“Modern Talking” хамтлагийн удирдагч асан, дуучин Дитер Болений Литвад хийх гэж байсан тоглолтыг цуцалжээ.
Болен 11 дүгээр сарын 20-нд Клайпеда, 21-нд Каунаст концерт хийхээр зарласан байсан ч тун удалгүй мэдээллийг устгасан байна.
Каунас хотын "Жальгирис-Арена"-гийн зохион байгуулагч Мантас Ведриккас “Бид хэлэлцээд ийм тоглолтыг манай ордонд зохион байгуулж болохгүй гэсэн шийдэлд хүрсэн” гэж сэтгүүлчдэд мэдээллээ. Албан ёсоор тоглолтыг цуцалсан шалтгааныг зарлаагүй ч дуучин Болен ОХУ-ын талаар ихэнхдээ магтаж ярьдаг нь Литвагийн удирдлагад таалагдсангүй.
Дитер Болен нэг ярилцлагадаа “ОХУ, Герман хоёр сайн харилцаатай байх ёстой. Энэ хоёр улс бол мөрөөдлийн хос гэсэн үг. Бид хямдхан байгалийн хий аваад сайхан үе байсан шүү. Эдийн засгийн хувьд үнэхээр харилцан ашигтай байлаа. Харин ёс суртахуун гээд энэ нөхөрлөлөөс татгалзсан” гэж хэлж байлаа. Мөн Оросын эсрэг тавьсан эдийн засгийн хоригийг шүүмжилж, “Украин Оросыг хэзээ ч ялахгүй” гэж мэдэгдэж байсан удаатай.
