Ардчилсан намаас “4:11 мэдээллийн цаг” хэвлэлийн хурал хийж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өглөө.
АН-ын дарга О.Цогтгэрэл “УИХ-ын чуулган хоёр дахь долоо хоногтоо хуралдсангүй. Ардчилсан намгүйгээр ирцээ бүрдүүлээд хуралдах бүрэн дүүрэн боломж байгаа. Хурлыг явуулахгүй байгаа нь бид биш, тэд. МАН ирцээ бүрдүүлээд чуулганы нэгдсэн хуралдааныг зохион байгуулах бүрэн боломжтой. Улс орноо засаглаж чадахгүй бол ард түмэндээ үнэнээ хэлэх хэрэгтэй. Бид чадахгүй юм байна гэдгээ хэл. Н.Учрал УИХ-ын даргаасаа өөрөө буухгүй бол бид огцруулах арга хэмжээ авна. Хууль хяналтынхныг удирддаг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, дэд сайдтайгаа мафийнхаа оролцогч болчихсон байна. Б.Энхбаяр маш яаралтайгаар ажлаа өгөөд шалгуулах ёстой” гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Д.Ганбат ““Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Говийн зам”, “Монголын хөрөнгийн бирж”, “Монголын төмөр зам” хувьцаат компанийн нүүрсний салбар дахь үйл ажиллагаа, оффтейк гэрээ, санхүүгийн урсгал, худалдан авалт болон төмөр зам барих үйл ажиллагааг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулна” гэдгийг мэдэгдлээ.
