Жил бүрийн гуравдугаар сарын 20-нд Олон улсын аз жаргалын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан, Оксфордын их сургуулиас “The World Happiness Report” чансаагаа шинэчлэн гаргалаа.
Хойд Европын Финланд улс есөн жил дараалан “Дэлхийн хамгийн аз жаргалтай улс”-аар тодорлоо. Түүний араас Исланд, Дани, Швед, Норвеги гэсэн Скандинавын орнууд жагссан байна. Сүүлийн жилүүдэд өндөр орлоготой ахмад хүмүүс өөрсдийгөө аз жаргалтай гэж үзэж байгаа чиг хандлага дэлхийн аль ч оронд ажиглагдаж байгаа билээ. Судалгаанд оролцсон улс орнуудаас 29 улсад ард түмнийх нь 74 хувь өөрсдийгөө аз жаргалтай гэж үздэг хэмээн хариулсан байна. Индонезийн иргэдийн 86 хувь нь аз жаргалтай гэж хариулсан нь хамгийн өндөрт тооцогдож байгаа юм.

Монгол Улс дэлхийн аз жаргалын чансааны 75-д бичигдсэн байна. Манай хойд хөрш ОХУ 79, урд хөрш БНХАУ 65 дугаар байрт оржээ.
Монголын эдийн засаг өсөж байгаа ч нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ дундаж хэвээр. Нүүрс, зэс зэрэг байгалийн баялагт хэт тулгуурлаж байгаа, орлого тогтмол биш гэдэг үзүүлэлт доош нь татжээ. Нөгөө талаас монголчууд гэр бүлийн тун нягт харилцаатай, нэг нэгдээ хүнд үед тусалдаг гэдэг нь эерэг тал болжээ. Утаа, агаарын бохирдол хүмүүсийн дундаж наслалтад нөлөөлж байна. Амьдралын хэв маягтай холбоотой өвчин монголчуудын аз жаргалын хэмжээг бууруулдаг дүн гарсан байна. Авлига ихтэй, төрийн байгууллагуудад итгэх итгэл сул нь мөн чансаа буурах үзүүлэлт боллоо.
