Өчигдөр Унгарт болсон парламентын сонгуулиар сөрөг хүчин “Тиса” нам ялсан нь тодорхой боллоо. Саналын хуудасны 90 хувийг баталгаажуулсны дараах байдлаар “Тиса” нас парламентын 199 суудлын 138-ыг авч байгаа бол эрх баригч “Фидес” нам дөнгөж 54 суудлаар үнэмлэхүй ялагджээ. Барууны үзэлт “Манай эх орон” нам 7 мандат авах шинжтэй байна.
Ерөнхий сайд, “Фидес” намын тэргүүн Виктор Орбан ялагдлаа хүлээн зөвшөөрч, өрсөлдөгч Питер Мадьярт баяр хүргээд “Манай нам цаашдаа сөрөг хүчний хувиар Унгарын төлөө зүтгэнэ” гэдгээ хэллээ.
Харин “Тиса” намын тэргүүн Мадьяр Будапешт хотод болсон жагсаал дээр “Бид үүнийг хийж чадлаа. Тиса, Унгар хоёр энэ сонгуульд яллаа. Бид Унгарыг Орбаны дэглэмээс чөлөөлж чадлаа” гэж мэдэгдсэн юм.

Сонгуульд нийт 5 нам оролцсон ч өрсөлдөөн үнэндээ Унгарыг 16 жил захирч байгаа Орбаны “Фидес”, Петер Мадьярын “Тиса” намын хооронд өрнөсөн. Сонгуулийн ирц 74,23% байсан нь урьд өмнө үзэгдээгүй өндөр тоо байлаа. Албан ёсны дүн дөрөвдүгээр сарын 18-нд гарах болно.
Виктор Орбан сонгуулийн сурталчилгаагаа Украины дайнтай холбож, Европын холбоо Унгарыг дайнд татан оруулах гэж байна гэж сэргэмжилсэн сурталчилгаа гаргаж байлаа. Мөн украинчууд Унгарын эрчим хүчний системд халдлага үйлдэх гэж байна гэж анхааруулж байлаа. Орбан ОХУ-ын эсрэг шинэ хориг тавихыг эсэргүүцэж, Украинд үзүүлэх Европын холбооны тусламжийн эсрэг санал өгч, гацаагаад байлаа. Орбаныг дэмжихээр АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс ирсэн ч амжилт олсонгүй.

Харин сөрөг хүчний Петер Мадьяр Украины сэдвийг сөхөхгүй байхыг хичээж байв. Харин сонгуулийн өмнөх хэдэн долоо хоногт хэвлэл мэдээллээр Орбан, Сийярто нарыг ОХУ-тай холбоотой гэсэн нийтлэл маш их гарсан. Энэ нь амжилт олох тактик байсан байж мэдэх юм.
