АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын БНХАУ-д хийж байгаа айлчлал үргэлжилж байна. Өчигдөр хоёр талын үндсэн хэлэлцээ үргэлжилсэн. БНХАУ-аас хэлэлцээрт гол анхаарлаа хандуулж байгаа нь Тайванийн асуудал байлаа. АНУ Тайваньд энэ жил их хэмжээний зэр зэвсэг нийлүүлэхээр болоод байгаа юм.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин “БНХАУ, АНУ-ын харилцааны маш чухал асуудал бол Тайванийн асуудал. Энэ асуудалд зөв хандвал хоёр улсын харилцаа тогтвортой байх болно. Харин буруу хандвал манай хоёр улсын хооронд зөрчил гарч, харилцааг маш аюултай байдалд хүргэх юм. Тайванийн тусгаар тогтнол гэдэг ойлголт бол Тайванийн хоолойд энх тайван байхтай зарчмын хувьд зөрчилдөх зүйл юм. Харин энэ хоолойд энх тайван байх нь манай хоёр улсын харилцааны хамгийн том цэг билээ. АНУ, БНХАУ хоёр өрсөлдөгч биш түншүүд байх ёстой. АНУ Тайваньд зэвсэг нийлүүлэхээ зогсоох, эсвэл хойшлуулах хэрэгтэй” гэж хэллээ.

Хэлэлцээрийн дараа Дональд Трамп АНУ, Хятад улсуудыг агуу ирээдүй хүлээж байна гээд Ши Жиньпинийг “Агуу удирдагч”, Хятад улсыг “Үзэсгэлэнтэй сайхан орон” гэж нэрлэсэн ч Тайванийн талаар сэтгүүлчдэд үг цухуйлгасангүй.

АНУ-ын Санхүүгийн сайд Скотт Бессент “Хоёр улсын дээд хэмжээний уулзалт Тайванийг ярихгүйгээр өнгөрөхгүй нь ойлгомжтой байсан. Ерөнхийлөгч удахгүй энэ талаар үг хэлэх болно. Тэрээр энэ асуудлын нарийн ширийн бүхнийг маш сайн ойлгож байгаа. Энэ бүс нутагт энх тайван, тогтвортой байдал чухал гэдгийг БНХАУ ч, АНУ ч мэднэ” гэж ярьсан байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд болсон хэлэлцээрээр Ши Жиньпин АНУ-ын компаниудад Хятадын зах зээл дээр илүү том боломж нээгдэх болно гэж хэлжээ.
Цагаан Ордноос хоёр тэргүүн Иран цөмийн зэвсэгтэй байж болохгүй, Ормузын хоолой нээлттэй байх ёстой гэдэг дээр санал нэгдсэн гэж мэдэгдсэн байна.
