олимпийн тодотгол, таван алтан медаль хүртсэн АНУ-ын домогт тэшүүрчин Эрик Хайден юм.

Й.Х.Клэбогийн олимпын нийт алтан медалийн тоо 12 болж, бүх цаг үеийн Өвлийн болон Зуны олимпын түүхэнд зөвхөн "хүн загас" Майкл Фелпсийн (23 алттай) ард бичигдэх боллоо.

Гүйлтийн цаныг "утгагүй" болгож, олигтой өрсөлдөгчгүй гэсэн "шошго" зүүх нэгэн байх ч Клэбо бол яах аргагүй домог болж буйг баримт, факт нотолж байна даа.

Гүйлтийн тэшүүрийн эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаанд Холландын Йоррит Бергсма хол тасархай барианд орж, Олимпын аварга боллоо.

40 настай " нисдэг холланд" эр 12 жилийн дараа Олимпын алтан медалийг дахин хүртлээ.

"Милан  Кортина " олимпыг дуусгаад зодог тайлна гэж мэдэгдсэн Бергсма ийнхүү сүүлчийн уралдаанаа ялалтаар өндөрлүүллээ. Йоррит Бергсма мөн тэшүүрийн төрөлд Олимпын алтан медалийг хамгийн ахмад настайдаа хүртсэн тэшүүрчин болов.

Өнөөдөр Верона хотын "Арена  ди Верона" амфитеатрт Өвлийн олимпын XXV наадмын хаалтын ёслолын ажиллагаа болно.

МЭ 30-аад он буюу бараг 2000 жилийн өмнө баригдсан энэхүү амфитеатр нь мэсчин боолуудын (гладиатор) тулаан, навмахий буюу усан дээрх тулааныг үзүүлдэг байсан бол эдүгээ хөгжмийн фестиваль, дуурийн концертийн гол төвийн нэг болжээ.

22 000 хүний суудалтай Arena di Verona амфитеатрт ийнхүү Өвлийн олимпын XXV наадмын "хөшиг" хаагдах цаг агшин, хормоор тоологдож эхэллээ.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна