UBLife Logo
Дэлхий

АНУ, Ираны эвлэрэх найдлага багассаар

АНУ, Ираны эвлэрэх найдлага багассаар

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны талын тавьсан гал зогсоох болзлыг хүлээж авсангүй. Тэрээр “Надад огт таалагдсангүй. Хүлээн авах ямар ч боломжгүй” гэж Truth Social сүлжээндээ бичсэн байлаа.

АНУ-аас Иранд яг ямар санал тавьсан, Иран хариуд нь ямар болзол хэлснийг тодорхой дурдсангүй. Бүс нутагт үе үе харилцан цохилт өгч байгаа ч гал түр зогсоох журам ерөнхийдөө мөрдөгдөж байгаа. Иран Ормузын хоолойг хаасан хэвээр, дэлхий дахинд нефтийн үнэ өссөн янзаараа л байна.

Axios-ийн мэдээлснээр талууд эхлээд Ормузын хоолойг нээх талаар тохиролцож, гал зогсоогоод дараа нь Ираны цөмийн хөтөлбөрийн талаар ярилцаж эхлэх учиртай байжээ. Вашингтоноос Иранд уран баяжуулахаа зогсоовол эдийн засгийн хоригоо цуцалж, Баруунд царцаагаад байгаа олон тэрбум ам.долларын хөрөнгийг нь буцаан олгоно гэсэн санал тавьсан байна.

Харин Ираны тал сөрөг 14 болзол тавьснаа зуучлагч Пакистаны талд танилцуулсан байна. Тодорхой зүйл гараагүй байгаа ч Иран фронтын бүх шугам дээр гал зогсоох, Ормузын хоолойн талаар тохиролцох, үүний дараа цөмийн хөтөлбөр хэлэлцэх саналтай байгаа. Гэхдээ Ойрх Дорнодод Израилын Ливаны “Хезболла” бүлэглэлийн эсрэг хийж байгаа дайныг бас зогсоох болзолтой байгаа ажээ.

Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан Ням гарагт “Бид хэзээ ч дайсны өмнө толгой гудайлгахгүй. Гэрээ хэлэлцээр, яриа бол бууж өгч, ухарлаа гэсэн үг биш” гэж мэдэгдсэн юм. Хариуд нь Трамп “Ираны тал хэлэлцээр хийхгүй бол бөмбөгдөлт эхлэх болно. Харамсалтай нь урьд өмнөхөөс хамаагүй хүчтэй байх болно шүү” гэж сүрдүүлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...