Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко Монголд суух шинэ Бүрэн Эрхт Элчин сайдаа томиллоо. Шинэ сайдаар Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны даргаар ажиллаж байсан Михаил Орда томилогджээ. Орда 2020 онд Ерөнхийлөгч Лукашенкогийн сонгуулийн багийг ахлан ажиллаж байлаа.
Ордаг Монголд томилохдоо Ерөнхийлөгч Александр Лукашенко түүнийг алс тэртээ Монголд ажиллахаар болсонд нь гайхаж байгаа дүр үзүүллээ.

Тэрээр “Таныг Монголд ажиллахаар зөвшөөрсөнд би их гайхлаа. Гэвч надад таныг Монголыг сайн мэддэг, бараг монгол хүн гэж хэлсэн. Та ажилахад бэлэн, үр дүн гаргахад бэлэн байна. Бид Монголын удирдлагатай маш сайн харилцаатай. Тэндхийн Ерөнхийлөгч бол энгийн, сайн, ухаалаг хүн. Гэхдээ бид Монголтой ажиллаж эхлэх хэрэгтэй байна" гэж захисан байна.
