Кино урлагийн хамгийн том шагналын эзэн тодрох дөхсөөр байна. 98 дахь удаагийн Оскарын шагналын ёслол түүхэнд үлдэх магадлал тун өндөр байгаа. Үүний тулд ёслолын хэд хэдэн том рекорд амжилтыг шинэчлэн тогтоох хэрэгтэй байгаа. Шагналын тоо, жүжигчний хувийн амжилт гээд олон түүхэн үйл явдал биднийг хүлээж байна.
Үнэмлэхүй амжилтыг эвдэж чадах уу?

Энэ жилийн Оскарын шагналын гол тулаан Пол Томас Андерсоны “One Battle After Another”, Райан Куглерын “Sinners” хоёрын дунд өрнөнө. Эхний кино 13 шагналд нэр дэвшээд байгаа бол “Sinners” 16 нэр дэвшилтээр Кино академийн рекордыг хэдийн эвдсэн. Харин одоо аль нь олон нэр дэвшилтээ шагнал болгон хувиргаж чадах вэ гэдэг асуудал гарч байна.
1959 онд “Ben-Hur”, 1997 онд “Titanic”, 2003 онд “The Lord of the Rings: The Return of the King” бүтээлүүд тус бүр 11 Оскар хүртэж байлаа. Дээрх хоёр кино энэ амжилтыг эвдэх магадлал хэр өндөр вэ? Шон Пенн, Бенисио дель Торо хоёр хоёулаа “Шилдэг туслах эрэгтэй жүжигчин”-д дэвшсэн тул “One Battle After Another” 12 төрөлд 13 шагналын төлөө өрсөлдөж байна. Бүх зүйл “Sinners”-ээс хамаарах бөгөөд бага ч гэсэн боломж бий.
Оскарын шагналт анхны хар арьст найруулагч?

Райан Куглер ёслолын түүхэнд нэр дэвшсэн 7 дахь хар арьст найруулагч болсон. Түүнээс өмнө 1992 онд Жон Синглтон (Boyz n the Hood), 2010 онд Ли Дэниелс (Precious), 2014 онд Стив Маккуин (12 Years a Slave), 2017 онд Барри Женкинс (Moonlight), 2018 онд Жордан Пил (Get Out), 2019 онд Спайк Ли (BlacKkKlansman) дэвшиж байсан ч ялж байсангүй. Харин одоо Куглерт түүхийг бүтээх боломж байна.
Эмэгтэй найруулагч хоёр дахиа түрүүлэх үү?

“Hamnet” киноны найруулагч Хлоя Чжао энэ жил нэр дэвшсэн цорын ганц эмэгтэй найруулагч. Хэрэв тэр ялбал Оскарын шагналыг 2 дахиа авсан анхны эмэгтэй найруулагч болно. Ташрамд дурдахад, Шилдэг найруулагчийн шагналыг урьд өмнө гурван эмэгтэй л хүртэж байжээ. Тэд бол 2010 оны Это Кэтрин Бигелоу (The Hurt Locker), 2021 оны Чжао (Nomadland), 2022 оны Жейн Кэмпион (The Power of the Dog) нар юм. Хлоя Чжаогийн хувьд магадлал тун бага ч боломж бий.
Жүжигчид рекордуудаа ахиулах уу?

Энд хэд хэдэн түүхэн амжилт биднийг хүлээж байгаа. “Hamnet”-ийн Жесси Бакли ялбал Оскарын анхны Шилдэг эмэгтэй жүжигчин болсон ирланд эмэгтэй жүжигчин болно. Түүнээс өмнө Ирландаас Оскар авсан эмэгтэй бол “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн Бренда Фрикер байлаа.
Эмма Стоун (Bugonia) Шилдэг эмэгтэй жүжигчин болбол энэ шагналыг гурван удаа хүртсэн 3 дахь эмэгтэй жүжигчин (өмнө нь Кэтрин Хепберн, Фрэнсис Макдорманд) болно. Эмма урьд нь “La La Land”, “Poor Things”-ээр түрүүлж байсан түүхтэй.
Ренате Рейнсве (Sentimental Value) ялбал шилдэг эмэгтэй жүжигчин болсон анхны норвеги жүжигчин болно. Хэрэв Тимоти Шаламе шилдэг эрэгтэй жүжигчин болбол энэ шагналыг хүртсэн хоёр дахь залуу жүжигчин болж, түүхэнд тэмдэглэгдэнэ. Тимоти 30 настай бол Эдриен Броуди 2003 онд “The Pianist” киногоор тэргүүлэхдээ 29 настай байжээ.
Вагнер Мора (The Secret Agent) түрүүлбэл Оскарын шагналт анхны бразил жүжигчин болох учиртай. Нигерийн жүжигчин эмэгтэй Унми Мосаку шилдэг туслах дүрийн шагнал авбал тус улсын анхны Оскарын шагналт болно. Стеллан Скарсгард (Sentimental Value) мөн Швед төдийгүй Хойд Европын анхны Оскарын шагналт эрэгтэй жүжигчин болохоор өрсөлдөж байна.
Шон Пенн (One Battle After Another) шилдэг туслах жүжигчин болбол 3 Оскарын шагналтай түүхэн дэх 3 дахь эрэгтэй жүжигчин (өмнө нь Дэниел Дэй-Льюис, Жек Николсон, Уолтер Бреннан) болж үлдэнэ. Эми Мэдиган (Weapons) анх 1986 онд Оскарт нэр дэвшиж байсан бөгөөд 40 жилийн дараа түрүүлэх хүсэлтэй хүлээн сууж байна.
“Шилдэг оператор” болсон анхны эмэгтэй гарах уу?

Эмэгтэй хүн түрүүлж үзээгүй нэг төрөл бол “Шилдэг оператор”. 2017 онд Рейчел Моррисон, 2021 онд Ари Вегнер, 2022 онд Мэнди Уокер гурав нэр дэвшиж байсан ч түрүүлж байгаагүй билээ. Энэ жилийн Отем Дьюралд Аркапо нь “Sinners” гэсэн маш хүчтэй киногоор оролцож байгаа тул магадлал маш өндөр байгааг дурдах хэрэгтэй.
Анхны шагналт хар арьст эмэгтэй - продюсер?

Хэрэв “Sinners” шилдэг киногоор шалгарах юм бол найруулагч Райан Куглерийн гэргий Зинзи Куглер анхны хар арьст Оскарын шагналт эмэгтэй продюсер болно. Энэ шагналд өмнө нь Опра Уинфри (Selma), Кимберли Стюард (Manchester by the Sea) өрсөлдөөд бараагүй юм.
Гадаад киноны амжилт

Есөн төрөлд нэр дэвшээд байгаа Йоахим Триерийн “Sentimental Value” Оскарын түүхэн дэх хамгийн олон шагналтай гадаад кино болох магадлал байна. Гэхдээ хэдэд нь түрүүлэх бол гэдэг сонирхолтой. Ямар ч гэсэн Өмнөд Солонгосын “Шимэгч” дөрвөн Оскарын шагналаар гадаад киногоо тэргүүлж байгаа. “Sentimental Value” Норвегийн ахны Оскарын шагналт уран сайхны кино болох магадлал маш өндөр.
