“The Devil Wears Prada 2” кино дэлхий даяар нээлтээ хийж, гол дүрийн жүжигчид тун завгүй явна. Өнөөдөр Хятадын Шанхайд Энн Хэтэуэй, Мэрил Стрип нар ирж, нээлтэд оролцсон ч тус кино Хятадад амжилт олохгүй байх магадлал өндөр болж эхэллээ.

Учир нь хэдэн өдрийн өмнө “20th Century Studios” Андреа Саксын шинэ туслах Цзинь Чао (Jin Chao) хэмээх туслах дүрийн тухай 38 секундын бичлэг гаргасан. Түүний дүрийг хятадууд өөрсдийг нь доромжилсон гэж үзэж байгаа юм. Нэгдүгээрт, Цзинь Чао хэмээх нэр нь эрэмдэг, зэрэмдэг, өмхий гэсэн үгтэй ижил сонсогдож байна гэж киноны багийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан гэжээ.
Энэ дүрийг хятад гаралтай америк жүжигчин Helen J. Shen бүтээсэн юм. Бичлэгийн доор үзэгчид “2026 он гарчихаад байхад аятайхан хятад нэр ч олж чадахгүй байна”, “Ази тэр дундаа хятадууд ийм байх ёстой гэж найруулагч нь шийджээ”, “Та нар манай Хятадад их орлого олж чадах байсан. Харин тэгэхийг хүссэнгүй. Хохь нь. Бид энэ киног үзэхгүй” гэх мэт сэтгэгдэл олон байлаа.
Туслах бүсгүйн нэрээс гадна Цзинь Чаогийн өмссөн хувцас, гадаад төрхөд хятад үзэгчид их дургүйцсэн байна. “Энэ хятад эмэгтэйд хэн ийм хөгийн даашинз өмсүүлэв”, “1970-аад оны загварыг одоо хятадуудад өмсүүлж байна”, “Цагаан арьснуудын дүрд хамгийн царайлгуудаа уриад хятад дүрд заавал тааруухан хүн урьж байна” гэх зэргээр шүүмжилж, үзэхгүй байхыг уриалсан байна.
“20th Century Studios” албан ёсоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
