Өнгөрсөн сард эхэлж олны анхаарлыг татаад байсан Facebook, Instagram, YouTube-тэй холбоотой шүүхийн маргаан эцэслэгдэж Meta, Google компанийг хүүхдийг сошиал медиад донтуулах "машин" зохион бүтээж, сэтгэцэд нь хохирол учруулсан хэмээн буруутайд тооцлоо. Энэ шийдвэр нь ижил төрлийн олон мянган зарга үүсээд буй АНУ-ын шүүхийн практикт маш том жишиг тогтоож байна.
Өдгөө 20 настай Кейли хэмээх эмэгтэй Meta болон Google-ийн эзэмшдэг платформуудыг хүүхдүүд хэт татагдахаар, донтуулам байдлаар зориуд бүтээж, улмаар түүний сэтгэцийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлсөн гэж шүүхэд хандсан юм. Ийнхүү түүний талд шийдвэр гарснаар нийт 6 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор тогтоосон байна. Үүний 3 сая нь шууд нөхөн төлбөр, үлдсэн 3 сая нь компанийн үйлдлийг “хортой, залилангийн шинжтэй” байсан гэж үзсэний үндсэн дээр оноосон шийтгэлийн шинжтэй төлбөр юм. Нийт нөхөн төлбөрийн 70 хувийг Meta, үлдсэн 30 хувийг Google хариуцахаар оноожээ.
Харин Meta болон Google аль аль нь шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, давж заалдахаа мэдэгдсэн. Meta “Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд бол маш ээдрээтэй асуудал бөгөөд үүнийг ганцхан аппликэйшнтэй холбон тайлбарлах боломжгүй” гэсэн бол Google-ийн хэвлэлийн төлөөлөгч YouTube-ийг “сошиал медиа бус, хариуцлагатайгаар бүтээгдсэн стрийминг платформ” хэмээн мэдэгджээ.
Кейли шүүхэд мэдүүлэг өгөхдөө Instagram-ийг 9 настайгаасаа, YouTube-ийг 6 настайгаасаа хэрэглэж эхэлсэн бөгөөд тухайн үед нас баталгаажуулах, эсвэл хүүхдийг платформоос хамгаалах бодитой шийдэл огт байгаагүй гэв. Улмаар гэр бүлийнхэнтэйгээ харилцахаа больж, бүх цагаа сошиал медиад өнгөрөөдөг болсон бөгөөд 10 настайгаасаа эхлэн түүнд түгшүүр, сэтгэл гутралын шинж тэмдгүүд илэрч эхэлсэн гэжээ. Хожим эдгээр нь албан ёсоор, эмнэлгийн дүгнэлтээр баталгаажсан байна.
Мөн өмгөөлөгчид нь Instagram-ийн тасралтгүй гүйлгэх боломжтой feed, анхаарал тасралтгүй татах бүтэц зэрэг нь санамсаргүй шийдэл биш, харин хэрэглэгчийг аль болох удаан байлгахын тулд зориуд бүтээсэн “донтуулах машин” гэж тайлбарлалаа. Тэдний үзэж байгаагаар Meta-ийн өсөлтийн стратеги нь залуу хэрэглэгчдийг платформ дээрээ эрт татан оруулж, аль болох удаан барихад чиглэж байжээ. Учир нь бага насандаа орсон хэрэглэгчид хожим ч платформоос салах нь бага байдаг гэв.

Шүүх хурлын үеэр Instagram-ийн тэргүүн Адам Моссеригаас Кейли нэг өдөрт 16 цаг Instagram хэрэглэсэн нь донтолтын шинж биш үү гэж асуухад тэр үүнийг “донтолт” бус харин “асуудалтай хэрэглээ” гэж тодорхойлсон байна. Гэвч хүүхдүүд сошиал медиад ингэтлээ удаан, өөрийгөө татаж авах боломжгүйгээр автаж байгаа нь систем өөрөө ямар логик бүтэц, дизайнаар бүтээгдсэн бэ гэдгийн илрэл гэж нэхэмжлэгч тал үзжээ.
Харин Марк Закерберг мэдүүлэг өгөхдөө Meta компанийн 13-аас доош насныхныг платформдоо нэвтрүүлэхгүй гэсэн бодлогыг онцлон өмгөөлөх гэж оролдсон. Гэлээ ч компанийн дотоод судалгаа, тайлангаар бага насны хүүхдүүд платформыг ашиглаж байсан бөгөөд тэд өөрсдөө ч үүнийг мэдэж байсан нь шүгэл үлээгчийн баримтаас илэрсэн юм.
Сошиал медиа ба хүүхдийн хэрэглээтэй холбоотой асуудал сүүлийн жилүүдэд онцгой анхаарал татаж, улс орнууд хуулийн зохицуулалт хийж эхэлсэн. Улмаар зөрчил, маргаан дээд цэгтээ хүрч хохирогчид ийнхүү хэдэн мянгаараа шүүхэд хандаад байгаа энэ цаг үед гарсан дээрх шийдвэр цаашдын олон хэрэгт жишиг болох төлөвтэй байна.
