Монгол Улсын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ өдрүүдэд Япон улсын Маэбаши хотын Икуэй их сургуульд хамтарсан бэлтгэлд оролцож байна. Японы “Чөлөөт бөх” сэтгүүлийн газраас Монголын эмэгтэй багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатартай уулзан, ярилцжээ.
-Японд бэлтгэл хийхээр шийдсэн шалтгаан юу байв?
-Парисын олимпын наадамд манайхаас 4 тамирчин оролцсон боловч харамсалтай нь ялагдаад, медаль авч чадаагүй. Харин Японы баг үнэхээр сайн амжилт үзүүлсэн болохоор туршлага судлах бодолтой байна. Казүхито Сакай багшийн ачаар Японд бэлтгэл хийх боломж гарсанд их баяртай байгаа.

-Бэлтгэл ханаж байна уу?
-Үнэхээр сайхан, үр бүтээлтэй бэлтгэл хийж чадлаа. Японы бөхчүүд техникээс гадна бэлтгэлд хандах хандлага нь үнэхээр гайхамшигтай юм. Бүгд хамаг хүчээрээ хичээж, сайн бэлтгэл хийж байна.

-Японы багийг гүйцэхийн тулд ямар бэлтгэл хийх хэргэтэй гэж бодож байна вэ?
-Японы бэлтгэл, сургуулийн систем, бэлтгэлдээ үнэн сэтгэлээс хэрхэн ханддагийг сурч авах хэрэгтэй гэж бодож байна. Монголчууд сэтгэл зүйгээр дутуу гэж бодогдлоо.

-Монголын эмэгтэй баг 2010-аад оны үед 3 дэлхийн аваргатай болсон. 2010 онд С.Батцэцэг, 2014 онд С.Цэрэнчимэд, 2017 онд П.Орхон. Яагаад тэр үеэсээ хойш ухрав?
-Дэлхийд гарах бэлтгэл дутсан гэж бодож байна. Энд ирээд ганцхан долоо хоноход тамирчид маань бүгд ядарсан байна. Дэлхийд түрүүлэхэд хүч чадал, тэсвэр дутагдсан гэж боддог.

- Казүхито Сакай дасгалжуулагч ирснээр юу өөрчлөгдөв?
-Нэгдүгээр сарын тэмцээний үеэр ирж, тэмцээний дараа тамирчдад сургалт явуулсан. Маш хатуу, хүнд бэлтгэл байсан ч хэрэгтэй бэлтгэл байлаа гэж би үзсэн. Энэ бэлтгэлээ үргэлжлүүлэн хийгээд явахад багийн амжилт дээшлэх ёстой.
(Казүхито Сакай дасгалжуулагчийн хэлснээр бол тамирчид тэмцээний дараа удаан амрах бодолтой байсан бололтой. Гэвч Сакай багш тэгвэл миний энд ирсний хэрэг алга гээд бүгдийг нь бэлтгэлд хамруулсан гэнэ. Тэмцээн дууслаа гээд амрахаа түрүүнд тавьдаг занг болиулахаас ажил эхлэх болно гэж Сакай багш хэлсэн)
-Энэ жил Азийн АШТ, Азийн наадам, ДАШТ гээд үргэлжилнэ. Ямар зорилго тавьж байна вэ?
-Аль ч тэмцээнд амжилттай оролцох зорилго тавиад хичээх болно.

-Авах зорилготой медалийн тоог тодорхой хэлж болох уу?
-Тодорхой тоо гаргаагүй байгаа. Бүгд амжилттай барилддаг, дэлхийд өрсөлдөх баг бүрдүүлэх зорилготой.
-Эцсийн зорилго бол мэдээж 2028 оны олимп байх?
-Тиймээ, эмэгтэй бүх жинд эрхээ авч, олимпын аварга төрүүлэх нь бидний зорилго.

-Дахин Японд бэлтгэл хийх үү?
-Боломж байвал байн байн ирж баймаар байна. Ямар ч гэсэн ирэх зургаадугаар сард хамтарсан бэлтгэл төлөвлөсөн байгаа.
