UBLife Logo
Newsfeed

Чихмэлтэй Панч сармагчны түүх дэлхий даяар хүмүүсийн хайрыг татаж байна

Чихмэлтэй Панч сармагчны түүх дэлхий даяар хүмүүсийн хайрыг татаж байна

Япон макака буюу цасны сармагчин зүйлийн долоон сартай зулзага Панч 2025 оны долдугаар сарын хэт халууны үеэр мэндэлжээ. Төрөх үеийн хүндрэл, улмаар эх нь түүнээс татгалзах зэрэг нөхцөл байдал давхацсанаар тэр эхийн асаргаа, нийгэмших анхны “хичээл”-ээ ч авч чадалгүй үлдсэн байна.

Япон макака сармагчны бүлэг дотор тодорхой шатлал тогтсон байдаг. Зулзаганууд эхээсээ хэнийг хэн арчилж байгааг, хэнд ойртож болох, хэнд болгоомжлох, зөрчлийг хэрхэн намжаах, харилцааны дохио зэргийг ажиглан сурдаг. Эхийн дэмжлэггүй өссөн Панч 2026 оны нэгдүгээр сард Ичикава хотын амьтны хүрээлэнгийн “Monkey Mountain” хэмээх хэсэгт буцан очсон байна. Гэвч тэгэх үедээ бусад сармагчнууд руу дөхөх бүрдээ түлхүүлж, үл тоогдох явдалтай тулгарчээ. Нийгмийн ур чадварын суурь дутмаг байсан нь ийм бэрхшээл үүсгэсэн гэж асран хамгаалагчид тайлбарласан байна.

Түүний хайртай чихмэл тоглоом

Асран хамгаалагчид Панчид сэтгэлзүйн тогтвортой байдал өгөх зорилгоор торонд нь зөөлөн тоглоомыг өгчээ. Тэр тоглоомыг байнга тэвэрч, хаа явсан газраа авч явдаг болсон нь стресс бууруулах, өөрийгөө тайвшруулах зан үйлд дөхөж очсон үзэгдэл байв. Зөөлөн биетийг тэврэх, ойр байлгах нь хөхтөн амьтдын хувьд аюулгүй байдлын дохио болдог.

Энэхүү дүр зургийг тусгасан богино бичлэг, гэрэл зургууд цахим орчинд түгэхдээ олон сая хандалт авч эхлэв. “#HangInTherePunch” гэх хаштаг богино хугацаанд тренд болж, зураг, шог зураг, дэмжих сэтгэгдлүүд нь Инстагрма, X, Reddit зэрэг платформоор тархжээ.

Панчийн амьдралын дараагийн чухал мөч нь нас бие гүйцсэн макака Онсинг түүнийг өөртөө татан тэврэх агшин байв. Камерт буусан бичлэгт Онсинг Панчийн үсийг оролдож, ойр барьж байгаа нь харагдана. Приматуудын хувьд ийм харилцаа нь итгэлцэл тогтоох, стресс бууруулах, бүлгийн байр суурийг тогтворжуулах ач холбогдолтой зан үйл аж.

Асран хамгаалагчдын мэдээлснээр Панч аажмаар бүлгийн динамикт дасан зохицож эхэлсэн бөгөөд бүрэн хүлээн зөвшөөрөгдөхөд цаг шаардлагатай ч тогтвортой ахиц ажиглагдаж байв.

Гэвч удалгүй тэрээр нас биед хүрсэн өөр сармагчнуудад түлхүүлэн, ад үзэгдэж буй өөр нэгэн бичлэг тархаж хүмүүсийн зүрх сэтгэлийг шархлуулсан юм.

Тэрээр яаран буцан гүйж, тэр даруй чихмэл тоглоомоо тэврэн авч буйг эндээс харж болно.

Одоо дэлхий даяар бяцхан Панч сармагчны түүх цааш хэрхэн өрнөхийг харж сууна. Мөн интернэт даяар түүнтэй холбоотой хэдэн мянган пост, бичлэг түгэж байна. Та ч бас эдний нэгтэй таарсан биз ээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна