UBLife Logo
Дэлхий

Трампыг гайхшируулахаар бэлтгэсэн Хятадын түүх, соёлын дурсгалт газрууд

Трампыг гайхшируулахаар бэлтгэсэн Хятадын түүх, соёлын дурсгалт газрууд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д төрийн айлчлал хийж байна. Хятадын засгийн газраас түүнийг ёслол төгөлдөр хүлээн авч, найрсаг гэрийн эзний ёсоор улс орныхоо хамгийн үзэсгэлэнтэй, сайхан газруудыг үзүүлж сонирхууллаа. Хэлэлцээрийн дараа Трамп “Хятад сайхан орон” гэсэн нь үзсэн харсан нь түүнд таалагдсаныг гэрчилж байлаа. Өчигдөр хоёр тэргүүн дагалдан явагчдын хамт гурван газраар зочилсон.

Ардын Их Хурлын ордон

Тяньаньмэний талбайн баруун талд байрлах энэ ордонд БХАТИХ-ын жил тутмын чуулган, Байнгын хорооны хурал, төр, засгийн дээд хэмжээний хүлээн авалт, гадаадын удирдагчдын уулзалтууд болдог. 1959 онд нээгдсэн Ардын Их Хурлын ордон нь БНХАУ-ын үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойгоор баригдсан 10 агуу барилгын нэг юм. Дотроо зуу гаруй том танхим, оффистой. Тос танхим нь 10 мянган хүний багтаамжтай бол хүлээн авалтын танхим нэг дор 5 мянган зочин хүлээн авах хүчин чадалтай.  

Тэнгэрийн сүм

Дээд хэмжээний уулзалтын дараа хоёр удирдагч Тэнгэрийн сүм үзэж сонирхсон. 600 жилий настай энэ цогцолборыг Дональд Трамп “Агуу цогцолбор” гэж нэрлэсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч нараас өмнө нь энд 1975 онд Жеральд Форд л ирж байжээ. Цогцолбор нийт 92 барилгатай, цэцэрлэг, ой модтой бөгөөд Тэнгэр, газрын холбоог бэлгэдсэн утгатай. Мин, Чин улсын хаад энэ сүмд өргөл барьж, арвин ургац хүсэн мөргөдөг байв.

Хүндэтгэлийн зоог

Айлчлалын эхний өдөр Ардын Их Хурлын ордны хүндэтгэлийн танхимд тансаг хүлээн авалт болсон. Зочдын дунд “Space X”-ийн тэргүүн Илон Маск, “Apple”-ийн Ерөнхий захирал Тим Кук, АНУ-ын БХЯ-ны сайд Пит Хегсет болон Эрика, Лара Трамп, Илон Маскийн X Æ A-12 нэртэй хүү байлаа. Хүлээн авалтын цэсэд алдарт бээжин нугас, томаттай шөл багтсан байна. Десерт болгон далайн хясааны дүрстэй пирожки гаргажээ.

Чжуннаньхай

Айлчлалын хоёр дахь өдөр Ши Жиньпин, Дональд Трамп нар Бээжин хотын төвд орших Хааны ордны Чжуннаньхай цэцэрлэгт хамт зураг авхууллаа. Чжуннаньхай бол Төр засгийн удирдагчдын байрладаг хаалттай бүс юм. Цогцолборын орох хаалганы дээд талд “БНХАУ-ын агуу Коммунист нам мандтугай” гэсэн бичигтэй. Хятадын засгийн газраас онц хүндтэй зочноо л энд урьдаг байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...