Үзэхэд хэцүү, харахад таагүй, заримдаа аймшигтай кино бүтээдэг найруулагч Ларс фон Триер 70 насны тэгш ойгоо тэмдэглэж байна. Тэрээр хүн төрөлхтөнд Dogville, Melancholia, Antichrist гэсэн кинонууд бэлэглэсэн бөгөөд олон жилийн турш кино ертөнцийн гол эсэргүү нь байсаар ирсэн билээ. Түүний уран бүтээлийг олон жилийн дараа ч үзэн ядаж, бишрэн шүтэж, өөрийнх нь тухай дурссаар байдаг. Ингээд 70 насны ойг нь тохиолдуулан амьдралынх нь 7 сонирхолтой баримтыг хүргэж байна.

Фон хэргэм аваагүй
Түүний нэрэнд байгаа фон гэдэг нь язгууртнуудын нэрэнд байдаг зүйл ч найруулагч түүнийг эцэг эхээсээ өвлөн авсангүй. Тэр энэ хорвоод жирийн нэг Ларс Триер ирсэн ч нэг мэдэхэд фон хэргэмтэй болсон байлаа. Сургууль дээр нь түүнийг их зантай болохоор нь ФОН гэж хочилдог байсан гэсэн нэг таамаглал байгаа бол шүтээн найруулагч Жозеф фон Штернбергийг дуурайсан гэсэн таавар ч бий.

Триер (бараг) багшгүй
Триер өөрөө тэгж ярьдаг байлаа. Маш багаасаа кино сонирхож, 11 настайдаа анхны киногоо хийсэн гэхээр вундеркинд. Тун их саад сэрхшээлийг давж, ямар ч гэсэн кино сургуульд орж чадсан юм. Харин яг багштай байв уу, мэдэхгүй.
Хүүхдүүддээ киногоо үзүүлдэггүй
1987 онд Ларс фон Триер анх удаагаа гэрлээд Агнес, Сельма гэсэн хоёр охинтой болсон. Гэвч 1995 онд салж, хоёр жилийн дараа дахин гэрлэлээ. Энэ удаад тэр Людвиг, Беньямин гэсэн ихэр хөвгүүдтэй болсон. Тэдэнтэйгээ ямар харилцаатайг мэдэхгүй ч өөрийнхөө киног үзэхийг хориглосон. 50 нас хүрэхээр нь үзэхийг зөвшөөрнө гэж хэлж байв. Киноны агуулгыг нь бодоод үзэхэд аргагүй л шийдвэр байна.
Бүх шашинд ороод эцэст нь шашингүй болсон
Түүний бүх уран бүтээлд бурхан, шашны сэдэв гардаг. Кинондоо хийсэн хайлт нь жинхэнэ бодит амьдралд нь ч тохиолдсон юм. Триер эхлээд католик, удалгүй протестант болж, дараа нь иудаизмд ороод, нэг хэсэг Үнэн алдартны шашинд итгэж байсан гэдэг. Эцсийн эцэст Бурханд итгэдэггүй гэдгээ ойлгоод шашингүй үзэлтэн болсон. Хүмүүст миний шашин бол кино гэж хэлдэг.
Агуу Тарковскиг шүтдэг
Тэрээр Андрей Тарковскиг агуу хэмээн хүндэлдэг. Тарковскийн “Толь” киног 20 гаруй удаа үзсэн гэдэг. 2012 онд Ларс түүний архивыг “Sotheby’s” дээр худалдан авах гэж оролдсон ч чадаагүй юм. Триер өөрийгөө шашингүй гэж хэлснээ нэг удаа “Тарковский миний бурхан” гэсэн удаатай.

Стресс, депресс, айдас
Триер лекц уншихдаа сэтгэл зүйн асуудалтайгаа нуухгүй хэлдэг. Тэр депресс туулж, архидалт, айдас эмгэгтэйгээ тэмцэж, ипохондрия, паранойгоор зовж, есөн шидийн фоби, эмгэгтэй байлаа. Онгоцонд сууж чаддаггүй, өндрөөс айх гээд л түүний амьдрал тун хачирхалтай.
Хэрүүл, маргаан
Ларсын намтрыг бичихэд дандаа маргаанаас бүрдэнэ. Канны кино наадмын үеэр “Гитлерийг сайн ойлгодог” гэж хэлээд 7 жил тус наадамд оролцох эрхгүй болсон. Гэхдээ тэр тоогоогүй. “Би Канны кино наадмаас хориг авснаараа бахархдаг. Надад яг тохирсон шийтгэл. Канны түүхэнд анх удаа тохиолдсон явдал” гэж хэлж байлаа.
