Алдарт BTS хамтлагийн 4 жилийн дараах эргэн ирэлт эдийн засгийн маш их нөлөө үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна. Тэдний эргэн ирэлт маргааш Сөүл хотод болох тоглолтоор эхлэх юм. Netflix платформ тоглолтыг дэлхийн 190 оронд шууд дамжуулан үзүүлнэ гэхээр шууд мөнгө үнэртээд эхлэж байгаа биз. Сөүл хотын захиргаа маргааш хотоо салют, гоо чимэглэлтэй урлагийн нэгэн цогц тайз болгон хувиргахаар төлөвлөж байна.

Энэ тоглолт Ази тив, бүс нутаг төдийгүй дэлхийн эдийн засагт ч эерэг нөлөө авчрах болно. Тиймээ, энэ бол BTSnomics. BTS-ийн тоглолтыг Тейлор Свифтын аялан тоглолттой харьцуулан үзэх хүн олон байна. Bloomberg-ийн мэдээлснээр аялал жуулчлалын зардал, зочид буудал, хоол унд, бэлэг дурсгал гээд BTS хамтлагийн 4 жилийн дараах эргэн ирэлтээр эргэлдэх мөнгө 177 сая ам.доллар (266,3 тэрбум вон) байх гэнэ.

Тейлор Свифтын аялан тоглолтын “Swiftnomics” 149 тоглолтоор 2,5 тэрбум ам.долларын орлогод хүрсэн бол “BTSnomics” бараг дутахгүй шинжтэй. “IBK Investment & Securities” компанийн шинжээчид BTS-ийн дэлхий тойрох тоглолтын нийт эдийн засгийн үр нөлөө нь 2,9 их наяд вонд хүрэх ажээ. Сөүлд хийх тоглолтын хугацааг зарласны дараа 48 цагийн дотор Сөүл явах захиалга 155 хувь нэмэгдэж, харин зургаадугаар сард хамтлагийг хүлээн авах Бусанд энэ тоо 2375% гэсэн итгэмээргүй хэмжээнд хүрчээ. Тоглолт болох Кванхвамун дүүргийн зочид буудал, хөлсний өрөөний үнэ тэнгэрт хадаж, нэг өдөр нь хэдэн сая вон болоод байна.
Тус хамтлагийн “ARIRANG” аялан тоглолт маргааш эхлээд нийт 23 орны 34 хотоор явагдана. 82 концерт хийх төлөвлөтгөөтэй байгаа.
