Өнгөрсөн амралтын өдрүүдэд холимог тулааны ертөнцөд тун сонирхолтой үйл явдлууд дараалан боллоо. Юуны өмнө холимог тулааны хамгийн том холбоо болох UFC Лас Вегаст “UFC Fight Night 276” тэмцээн зохион байгууллаа. Харин зэрэгцээд Жейк Полын “Most Valuable Promotions” лигийн анхны тэмцээн Лос Анжелест явагдсан. Тэрээр Ронда Роузи, Жина Карано, Нейт Диаз, Майк Перри, Фрэнсис Нганну нарын хуучны алдартнуудыг урьж, тэмцээн Нэтфликсээр дэлхий дахинд цацагдсан. Хэр тэмцээн болсон, UFC-тэй өрсөлдөж чадсан эсэхийг орхиод хэлэхэд Дана Уайт нэгэн шинэ мэдээлэл Нганнугийн Филипе Линстэй тулаан хийж байх үед цацсан. Өөрөөр хэлбэл тулаан сонирхогчдын анхаарлыг шинэ тэмцээнээс холдуулах арга байлаа гэж хүмүүс дүгнэсэн.
Конор Макгрегор ирэх долоодугаар сарын 11-нд “UFC 329” тэмцээнд Макс Холлоуэйтэй тулалдах болжээ.

Конор бүтэн таван жил тулаан хийгээгүй. Сүүлийн тулаан нь 2021 оны долоодугаар сард болж, Дастин Порьед ялагдахдаа хөлөө хугалаад эмнэлэг явсан билээ. Нөхөн сэргэлт удаан явагдаж, энэ хооронд Конор байнга дахин тулалдана, аваргын бүсээ эргүүлэн авна гэж мэдэгдсээр байлаа. Гэхдээ тэр дан нөхөн сэргээлт хийгээд байсангүй, үргэлжийн мөнх хүлээн авалт зохион байгуулж, архи дарс, далбаат завь, шөнийн клуб зэрэг цэнгээнээс гадна шүүх хурал дамжин гүйсээр байсан юм. Энэ хооронд бэлтгэл хийнэ гэж байхгүй нь ойлгомжтой.

2023 оны “The Ultimate Fighter” шоунд Конор Майкл Чендлер хоёр баг удирдан өрсөлдөж, шоуны төгсгөлд халз тулалдах ёстой байлаа. Гэвч шоу дууслаа, халз тулаан болсонгүй. Конортой тулалдаж мөнгө хийх гэж хүссэн Майкл хоёр жил хүлээгээд Конор ирэхгүй нь гээд цөхөрсөн түүхтэй.
Энэ зун Цагаан Ордонд болох Трампын UFC тэмцээнд холбооноос гол одоо урих нь гарцаагүй гэгдэж байсан ч Дана түүнийг урьсангүй. Конор Трамптай найзын харилцаатай ч Дана Уайт түүнийг өөр тэмцээнд оруулахаар нөөж байжээ. Конорын оролцох “UFC 329” тэмцээн Цагаан Ордны тэмцээнээс илүү үзэгчтэй байх магадлал бий.
Конора UFC-д эргэн ирэх нь юуны өмнө холбоонд маш ашигтай. Хэввэл мэдээлэл, үзэгчдийн сонирхол гээд энэ бол холимог тулаанд агуу үйл явдал. Тасалбар зарагдах нь ойлгомжтой, дэлгэцээр хэдэн сая хүн үзэх нь тодорхой. Харин асуудал Конор хэр бэлтгэж байна вэ гэдэг л байна.

Хэдэн саяын төлөө гүзээтэй эрхэм гарч ирээд хурдан ялагдчихаад яваад өгвөл түүний холимог тулаан дахь замнал бүр мөсөн төгсөнө. Түүний техник, цохилтыг бие махбодь нь зөнгөөрөө санаж байж болох ч Конор зүгээр нэг бэлтгэл хийх гээгүй дээд хэмжээний тулаанд орох гэж байгаа билээ. Сүүлийн бичлэгээс үзэхэд Конор удаан болж, амьсгааддаг болсон нь харагдсан. Харин өрсөлдөгч Холлоуэй байнгын бэлтгэлтэй, тэмцээнд оролцсон хэвээр байгаа. Конорын ачаар их мөнгөө халааслах болохоор гээд Макс өрөвддөггүй л юм бол тулаан хүнд цохилтоор дуусна. Тулаан хагас дунд жинд явагдана. Макс энэ жинд нэг ч гарч үзээгүй болохоор энэ л Конорын ганц давуу тал байх болно.
